Categories
мэдээ цаг-үе

“Тохой өндөр” яваа офицерууд

Нэг ангийнхан булангийнхаа хаврын эхний дугаарт Цэргийн их сургуулийн анхны төгсөгчдийг урилаа. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжин орсон тэр цаг үеэс Цэргийн нэгдсэн дээд сургууль статусаа өөрчилж, их сургууль болсон юм. Цэргийн их сургууль 1992 оноос анхны элсэлтээ авч эхлэхэд Монгол орны өнцөг булан бүрээс шижигнэсэн залуус ирж суралцаж байжээ. Тэдний нэг бол Б.Дэнзэнболд захирагчтай Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхэн юм. Цэргийн сургууль хосолмол мэргэжилтэй байдаг. Тэгвэл энэ курсийнхэн жинхэнэ цэргийн даргаар төгссөнөөрөө онцлогтой ажээ. Тэднээс хойш тус сургууль дахин ийм мэргэжлээр элсэлт аваагүй юм билээ.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсэд анх 33 хүүхэд элсэж байсан бол явцын дунд шигшигдсээр 22-уулаа төгссөн байна. Одоо эдний ангийнхнаас нийгэмд нэр хүндтэй алба хашиж яваа олон хүн бий. Бригадын генерал нэг, хурандаа тав, дэд хурандаа дөрөв, хошууч нэг төржээ. Жишээлбэл, Жанжин штабын газрын дарга байсан бригадын генерал Л.Онцгойбаяр байна. Тэрбээр одоо ОХУ-д Жанжин штабын академид суралцаж байгаа гэнэ. Хурандаа Н.Сүхбаатар ЗХ-ний 016 дугаар ангид бригадын штабын дарга, хурандаа Д.Чинзориг Нийслэлийн аврах ангийн захирагч, хурандаа Д.Эрдэнэбат АНУ-д цэргийн академид суралцаж байгаа аж. Хурандаа Б.Товуудорж Төрийн тусгай хамгаалалтын газрын авто баазын дарга, хурандаа В.Нямханд ТЕГ-т ажиллаж байна. Дэд хурандаа Ц.Мөнхтүвшин Төрийн тусгай хамгаалалтын газрын харуулын албанд ээлжийн дарга, дэд хурандаа Н.Батсүх ХСИС-ийн ахлагчийн сургуульд ДШАЗБ дарга, дэд хурандаа Д.Болд ЗХ-ний 123 дугаар ангид дайчилгааны удирдлагын тасгийн дарга, Х.Мөнхтулга “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын аюулгүй байдлын ажилтан, Ж.Эрдэнэбилэг Монгол цэргийн музейн аюулгүй албанд тус тус ажиллаж байна. Мөн хувийн бизнест хүчээ сорьж байгаа хүн ч цөөнгүй гэнэ. С.Зоригоо “Эрдмийн шинэ өргөө” гээд зөөврийн сууц, анги байгууламж барьдаг компанид гүйцэтгэх захирал, С.Алдархишиг “Монголиан Экспедишн” компанийн захирал, Уулын холбооны дэд ерөнхийлөгчөөр ажилладаг байна. Бас орон нутаг дахь цэргийн байгууллагуудад ч тархан ажиллаж байгаа аж.

Энэ ангийнхан спортын таван мастертай, волейболын спортын олон улсын хэмжээний нэг мастертай юм билээ. Тухайлбал, Волейболын олон улсын хэмжээний мастер Х.Мөнхтулга байна. Тэгвэл Э.Бямбажав, Д.Чинзориг, Я.Нэргүй, С.Зоригоо нар спортын мастер цолтой ажээ. Тэд байнга улсын уралдаан тэмцээнд орж, эхний нэг, хоёрдугаар байрыг аван сургуулийнхаа нэрийг гаргадаг залуус байжээ.

Цэрэг хүний амьдрал, эр зориг, авхаалж самбаа, тэвчээр хатуужил энэ бүгдэд сонсогч байх дөрвөн жилийн хугацаанд суралцаж чадсан нь мундаг багш нарынх нь гавьяа хэмээн өдгөө тэд дурсан ярьцгааж байлаа. Андын сайхан нөхөрлөл эхэлсний 25 жилийн ойтойгоо золгож буй офицерууд маань саяхан уулзацгаах үед тэдний оюутан цагийн хөөр баяртай гэгээн дурсамжуудаас хуваалцсан юм.

Тэнхимийн эрхлэгч М.Борбаатар хурандаа гэж мундаг хүн байсан тухай тэд бүгд санал нэгтэй онцолж байлаа. Учир нь энэ хүн тэднийг “Бусдаас тохой өндөр байна шүү” гээд гараа өргөж ирээд л байнга захиж, сургадаг байжээ. Тэр хэрээр илүү их дасгал сургууль хийлгэдэг байсан гэнэ. Үүний муу гэж байгаагүйд төгсөгчид ам нэгтэй байв. Өнөөдөр тэд үнэхээр бусдаас тохой өндөр байж, салбар салбартаа амжилттай ажиллаж байгаагаараа ялгарч чадсан нь түүний гавьяа хэмээн талархаж байлаа. Мөн энэ курсийнхэн сургуулийн захирал хурандаа Я.Мягмарсүрэн, сургуулийн штабын дарга, хурандаа С.Баттулга, курсийн захирагч ахлах дэслэгч Б.Дэнзэнболд, тактикийн багш П.Довдандаш, Н.Лхагвасүрэн, танкийн багш Ч.Баярсайхан, галын бэлтгэлийн багш Жамсранжав, биеийн тамирын багш А.Эрдэнэбат, таэквондогийн багш Ч.Батсайхан, цэргийн байр зүйн багш С.Бэхтулга, холбооны багш А.Энхтөр гээд цэргийн амьдралыг зааж, сургасан гайхалтай эрхмүүдээрээ байнга бахархаж явдгаа яриандаа тодотгож байлаа.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхны бас нэг онцлог бол зэвсэгт хүчинд байдаг бүх зэвсгийг эзэмшиж сурсан байна. Тухайн үед Ази, Номхон далайн атташе нар манай улсад айлчлахад нь тэд ардын армийн зэвсэгт техникийн байлдааны буудлага хийж үзүүлж, гадныханд харин ч нэг монгол цэргүүдийн ур чадвар ийм байдаг гэдгийг харуулж, гайхшруулаад авчээ. Мэргэжлийн ур чадвар, спорт, биеийн тамираараа бусдаасаа тохой илүү энэ ангийнхан сургуульдаа нэлээд нэр хүндтэй байсан нь ярианаас нь тод харагдаж байлаа. Мөн бригадын генерал Л.Онцгойбаяр, хурандаа Д.Чинзориг, дэд хурандаа Б.Чинзориг, хурандаа Б.Товуудорж, хурандаа В.Нямханд гээд онцын эзэд энэ ангиас олон төгсчээ. 1992 оноос хойш нөхөрлөж байгаа тэдний авууштай тал нь хэзээ ч нэгнийгээ орхидоггүй, байнгын холбоотой байж, ажил дээр ч, амьдрал дээр ч бие биеэ өргөж, дэмжиж явдаг гэдэг нь ажиглагдаж байлаа. Энэ бол жинхэнэ офицер хүний мөн чанар гэлтэй.

Өнөөдөр нийгэмд нэр төртэй, хариуцлагатай алба хашиж яваа эдгээр эрхмүүд оюутан ахуй цагийнхаа тухай хөөрөлдөн суухдаа яг тэр он цагтаа оччихсон юм шиг бүх үйл явдлуудаа тод гэгч нь санан дурсаж байлаа. Нэгэндээ тохиолдсон хөгтэй явдлуудыг нь сануулж, уулзалтад ирж амжаагүй нөхдөө ихэд санагалзаж байв. Жишээлбэл, В.Нямханд нөхрийнхөө тухай нэг хөгжилтэй явдлыг курсийнхээ супер онигоо хэмээн онцолж байлаа. Нэгдүгээр курсийнхэн бүгд шинэ цэргүүд болохоор дээд цолтой хүмүүстээ байнга ёсолж, хүндэтгэх учиртай. Нэг удаа В.Нямхандыг штаб руу юм авчруулахаар гүйлгэж гэнэ л дээ. Тэгтэл ширээн дээр сандал тавиад гэрлийн чийдэн сольж байгаа хэн нэгэнтэй таарчээ. Мань эр хажуугаар нь гүйгээд гарах гэтэл ширээн дээр зогсож байсан хүн “Шинэ цэрэг ингээд гүйгээд явчихдаг юм уу” гэж дуугарсан байна. В.Нямханд ч тэр дороо нам зогсч өнөөх дуудсан хүнийхээ өмнө очоод “Нөхөр” гээд ёслох гэтэл мөрдэс нь харагддаггүй гэнэ. Ширээн дээр сандал тавиад зогсож байгаа хүний мөрөн дээрх цол яаж ч харагдах билээ. Ингээд В.Нямханд “Нөхөр сонсогчийн амрыг эрье” гэтэл нөгөөх хүн “Сонсогч байна уу” гээд гэрлийн шилээ солингоо хэлж гэнэ. Тэгэнгүүт шинэ цэрэг маань ахлагч, хошууч гээд дээшээ ахиулаад явж өгчээ. Гэвч цолыг нь оноож хэлж чадсангүй гэнэ. Дотроо “Хурандаа юм болов уу” гэж бодсоноо “Арай ч хурандаа хүн гэрлийн шил солихгүй дээ” гэж бодоод буцаагаад уруудуулаад хэлж гарчээ. Энэ үед гэрлийн шил сольсон хүн буугаад иртэл ахлах ахлагч цолтой хүн байсан аж. Мань эр тэр цолыг хараад ч хэлж мэдэхгүй баахан будилжээ. Тухайн үед дөнгөж цолны тухай зааж байсан болохоор шинэ цэрэг бүрэн мэдэж амжаагүй байсан бололтой юм. Мөн хичээл дээр нэг нөхөр нь унтаад, хурхирч байгааг багш мэдчихжээ. Тэгээд “Наадахаа сэрээ” гэтэл хажууд нь сууж байсан цэрэг нудартал “Би ахлагч Мягмарбаатар” гээд босоод ирж гэнэ. Дэргэдээс нь нэг нөхөр нь “Дөрвөлжин” гээд шивэгнэтэл унтаад сэрсэн нөхөр чангаар дагаад хэлчихэж л дээ. Энэ үед анги дүүрэн инээд болж байсан тухай тэд хөгжилдөн ярилаа.

Уулзалтын үеэр эдний ангийн Л.Батжаргал нь цэрэг байх үеийн сонин содон зурагнууд гарган ирж, уур амьсгалыг улам халуун дулаан болгов. Одоо тэрбээр “Дүүрэн фүүд” компанийн захирал бөгөөд багаасаа гэрэл зураг авах хоббитой байжээ. Ямар сайндаа цэрэг байхдаа шөнө нь хотын нэг захаас нөгөө зах дахь гэр рүүгээ гүйж очоод зургаа угаагаад өглөө нь жагсаалдаа бэлэн зогсч байдаг байжээ. Түүний архивт маш олон зураг байна лээ. Энэ нь ч олон хүний сэтгэлийг гижигдээд авах шиг болно лээ. Тэр үеийн сургуулийнхан бусад сургуультай шефэлдэг байсан. Эдний ангиас Н.Батсүх, Д.Дамбийням нар шефээс эхнэрээ сонгож, өнөр өтгөн сайхан гэр бүл болжээ.

Ер нь цэргийн хүн болохын тулд хамгийн түрүүнд хатуужилтай болох ёстой. Тиймээс цэргийн тангаргаа өргөхөөс өмнө эхлээд казармд бүтэн сар тэсвэр тэвчээрийн хязгаарыг давах ёстой. Аав, ээжийнхээ гар дээрээс цэргийн амьдралд ирсэн жаалууд их л тэсвэр алдарч, замаасаа буцаж байсан хүн цөөнгүй нь мэдээж. Харин эдний ангийнхан босоогоороо унтан байж тэр бэрх давааг даван туулж чадсан байна. Тасралтгүй бэлтгэл сургууль хийх үед ердөө тавхан минутын завсарлага өгнө. Энэ хугацаанд гутал, хувцсаа тайлаад буцаад өмсөх хооронд бараг гурав, дөрвөн минут нь явдаг байна. Үлдсэн нэг минутад нь дуг хийх тэр агшинд хамаг бие нь хачин сайхан амарсан мэт болдог байсан тухай тэд дурсаж байв. Ингэж тэднийг үүрэг гүйцэтгэх чадавхи, сэтгэл зүйн бэлтгэлтэй болгосноор залуу хойч үеэ бэлдэхэд сургаж байсан нь багш нарынх нь гавьяа гэлээ. Тухайлбал, курсийн дарга ахлах дэслэгч Б.Дэнзэнболд өнөө жил тэтгэвэрт сууж байгаа бөгөөд зэвсэгт хүчний анхны супер офицер болж байсан байна. Тэрбээр хатуу чанга удирдлагын хүн бөгөөд 18-хан настай хүүхдүүдийг аваад өөр шигээ болгох гэж үлгэрлэж байсан нь тэдний амьдралд том хөрөнгө оруулалт болсон хэмээн талархаж явдгаа илэрхийлж байв. Курсийн захирагч Б.Дэнзэнболд одоо байнга тэдэнтэй холбоотой ажилладаг бөгөөд ангийнхны эргэх холбоог улам сайжруулахад нөлөөлжээ.

Ерөнхий цэргийн команд-Штабын офицер мэргэжлийн курсийнхэн жил бүрийн зэвсэгт хүчний баяраар уулзацгаадаг байна. Нэг салбарынхан зонхилдог болоод ч тэр үү ажил, амьдралаа төлөвлөн ярилцацгаадаг ажээ. Энэ удаагийн уулзалтыг Нийслэлийн аврах тусгай ангийн дарга хурандаа Д.Чинзориг удирдан зохион байгуулах бөгөөд тус анги дээр цугларахаар болзов.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *