Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах Ким Жун Намыг хөнөөсөн байж болзошгүй хэрэгт холбогдуулан хоёр эмэгтэй, нэг эрэгтэйг саатуулан баривчилсан байна. Сэжигтэн хоёр эмэгтэйн нэг нь Индонези улсын иргэн, 25 настай Сити Айшах гэгч бол нөгөөх нь Вьетнам улсын паспорттой, 28 настай Доан Ти Хуон гэнэ. Харин гурав дахь сэжигтэн болох эрэгтэй нь индонези эмэгтэйн найз залуу аж.
Ким Жун-нам нь Малайзын Куала Лумпур хотын нисэх буудалд ухаан алдаж унаж, эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан. Түүнийг хортой зүүгээр хатгаж хордуулан хөнөөсөн байж болзошгүй хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм.