Казак ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой уламжлалт “Бүргэдийн баяр 2017” өнөөдөр Жаргалантын аман дахь “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болж байна.
Уг баярын зорилго нь Монгол оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх болон жуулчны улирлыг уртасгах хүрээнд өвлийн аялал жуулчлалд түлхэц өгөх, өвөлд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монгол орноо болон монголын казак иргэдийн бүргэдээр ан хийх соёлыг гадаадад сурталчлан таниулах явдал юм.
Казакын олон янзын уламжлалуудаас эртнийх нь сургасан бүргэдээр ан хийх явдал. Энэхүү уламжлал нь Төв азид 6000 жилийн өмнө үүссэн гэж үздэг. Хүний сайн нөхөр нохой гэдэг шиг казакууд бүргэдийг гэр бүлийнхээ нэг гишүүнээр тооцно. Казакын үндэстний ёс заншилд Бүргэд эзнээ муу бүхнээс хамгаалж, тэжээсэн эзнээ урт наслуулдаг гэж үздэг. Бүргэдээр ан ав хийх нь амьдрал ахуйн хэрэгцээ төдийгүй уламжлалт зан үйл, баяр наадам, уралдаан тэмцээний агуулгыг шингээсэн байдаг. Казакад бүргэдтэй холбоотой олон домог, хууч яриа өнөөдрийг хүртэл хадгалагдан иржээ.
О.ӨНӨР