Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын “Чингис хаан” дуурийг шинэчлэн өнгөрсөн ням гаригт ДБЭТ-ын тайзнаа тавилаа. Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү дуурийг анх 2003 оны тавдугаар сарын 3-нд тайзнаа амилуулсан юм. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарч бичжээ. Дуурь Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг.
Чингис хаан бага балчир насандаа өнчрөл, хагацал, зовлон зүдгүүр, бусдад басамжлагдах, доромжлогдох, баригдах тавигдахын бэрхийг үзсэн ч эх Өүлэний сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Их гүрнээ байгуулж, хамаг Монгол улсаа сэргээн мандуулж, тулгар төрийг байгуулсан тухай энэхүү дуурьт өгүүлнэ.
“Чингис хаан” дуурийг анх тавигдахад удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар ардын зураач Ч.Гунгаасүх нар ажилласан бол урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж шинэчлэн найруулж, удирдаачаар Н.Туулайхүү ажиллажээ.