Categories
гадаад мэдээ

“Алуурчин” эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөжээ

Малайзын шүүхэд лхагва гаригт Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдсэн хоёр эмэгтэйг шүүх хурал болжээ. Шүүх хурал цагдаагийн өндөр хамгаалалт дор болсон бөгөөд сэжигтэн эмэгтэйчүүдэд сум нэвтэрдэггүй хантааз өмсгөсөн байна.

Индонезийн иргэн, 25 настай Сити Айшах, Вьетнамын иргэн, 28 настай Дун Ти Хунг нарыг химийн хорт бодисоор Ким Жун-намыг хөнөөсөн хэрэгт буруутай гэж Малайзын шүүх яллагчаар татжээ. Шүүх хурлын үеэр Дун Ти Хун өөрийгөө буруугүй хэмээн мэдэгджээ. Малайзын хуулийн дагуу тэд хүн амины хэрэгт цаазаар авах ял сонсох магадлалтай аж. Ял оноох шүүх хурал дөрөвдүгээр сард болох гэнэ.

Ким Жун-нам хоёрдугаар сарын 23-нд Куала Лумпураас Макао руу нисэхээр онгоцны буудалд нислэгээ хүлээж байхдаа бусдад хорлогдон нас барсан юм. АНУ болон Өмнөд Солонгосын тагнуулын албаныхан Ким Жун-намыг хөнөөсөн хэргийг Хойд Солонгосын нууц ажилтнууд зохион байгуулсан гэж мэдээлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *