Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” захад ууц 100-400 мянган төгрөгийн ханштай байна

Монголчууд Цагаан сараар ууц тавьж, зоог шүүс бэлдсээр ирсэн уламжлалтай. Цагаан сар дөхсөн учир эл уламжлалын дагуу үнэ өртөг бага, үзэмж сайтай ууцны эрэлд гарсан хүмүүс цөөнгүй байгаа нь дамжиггүй. Иймд бид “Хүчит шонхор” зах дээр баярын ширээний ууц, өвчүү ямар үнэ ханштай байгаа талаар сурвалжилсан юм. Хэзээний л хөл хөдөлгөөн ихтэй байдаг тус захад бууз банш, ууц шүүсээ бэлдэх гэсэн хүмүүс хөл гишгэх зайгүй бужигнацгааж байлаа. “Хүчит шонхор” захын махны ченжүүд хашаан дотор хоёр эгнээ болж зогссон машинуудын тэвшин дээр ууц зарж байв. Мөн хонины мах зардаг павильонууд ууц, үхрийн өвчүү худалдаалж байсан юм. Ууц том, жижгээсээ хамааран 100-400 мянган төгрөгийн ханштай байлаа. Иргэд тарган, том сүүлтэй ууц гэхээсээ илүү дундаж ууцыг илүүд сонирхож байгаа харагдсан. Иймд борлуулагчид дунд зэргийн ууц илүүд үзэж авчирдаг гэж байв. Мөн иргэд аль болох цэвэрхэн бэлтгэсэн байвал тун дуртай авдаг аж. “Хүчит шонхор” зах дээр Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Дундговь аймгийн махны ченжүүд ууц, өвчүү худалдаалж байсан. Ууц үзэмжээрээ үнэлэгдэж байсан бол өвчүү нэг килограмм нь 5500-6000 төгрөгийн хооронд байсан юм. Өвчүү хэмжээнээсээ хамаарч 12-23 кг-ын жинтэй байдаг аж. Дундаж хэмжээтэй ууц, өвчүүний үнэ ойролцоо байдаг юм хэмээн борлуулагчид ярьж байв. Тэд ууц, өвчүүгээ идэшний үеэр янзлаад дарчихдаг байна.

Дорнод аймгаас ирж ууц борлуулж буй А.Шаравдорж “Бид авчирсан бусад ууцаа агуулахад хадгалж байгаа. Өглөө нь тэвшин дээрээ гаргаж ирээд л зарчихдаг юм. 600-гаад ууц бэлтгэж авчирсан. Монголчууд цагаан сараа өргөн дэлгэр тэмдэглэдэг ард түмэн. Ийм чухал баяртаа сонгож авсан ууц нь сайхан байх хэрэгтэй шүү дээ. Би долоон жил ууц зарж байна. Аль болох авсан, өгсөндөө гарзгүй аятайхан ууц л зарахыг хичээдэг юм. Ууцаа арваннэгдүгээр сарын аравдаар бэлдэж эхэлдэг. Тэр үед малын тарга тэвээрэг нь жигдэрчихсэн сайхан байдаг.Өөрсдийнхөө хониноос янзлахаас гадна хүмүүсээс ч худалдаж авдаг. “Хүчит шонхор” зах дээр ууцаа худалдаалаад хэд хонож байна. Өдөрт 15-16 ширхгийг зардаг юм. Гэхдээ энэ жилийн хувьд худалдан авалт багассан байна” гэлээ. Ууцны үзэмжинд тарган туранхайгаас гадна чаналт маш чухал гэдгийг тэд онцолж байлаа. Галаа сайн тохируулж чадвал үзэмжтэй болдог гэсэн. Мөн “Ихэнх худалдан авагчид дунд эргэм болон өндөр настай хүмүүс байна. Залуучууд маш цөөн ирдэг дээ. Ерөнхийдөө ээж, аавдаа туслах зорилгоор хамт ирдэг” хэмээн борлуулагчид хэлж байсан.

Ууц, өвчүүний үнэ ханш сонирхож явахад хүмүүс үнэ өртгийг нь илүүтэй сонирхож байна уу гэхээс гарал үүсэл, шинжилгээний бичгийг нь асууж сонсогдсонгүй. Бид “Хүчит шонхор” захын лабораторид орж эдгээр зарагдаж буй мах, ууц шүүсэнд хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулсан юм. “Хүчит шонхор” захын лабораторийн эрхлэгч Л.Одгэрэл “Хөдөө орон нутгаас орж ирж буй махыг хот руу орох хоёр талын цэг дээр шалгадаг юм. Харин манай зах дээр зарагдах гэж буй махны гарал үүслийн болон ариун цэврийн бичгийг нь дахин шалгадаг. Шаардлага хангахгүй бол оруулдаггүй. Хэрэв бичиг баримт бүрэн бол манай малын эмч нар махан дээр нь хяналт тавьдаг. Стандартын дагуу мэдрэхүйн шинжилгээ хийж хүнсэнд хэрэглэж болохуйц маханд худалдаалж болохыг зөвшөөрсөн бичиг хийж өгдөг юм. Харин асуудалтай маханд лабораторийн шинжилгээ хийдэг. Хэрэв хүнсэнд тэнцэхээргүй мах гарах юм бол шууд буцаан татах цэг дээр авчирч устгадаг” гэв.

Түүнчлэн эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ууц, шүүс бэлдэх энэхүү ёсын тухай болоод ямар бэлгэдлийн талаар Монгол Улсын их сургуулийн Антроплоги археологийн тэнхимийн багш, угсаатан судлаач Д.Долгорсүрэнгээс тодруулсан юм. Тэрээр “Монголчууд эртнээс өвлийг өнөтэй давж, урин хавартай онд мэнд золгосны баяр болгож цагаан сараа тэмдэглэсээр ирсэн. Энэхүү баяраараа мөн мал сүрэг минь тарган тавтай орлоо хэмээн сүргээсээ сорчилж идээ шүүс болгодог уламжлалтай юм. Эхэндээ заавал ууц гэлтгүй хонины махнаасаа дээжилж тавьдаг байсан. Харин сүүлдээ бүхэл бүтэн хонины ууц тавьдаг уламжлал тогтож эхэлсэн. Тэгэхээр цагаан сараар заавал ууц тавих ёстой юм биш. Айл бүхэн ч тавьдаг эд биш юм. Ууцыг их шүүс гэдэг утгаар нь төрийн хүндэтгэлийн найр, наадам, хурим зэрэгт л тавихад тохиромжтой. Мөн ахмад настай хүмүүс л цагаан сараараа тавивал зохилтой гэж үздэг. Түүнээс залуучууд, залуу гэр бүлүүд ууц тавиад байх шаардлагагүй. Ууц тавихгүй бол ингэнэ, тэгнэ гэсэн зүйл ч байхгүй шүү дээ. Үхрийн өвчүү ч мөн ялгаагүй. Яахав, ёсыг бодож орлуулаад махан шүүс тавьчихаад болохгүй юм байхгүй” гэлээ.

Мөн тэрээр хүүхдийн үсний найранд ч ууц тавих ёстой мэт санаж, энэ заншил хавтгайрч байна. Бараг л төрсөн өдөрт тавих нь холгүй болжээ гэж байв. Тэгэхээр ёс болгож махан шүүс тавьчихвал заавал хонины ууц тавих шаардлагагүй юм байна.

О.АРИУНЦЭЦЭГ

С.ЦОМОРЛИГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *