Categories
мэдээ спорт

Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд О.Хангай түрүүллээ

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, МАН-ын хороо, Биеийн тамир спортын газар, Морин спорт уяачдын холбоо хамтран 03 сарын 05-ны өдөр Ард түмнийхээ эрх чөлөө, жаргалын төлөө тэмцсэн анхны долоо хийгээд түүхэнд алдар гавъяагаа мөнхөлсөн аугаа тэмцэгчдийг дурсан хүндэтгэсэн Эх орончдын өдөр, МАН-ын 96 жилийн ойн баярыг тэмдэглэлээ.

Энэхүү баярын үйл ажиллагаа Галданбошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэлж, аймгийн Хөгжимт Драммын Театрт МАН-ын 96 жилийн ой, Эх орончдын өдөрт зориулсан баярын хурал хийж, хүндэтгэлийн концерт тоглосон юм.

Үүнээс гадна Аман худаг хэмээх газарт их нас, азарга, соёолон морьдын уралдаан болсон ба хүчит бөхийн барилдаан Биеийн тамир спортын ордонд болсон юм.

МАН үүсэн байгуулагдсаны 96 жилийн ой, эх орончдын өдөрт зориулсан Үндэсний бөхийн барилдаанд Буянт сумын харъяат, “Од” группын бөх, аймгийн арслан О.Хангай, Дуут сумын харъяат, аймгийн арслан С.Ганхуяг, Мөнххайрхан сумын харъяат, аймгийн арслан Б.Баянмөнх нараар манлайлуулсан хүчит 64 бөх бяр хүч авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Барилдаанд Буянт сумын харъяат, “Од” группын бөх, аймгийн арслан О.Хангай түрүүлж, Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэж, шөвгийн дөрөвт Чандмань сумын харъяат, 12 жилийн 6 дугаар сургуулийн бөх, аймгийн харцага Э.Эрдэнэбаяр, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Г.Ариунболд нар шалгаран үлдлээ.

Ховд аймгийн МАН-ын хорооны дарга, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нар “Алтан унжлагат” хэмээх Гал тахиа жилийн сар шинийн баярт зориулсан хүчит бөхийн барилдаанд амжилттай барилдаж, үзүүрлэсэн аймгийн арслан О.Хангайд баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *