БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тов гарчээ. Тодруулбал, энэ сарын 6, 7, 9-ний өдрүүдэд бүртгэх аж. Шалгалтад бүртгүүлэхдээ бүртгэлийн маягт, иргэний үнэмлэх хуулбарын хамт, 3,5×4,5 см хэмжээтэй хоёр хувь цээж зураг, (сүүлийн зургаан сарын дотор авахуулсан байх) шалгалтын хураамж төлсөн баримт гэх материалуудыг авчрах гэнэ. Шалгалтын хураамж 24 ам.доллартай тэнцэх төгрөг байна. Хураамжийг Төрийн банкны 102100514449 тоот дансанд тушаах юм байна. Ингэхдээ зөвхөн бүртгэлийн өдрүүдээр буюу энэ сарын 6, 7, 9-ний өдрүүдэд тушаах ёстой. Хэрэв бүртгүүлэгч зайлшгүй шалтгаанаар бүртгэлээ цуцлах бол зөвхөн бүртгэлийн хугацаанд буюу энэ сарын 06-09-ний өдрүүдэд шалгалтын хураамжийг буцаан олгох ба бүртгэлийн дараа хураамж буцаан олгохгүй. Шалгалтад 1977 оны гуравдугаар сарын 7-ноос 1999 оны гуравдугаар сарын 6-ны хооронд төрсөн иргэд хамрагдах боломжтой юм.
БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь 2017 онд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад бүртгэх хүний тоог 8000, шалгаруулж тэнцүүлэх хүний тоог 1500-гаар тогтоосон байна. Иймээс иргэдийн авах ёстой оноо өндөр байх гэнэ. Тийм учраас зөвхөн солонгос хэлтэй эсвэл солонгос хэлний шалгалтад сайтар бэлдсэн иргэд бүртгүүлэхийг зөвлөж байгаа аж. Бүртгүүлэгч нь хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, Солонгос улсаас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх шаардлагатай.
Мөн иргэдэд хүндрэл учруулахгүйн тулд цагдаагийн тодорхойлолт болон бусад баримт шаардахгүй юм байна. Харин худал мэдүүлснээс үүсэн гарах зардал, хохирлыг иргэн өөрөө хариуцахыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн биржээс анхааруулж байгаа юм.
А.ЗУЛ