Баянзүрх дүүргийн Засаг даргыг хууль бусаар томилсонтой холбоотой үүссэн нөхцөл байдлын талаар Нийслэлийн Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн төлөөлөгчид 22 суудал авч ялалт байгуулж, олонх болсон байтал хотын дарга хууль бус шийдвэр гарган Засаг даргыг МАН-аас томилсон.
Энэхүү хууль бус шийдвэрээ хэрэгжүүлэхээр улайран хууль хүчний байгууллагыг ашиглан цагдаа нарыг иргэд рүүгээ хүч хэрэглүүлэн ардчиллын үнэт зүйлийг уландаа гишгэлээ. Ийм бусармаг үйл явдалтай нийслэлийн Ардчилсан нам эвлэрэхгүй, тэмцэнэ гэв. Мөн тэрээр ийм хууль бус шийдвэр гаргасан Нийслэлийн Засаг дарга Д.Батболд, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Н.Эрдэнэболд нар сайн дураараа ажлаа өгөн огцрох ёстой” хэмээн мэдэгдэж байв.
Мэдээлэл хийх үеэрээ Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон Л.Батдэлгэр, Д.Уламбаяр нарыг цагдаа нар баривчлан саатуулсан тул суллахыг шаардсан. Тэгвэл тэднийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст түр хугацаагаар саатуулж байгаад суллажээ.