Амралтын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 127 зөрчил гарчээ. Орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийг шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 3, явган зорчигч мөргөсөн 2 хэрэг бүртгэгдсэн байна.
Жолооч нар улсын болон орон нутгийн чанартай авто замд зорчихдоо хурд хэтрүүлэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, шөнийн цагаар гэрэл шилжүүлэхгүй зорчих, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, мөн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдлыг хангаагүйн улмаас эвдэрч зогсох, замын хажуу руу орох, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зэрэг зөрчил гаргасны улмаас зам тээврийн осол, хэрэгт ихээр өртөж, холбогдож байна.
Сар шинийн баярын өдрүүд дуусаагүй үргэлжилж байгаа энэ үед орон нутгаас нийслэл хотыг зорих иргэдийн хөдөлгөөн дуусаагүй байна. Иймд иргэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл байдал, үзэгдэх орчинд тохируулан хурдаа зөв сонгох, хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвших, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Өнөөдөр бүх нийтийн амралт дуусч, ажлын өдөр эхэлж албан байгууллага, аж ахуй нэгжүүд золголтоо хийж байна. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осолд холбогдох, өртөх явдал мөн нэмэгддэг. Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэд аюулгүй байдлаа хангаж тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, найдвартай такси үйлчилгээ, дуудлагын жолооч дуудах зэрэг арга хэмжээг боломжит хувилбараар зохион байгуулахыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.