Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд эсэргүүцлийн суулт болж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд эсэргүүцлийн суулт болж байна. Өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн Засаг дарга С.Батболд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилох захирамж гаргасан юм. Тус захирамжийг дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхи хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж, өчигдрөөс ЗДТГ-ын байрандаа суулт зарлажээ. МАН-ын төлөөлөгчид Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын байранд цагдаагийн дэмжлэгтэйгээр нэвтэрсэн байна. Үүний дараа Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дотор талд шатан дээр суулт хийж байсан иргэдийг албадан гаргажээ. Цагдаа нар нулимс асгаруулагч хий цацсан, цахилгаан бороохой хэрэглэсэн талаар иргэд мэдээллээ.

Захирамж гаргасан Нийслэлийн Засаг дарга С.Батболд ХБНГУ-ыг зорьсон байна. Иймд эсэргүүцэгчид түүнийг иртэл суултаа үргэлжлүүлж, тодорхой шийдэлд хүрнэ гэцгээж байв.

Засаг даргын тамгын газарт өрнөж буй энэхүү үйл явдлын үеэр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3-р хэлтсийн албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал нь нийт 41 суудалтай. 2016 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 суудал авсан. Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан зарим нэр дэвшигчийн мандатыг хүчингүй болгосон асуудал шүүхийн шатанд яваа юм байна. Гэтэл нийслэлийн Засаг дарга С.Батболд Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар батламжилсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэж эсэргүүцэгчид үзэж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *