Categories
мэдээ цаг-үе

С.Болд-Эрдэнэ: “Чингис хаан” дууг анх дуулсан хамтлагийнхан бидэнд хамтран дуулах санал тавьсан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрээр саяхан нээлтээ хийгээд буй “Хоёр амь” киноны гол дүрийг бүтээсэн билээ.


-Саяхан “Хоёр амь” уран сайхны кино нээлтээ хийлээ. Та энэхүү киноны гол дүрийг бүтээжээ. Энэ дүрийн хамгийн их сэтгэлийг тань татсан зүйл юу байв?

-“Хоёр амь” кино хамгийн анх “Өргөл” гэсэн нэртэй байсан юм. Харин дараа нь “Хоёр амь” гэж нэрийдсэн л дээ. Бид зохиол дээрээ хоёр жил гаруй хугацааг зарцуулсан. Зураг авалтдаа өнгөрсөн оны найман сард орж 40-өөд хоног ажилласан юм. Би гол дүр болох нэгэн аавын дүрийг бүтээлээ. Энэхүү кинонд миний дүрд тохиолдож буй үйл явдлууд нь маш хурц. Тиймдээ ч надад таалагдсан гэж болно. Ерөнхийдөө уг кино маань аав, хүү хоёрын харилцаа болоод эцэг хүн гэдэг үр хүүхдийнхээ төлөө юу хийж чаддаг юм бэ гэдгийг харуулснаараа онцлог.

-Германы “Чингис хаан” хамтлагийн Чингис хаан дууг “Драмын дөрөв” хамтлаг дуулжээ. Энэхүү дууг яагаад дуулах болов?

-“Чингис хаан” дуу бол Германы “Чингис хаан” хамтлаг дуулж хүмүүст хүргэсэн дуу л даа. 1979 онд Евровижн дууны уралдаанд Баруун Герман улсыг төлөөлөн оролцсон бүтээл юм. Бид энэ дууг Монголын Үндэсний радио, телевизийн 2015 оны “Баярын мишээл” нэвтрүүлэгт зориулж дуулсан. Биднийг түүхэн сэдэвт дуу дуулаачээ гэсэн хүсэлт тавьсан юм. Тэгж л энэ дууг анх дуулах болсон л доо. Харин энэхүү дуулсан бичлэг маань сошиалд цацагдсанаар хүмүүс чамгүй сонсож байх шиг байна. Тэр дундаа ОХУ, Буриад, өмнөд монголчуудад маань илүү хүрсэн байна лээ. Мөн энэ дууг хамгийн анх дуулж байсан “Чингис хаан” хамтлагийн уран бүтээлчид бидний дуулсныг олж сонссон байна лээ. Тэд бидэн рүү цомгоо явуулсан. Монголчууд өөрсдөө баатрын хувцастай, “Чингис хаан” дууг нь дуулсан нь магадгүй их сонирхолтой санагдсан байх. “Чингис хаан” хамтлагийнхан “Бид Монголд очиж та бүхэнтэй хамт баатрын хувцас өмсөөд дуулмаар байна” гэсэн хүсэлт тавьсан л даа. Биднийг Европ руу очиход хүнээр холбоо барих хаяг зэргээ явуулсан байсан юм. Даанч бидний зав болоогүй. Одоохондоо тэрхүү саналыг ажил болгож амжаагүй л явна. “Драмын дөрөв” хамтлагийнхан тус, тусынхаа ажлыг хийгээд тун чиг завгүй л байна. Хамтлагийнхаа ойд яг сайн төвлөрч чадахгүй л юм. Ямартай ч тусдаа болон хамтарсан уран бүтээлүүдээрээ цомог хийнэ гэсэн бодолтой байгаа.

-Та бол Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар гуайн хүү шүү дээ. Урлагийн төлөө бүхий л амьдралаа зориулсан энэ хүнээс магтаал, зэмлэл хэр их сонсдог байв?

-Аавдаа оюутан байх үедээ шүүмжлүүлдэг байсан. Өөрийгөө дайчлахгүй, сэтгэхгүй, бодохгүй байна гэдэг байлаа. Тэр л сэтгэлд минь их үлдсэн дээ. Жүжигчин хүн үг дааж сурах хэрэгтэй л дээ. Зэмлэлээ гэхэд гутраад байхгүй, магтлаа гэхэд нисчихгүй байх ёстой. Үүнийг л оюутан байх хугацаанд минь ойлгуулсан гэж боддог. Ер нь аав минь намайг айхтар их зэмлэж эсвэл магтдаггүй байсан. Гэхдээ миний аав үр хүүхэд, хань ижилтэй болоход, драмын театрт жүжигчнээр орж, уран бүтээл тасралтгүй хийсээр явааг минь хараад баярлаж л байсан болов уу. Тэр бүхнийг ил хэлж хөөргөөд байдаггүй ч сэтгэл дотроо баярлаж, бахархаж байсан гэж боддог.

-Та МУГЖ С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” дууны клипэнд аавтайгаа хамт тоглож байсан. Энэхүү саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-“Хоёр амь” киноны найруулагч Б.Ганболд надад Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Зүүдэнд уяатай аав” гэсэн сайхан уран бүтээл хийж байгаа тухайгаа ярьсан юм. Харин тэрхүү дууны клипэнд намайг аавтайгаа хамт тоглоочээ гэсэн санал тавьсан л даа. Анх юу ч бодохгүй л тэр клипэнд тоглож байлаа. Залуу ч байж дээ. Одоо эргээд харахад нэгэн уран бүтээлд аавтайгаа хамт тоглоод, тэр нь дэлгэцэнд мөнхрөөд үлдчихсэн болохоор маш их баярладаг.

Дэлгэцийн бүтээл гэдэг тийм л давуу талтай байх юм. Дурсамж болж үлдсэн болоод ч тэр үү, их гоё санагддаг. Б.Ганболддоо их баярлаж явдаг даа.

-Хүүхдүүд тань урлагийн хүн болох сонирхолтой болов уу. Хэрэв болно гэвэл та яаж хүлээж авах вэ?

-Би дөрвөн хүүхэдтэй. Том охин маань урлагийн хүн болох сонирхолтой байсан. Элсэлтийн ерөнхий шалгалтаараа СУИС-д нэгдүгээрт, МУИС-д ч дээгүүр жагссан юм. Миний хувьд урлагийн хүн байна гэдэг амаргүй гэдгийг мэдэх учраас тийм ч таатай байгаагүй. Ялангуяа эмэгтэй хүнд бүр ч хэцүү. Ирээдүйд эзэгтэй, ээж болно. Гэр бүлээ халамжлахын хажуугаар уран бүтээл хийнэ гэдэг амар биш. Гэхдээ мэдээж сонголтыг бол охин минь хийсэн. Их эргэлзсэн л дээ. Одоогоор МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаа. Эмээ нь урлагийн хүн болгох дуртай байсан. Бүр СУИС-д шалгалт өгөхөд нь хүртэл бэлдсэн шүү. Ээж минь “Миний охинд авьяас байсан юм даа” л гэдэг юм.

-Ээж тань таныг ч гэсэн СУИС-д ороход бэлдсэн гэдэг бил үү?

-Тийм шүү. Ээж минь жүжигчин хүн л дээ. Улсын багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг Цэрэндагва, Мягмарнаран гэсэн хоёр мундаг Ардын жүжигчинтэй суралцаж төгссөн. Нэргүй гэж хүн байдаг. Жүжигчин мэргэжлээрээ ажиллаагүй ч Соёлын орднуудаар найруулагч хийж байсан. Хувийн үзүүлбэр ихтэй хүн л дээ.

-“Гамлет” театрын тайзнаа хэзээ дахин амилах бол?

-Манай театр гэгээн хайрын баярыг тохиолдуулаад “Парисын дарь эхийн сүм” мюзиклыг тоглох гэж байна. Харин гуравдугаар сар бүрийг сонгодог жүжгийн сар болгон зарласан байдаг юм. Энэ үеэр “Гамлет” дахин тоглогдоно.

-“Гамлет” жүжигт хүний гавлын яс хэрэглэгддэг. Үүнтэй холбоотой нэгэн дурсамж байдаг юм билээ…

-Гамлет бол амьдралын утга учир, мөн чанарыг хайгаад л яваа юм л даа. Товчхондоо, яагаад бүгд мөнх бусыг үзээд байгаа юм бол, бид яаж амьдрах ёстой юм бол гэдгийг л хайж яваа дүр юм. Бүх л зүйл эхлэл, төгсгөлтэй байдаг. Тэр дундаа хүний амьдрал. Баян тансаг, эрх мэдэлтэй байна уу гэдэг огт хамаагүй. Бүгд л мөнх бусыг үзэж хохимой толгой болдог. Энэ тухай “Гамлет”-д өгүүлдэг учир гавлын яс ашигладаг юм.

“Гамлет”-ын дүрийг хамгийн анх Жамсранжав гуай бүтээж байсан шүү дээ. Харин анх тавигдаж байх үедээ гавлын яс байгаагүй болохоор цаасаар хийгээд орлуулж байсан юм билээ. Жүжгийн үеэр цохиход нь яс цохиж байгаагаас өөрөөр дуугараад, бас цоорчихсон гэдэг байх шүү. Жинхэнэ гавлын яс байвал хүмүүс сэртхийж, илүү их хүн ойлгож, мэдрэмжийг нь зөв авах нь мэдээж. Үүнийг Жамсранжав гуай мэдсэн учраас “Намайг бурхан болохоор миний гавлын ясыг авчирч театрт минь өгөөрэй” гэсэн гэдэг. Бодитой байлгах нь зүйтэй юм байна ч гэж бодсоноос гадна урлагт тэр дундаа театртаа үнэн зүрх сэтгэлээ зориулсан хүн байсан учир тэгж хэлсэн байх. Тэр үгнээс урлагийн төлөө гэсэн чин сэтгэл харагдаж байгаа биз.

-Ариун сүм гэгддэг театрын босгыг давна гэдэг амаргүй. Таны бодлоор театрын уран бүтээлч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?

-Энэ хүнийг өнгөлөөд байвал юм гарах нь, дүр төрх нь ч өвөрмөц юм, авьяас чадвар ч байна тиймээс театрт хэрэгтэй гэж дүгнэвэл театрт авдаг. Гэхдээ шууд биш шүү дээ. Эхлээд театрын дэргэдэх студидээ авдаг юм. Түүнээсээ жилийн дараа ч юм уу, шигшиж байгаад театрын жүжигчин болгодог. Би 1999 онд СУИС-ийг төгссөн. Мөн л дээрх зарчмын дагуу орж байлаа. Театрт ороод хамгийн анх У.Шекспирийн “Зуны шөнийн зүүд” гэсэн жүжигт тоглосон. Дараа нь “Улаан дарвуулт хөлөг онгоц”, “Сэтгэлд нууцлагдсан амраг” гэсэн жүжгүүдэд тоглож байлаа.

Театр бол босго өндөртэй газар. Тиймээс бүхий л зүйлээ зориулж, сэтгэл зүрхээ гаргаж байж энд үлдэнэ. Мөн жүжигчин хүн олон найруулагчтай ажиллаж, тогтмол бэлтгэл сургуулилт дор туршлагажиж хүнээс үг дуулж сурдаг. Нэг том сонгодог жүжигт тоглосны дараа нэг их сургууль төгссөнтэй дүйцэхүйц болдог гэж ярьдаг. Алдаа оноогоо дэнсэлж, илүү хүчтэй болгодог. Театрын жүжигчин хүн ийм л онцлогтой. Театр бол тухайн хүнд өсөж дэвжих том боломжийг өгдөг ариун сүм шүү дээ.

-Та “Хөлтрөг” уран сайхны киног найруулж байсан. Цаашид кино найруулах уу. Ажиллаж буй кино бий юү?

-Хүний хүсэл мөрөөдөлд хязгаар гэж үгүй. “Мэргэжлээс илүү хүсэл мөрөөдөл чухал” гэсэн гоё үг байдаг шүү дээ. Хүсэл мөрөөдөлтэй байж л даль жигүүр ургана гэж боддог. Тиймээс ихийг хийж бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэл бий.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *