Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил ойрын хугацаанд ОХУ болон БНХАУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Тэрбээр энэ айлчлалынхаа үр дүнгийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд хэд хэдэн асуудлыг хөнджээ. Тухайлбал, хөрөнгө оруулалт, төмөр зам, Эгийн гол, Шүрэнгийн голын усан цахилгаан станцыг хэрхэх тухай яриа хэлэлцээр хийсэн байна. Ц.Мөнх-Оргил сайд айлчлалынхаа үеэр Сергей Лавров сайдтай уулзаж, мөн Евроазийн Эдийн засгийн холбооны худалдааны асуудал хариуцсан сайдтай хэлэлцээр хийжээ. Түүнчлэн ОХУ-ын Техникийн зохицуулалт, мэргэжлийн хяналт, мал эмнэлэг, ургамал, хорио цээрийн асуудал хариуцсан сайдтай хэлэлцээр хийж, ОХУ-ын Эдийн засгийн хөгжил Ази Номхон далайн улс орнуудын хамтын ажиллагааг хариуцсан сайдтай уулзаж ярилцсан байна.
ОХУ-ААС 100 ТЭРБУМ РУБЛИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ АВАХААР ТОХИРОЛЦОВ
Манай зүгээс ОХУ-д хэд хэдэн асуудлыг хөндөн тавьсан тухай Ц.Мөнх-Оргил сайд мэдээллийнхээ үеэр онцлов. Энэ онд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг ОХУ-д айлчлал хийлгэхээр тохирсон байна. Түүний айлчлалын үеэр гарын үсэг зурах баримт бичгүүдийг сая Ц.Мөнх-Оргил сайд айлчлалынхаа үеэр тохиролцоод иржээ. Үүнд төмөр замаар ачаа дамжуулан тээвэрлэх нөхцөлийн талаар ярилцаж, гарын үсэг зурахаар болсон байна. Мөн байгаль орчинг хамгаалах, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр хийхээр тохиролцжээ. Бас эрчим хүчний салбарын ерөнхий хэлэлцээр хийхээр тохирсон гэнэ. ОХУ-тай Эгийн голын УЦС-ын талаар дэлгэрэнгүй ярилцсан. Ингээд Монголын эрчим хүчний хангамжийг сайжруулахад хоёр тал хамтарч ажиллахаар болсон. Хоёрдугаарт, Эгийн голын УЦС, Шүрэнгийн голын УЦС баривал Байгал нуурын эко системд хэрхэн нөлөөлөхийг хамтарч судлахаар болжээ. Хоёр улсын эрдэмтдийн дүгнэлтийг үндэслэн дээрх цахилгаан станцуудыг барих эсэхийг шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ удаагийн айлчлалаар бүс нутаг хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах тохиролцоонд хүрчээ. Харин ОХУ-аас хөрөнгө мөнгө татах асуудлаа хэрхэн шийдвэрлэсэн тухай Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ “Өмнө нь Сергей Лавров сайд манай улсад айлчлал хийх үеэр ОХУ-аас 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл авах тухай асуудлыг хөндсөн. Сая энэ асуудлыг хурдан шийдвэрлүүлэх талаар ярилцлаа. ОХУ-ын тал Олон улсын валютын сангийн гэрээ хэлэлцээрийг анхааралтай харж байна гэдгээ мэдэгдсэн. Бид хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дэд бүтэц УБТЗ, эрчим хүчний томоохон төслийг ОХУ-тай хамтарч хэрэгжүүлэх чиглэл баримталж байгаа. Орос улс энэ саналыг баяртай хүлээж авсан. Одоо хамтарч ажиллах төслөө тохироод, УБТЗ-д бэлдсэн хэд, хэдэн төсөлд анхаарал хандуулахаар болсон” гэв. Тэрбээр айлчлалынхаа үеэр ОХУ, БНХАУ болон манай улсын эдийн засгийн коридорыг сайжруулах талаар ярилцсан гэнэ. Энэ хүрээнд ирэх гуравдугаар сард Бээжин хотод болох шинжээчдийн уулзалтаар хэлэлцээрийг үргэлжлүүлэхээр болжээ. Харин Оросын талаас олон жил шийдэгдэхгүй явсан үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. “1990-ээд оны эхээр ОХУ өөрийн мэргэжилтэн, цэргээ татаж авахдаа Монгол Улсад цөөнгүй тооны үл хөдлөх хөрөнгө шилжүүлээд явсан. Одоогоор ОХУ-ын бүртгэлтэй 30-40 барилгын асуудал бүртгэлжүүлж өгөх хүсэлтэй байна” гэжээ. Мөн УБТЗ-ын үйл ажиллагаа, үр ашгийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаагаа илэрхийлсэн байна.
БНХАУ 100 ТЭРБУМ ЮАНИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, 100 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ ОЛГОНО
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-д хийсэн айлчлалын гол зорилго нь ирэх хавар урд хөршид хийх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалын бэлтгэл ажлыг хангах явдал байсан байна. Энэ хүрээнд БНХАУ-ын дарга Си Жиньпиний урилгаар “Нэг зам-Нэг бүс” олон улсын хуралд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцохоор болжээ. Ц.Мөнх-Оргил сайд мэдээлэлдээ “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр далайд гарахаар дамжин өнгөрөх, буцаж ирэх, тээвэрлэн явуулах Засгийн газар хоорондын 2014 оны хэлэлцээрийг Хятадын талаас соёрхон баталсан. Энэ нь худалдааны зардлыг бууруулахад ихээхэн түлхэц болох юм. Хэлэлцээрийн үр дүнд Хятадын долоон боомтыг Монгол Улс ашиглах бололцоо нээгдэж байна. Манай талаас БНХАУ-аас Монголын эдийн засгийн хүндрэлийг даван туулахад тусламж дэмжлэг үзүүлэхийг санал болгосон. Хятадын тал дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийлсэн. ОУВС-тай тохиролцоонд хүрч байгааг олон улсын түвшинд худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн урт хугацааны тогтвортой үйл явц бүрдүүлж байна хэмээн сайшаасан. БНХАУ ОУВС, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкаар дамжуулан дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Түүнчлэн хоёр улс Төв банкны хооронд байгуулсан своп хэлэлцээрийн хугацааг сунгахаар болж байна. Өнөөдөр Монголбанкны төлөөлөгчид тус улсын Ардын банкныхантай хэлэлцээр хийж байна. Мөн манай талын хүсэлтийн дагуу своп хэлэлцээрийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг судалж байна. Нааштай шийдвэрлэнэ гэсэн. Үүний зэрэгцээ нэмэлт зээл авахаасаа өмнө нь шийдвэрлэсэн хөнгөлөлттэй зээлийн асуудлыг шийдэх тухай асуудлыг хөндсөн. Өнгөрсөн жил тус улсын Ерөнхий сайд манай улсад айлчлахдаа нэг тэрбум ам.долларын зээлийн асуудал ярьсан. Үүнийг шийдье, гэхдээ уг хөрөнгийг Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин барилгажуулах, 1000 айлын орон сууцны цогцолбор болон Монголын боомтуудыг бэхжүүлэхэд зориулна. Мөн БНХАУ-ын талтай мах болон нүүрсний экспортоо нэмэгдүүлэхээр болсон. БНХАУ-тай манайх улс төр болоод нийгмийн зөрчилтэй ямар нэг асуудал байхгүй гэдгийг хоёр тал сэтгэл ханамжтай тэмдэглэсэн” гэв. Хэвлэлийн бага хурлын дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад ийн хариуллаа.
-Орос, Монголын төмөр замын шинэчлэлийн асуудал олон жил яригдаж байгаа боловч тодорхой шийдэлд хүрээгүй. Таны айлчлалын үеэр энэ асуудлыг хэрхэн хөндөв?
-Оросоос авах 100 тэрбум рублиэрээ төмөр замаа шинэчилье гэж бодож байгаа. Төмөр замаа шинэчлэхийн тулд бараа эргэлт хэрэгтэй. Бараагүй бол төмөр зам шинэчлээд хэрэггүй. Хос төмөр зам тавьж, цахилгаанжуулсан ч тэрүүгээр нь бараа гүйхгүй бол ач холбогдолгүй. Бараагаа нэмэгдүүлье гэхээр төмөр зам чинь бэлэн үү гэдэг асуудал тавигдаад байна. Тэгэхээр төмөр зам бэлэн биш байсан учраас бараа хайгаад байж болдоггүй. Одоо бол Оросын талаас авах 100 тэрбум рублийг төмөр зам руу оруулна. Ингэснээр төмөр замаа шинэчилж чадвал тээвэрлэх бараа нь бэлэн байгаа. Аль нь түрүүлэх үү гэдэг асуудал яригдаж байгаад одоо хөрөнгө оруулалт нь эхэлж асуудал шийдэгдэж байгаа учраас энэ ажил хөдөлнө.
-Төмөр замыг хотоос гаргах, Богд уулын араар тавих зэрэг асуудал яригддаг. Үүнийг шийдэх үү?
-Тэр асуудлыг ч гэсэн бид Оросын талд тавьж байгаа. Үндсэндээ дөрвөн төмөр замын асуудал бий. Улаанбаатарт байгаа гол шугамаа шинэчлэх, цахилгаанжуулах, дөрвөн төмөр замын асуудлыг Оросын талд тавьж байгаа. Тэд бүгдийг нь сонирхож байна. Мөн баруун чиглэлийн төмөр зам, зүүн чиглэлд Оросоос Монголоор дайраад Хятад руу гарч байгаа асуудлуудыг ч ярьж байгаа.
-Оростой хийж байгаа манай гадаад худалдаа алдагдалтай байдаг. Худалдааны тэнцлийн асуудалд ямар гарц эрэлхийлж байгаа вэ?
-Хоёр улсын нийт бараа эргэлт 963 сая ам.доллар. Экспорт ердөө 54 сая ам.доллар. Тэгэхээр бараг 95 хувь нь Оросоос авч байгаа импорт болж байна. Үүнийг засахын тулд Орост зарах бараатай болох хэрэгтэй. Орост махаа заръя гэхээр шүлхий өвчин асуудал болоод байдаг. Оросын тал монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлж өгнө гэсэн.
–Таныг ОХУ-д айлчлах үеэр айлын тал “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн үү. Мөн таныг “Монроснефть”-ийн удирдлагуудтай уулзана гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү?
-Тэр бол худлаа мэдээлэл байсан. Бид ОХУ-д айлчлах үеэрээ ямар нэгэн хувийн компанитай уулзъя гэсэн асуудал тавиагүй. Мөн Оросын талын ямар нэгэн компани бидэнтэй уулзъя гэсэн хүсэлт ч тавиагүй. Яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. Олон сэтгүүлчтэй уулзаж байхад ч хөндөгдөөгүй. Харин хүндэтгэлийн зоогийн үеэр Лавров сайд “Танайд “Эрдэнэт”, “Монроснефть”-тэй холбоотой асуудал гараад байгаа юм уу. Манайхтай холбоотой ямар нэгэн асуудал байна уу” гэж тодруулж байна лээ. Хариуд нь “Танайхтай ямар нэгэн асуудал байхгүй. Засгийн газрын хооронд, хоёр компанийн хооронд ч байхгүй. Хэлцэл хийгдсэн, төлбөр төлөгдсөн, өмчлөл шилжсэн. Зөвхөн бидэнд дотоодын асуудал ярьж байгаа” гэсэн. “Тэгвэл хоёр улсын хоорондын харилцаанд хамааралгүй юм байна. Тийм үү” гэхэд нь “Тийм ээ” гэсэн.
-ОУВС-тай хийсэн хэлэлцээрийн үр дүнгээр Хятадын Ардын банктай Төв банк хоёр тэрбум ам.долларын своп хэлцэл хийхээр болсон. Айлчлалын үеэр своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудал яригдсан гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-ОУВС-тай хийсэн саяын тохиролцоонд БНХАУ-ын Ардын банк, манай төв банкны хооронд байгуулсан своп хэлцлийг сунгана гэж орсон. Үүнийг Хятадын тал албан ёсоор шийдвэрээ гаргачихсан сунгаж байгаа. ОУВС-гийн тохиролцооны хүрээнд ороогүй, гэхдээ хоёр банкны хооронд яригдаж байгаа асуудал бол хэмжээг нь нэмэгдүүлэх асуудал байгаа. Хэдий хэмжээгээр гэрээгээ байгуулах нь банкуудын хоорондын асуудал.
-БНХАУ-аас хэдий хэмжээний мөнгө зээлэхээр тохиролцсон юм бэ?
-Хятадын тал эхний ээлжинд нэг тэрбум ам.доллар, нэг тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэхээр болсон.
-Засгийн газраас томоохон төслүүдийг хөдөлгөнө гэж байгаа. Та хоёр хөршид айлчлахдаа энэ асуудалд хэрхэн анхаарлаа хандуулав?
-Юуны өмнө ОХУ-аас авах 100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Оросын хөрөнгө оруулалт, Оросын бизнесүүдтэй хамтарч том төсөл хэрэгжүүлье гэж байгаа. “Бид танайхаас зээл авчихаад өөр улстай төсөл хэрэгжүүлээд явахгүй. Бидэнд Оросын технологи хэрэгтэй байна” гэдгээ айлын талд илэрхийлсэн. Оросууд төмөр зам, автозамын асуудал дээр сонирхож байгаа. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор нь гурван улсын хувьд хамтын ажиллагааны чухал салбар болоод байна. Тиймээс Оросын тал бэлэн байгаагаа илэрхийлсэн. Харин Хятадын талтай томоохон төсөл, хөрөнгө оруулалтын асуудлуудыг гуравдугаар сард Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг очиж яриа хэлэлцээр хийнэ. Тэрбээр уул уурхай, төмөр зам, автозам, чөлөөт бүс, эрчим хүчний дамжуулах шугамууд зэрэг томоохон асуудлуудаар яриа хэлэлцээр хийнэ.