“Дүнжингарав” төвийн бүсийн хаврын уралдаан энэ долоо хоногийн ням гариг буюу 3-р сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Цагаан хөтөлд болохоор товлогдоод байсан билээ. Гэтэл Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг сүлжээ төрийн бус байгууллагуудаас засгийн газрын дээрх тогтоолыг эсэргүүцэж Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна. Өнөөдөр 16:00 цагт энэхүү гомдолыг хэлэлцээд, “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах тухай засгийн газрын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ. Хурдан морины “Дүнжингарав” хаврын уралдааныг 2008 оноос хойш хаврын тэргүүн сард зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн 2016 оны 2-р сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм.
Н.Ганаа