“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар таны гарт очлоо.
“ТҮЦ ажиллуулах нь төрд тэрсэлсэн хэрэг юмуу” хэмээн энэ төрлийн бизнес эрхлэгчид асуусныг “Өдрийн сурвалжлага” нүүрт онцолжээ. Ээжийгээ эмнэлэгт үзүүлэхээр явсан хойгуур ТҮЦ-ийг нь ачсан гэнэ.
АН-ын гишүүн Б.Гарамгайбаатар “АН-д салхи оруулах нь зөв ч маш их туйлширч байгаа нь худлаа биш” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ.
“Баримт, үзэл бодол” нүүрт Баабар 1990 онд шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссийн бүрэлдэхүүнд байсан үеэ дурсжээ. “1990 онд өнөөгийн дэлхий ертөнц, тэр дундаа чөлөөт ардчилсан зах зээлийн нийгмийн талаархи ойлголт бидэнд тун тааруу байлаа. Гадарладаг ганц нь Б.Чимэд гуай. Комиссийн гишүүд бидний хувьд өвгөний боловсруулсан хуулийн нооргийг голдуу л тайлбарлуулах хэрийн зиндаатай” хэмээн тэр өгүүлжээ. Баабар “Нийгмийн янз бүрийн бүлэглэл, эрх ашгийн нэгдлийг оролцуулсан комиссоос Үндсэн хуулийн шинэчилсэн хувилбарыг боловсруулаад, УИХ-д өргөн барих зарчим байдаг нь өнөөгийн иргэншсэн ертөнцийн тогтсон хууль” гэсэн байна лээ.
“Баримт, үйл явдал” нүүрт “М-Си-Эс группийн Ж.Од захирлыг сүрдүүлсэн эсэх талаар мэдээлжээ. Централ тауэрт бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн хэрэг үнэхээр түүнтэй холбоотой юм болов уу?
Галт тэргэнд дайруулсан хоёр оюутан хүүхэдтэй байсан тухай уг нүүрт мөн мэдээлжээ. “Шүүхийн тамгын газрын дарга нарыг сэлгэсэн” гэнэ.
Сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал “УИХ-ын дарга М.Энхболдын хүү Э.Анар улсын бүртгэлийг хүчингүй болгож өөрөө холбооны ерөнхийлөгч болохоор зүтгэж байгаад харамсч байна” хэмээн ярьжээ. Түүний яриаг XII нүүрээс уншаарай.
“Сонгодог урлаг” нүүрээс ДБЭТ-ийн дуучин С.Мөнгөнцэцэгтэй хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. “Монголын дуурийн дуучдын хоолой яг байгаль дээр байж байдаг үнэт чулуу шиг л” гэж тэр зүйрлэжээ.
“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнгийн тухай XV нүүрээс уншаарай. Утааг багасгах төхөөрөмж, халаагуур, дулаалга, түлш зэргийг үйлдвэрлэсэн 50 аж ахуйн нэгж уг үзэсгэлэнд оролцсон байна.
Дулааны зөвлөх инженер Д.Самдан уг нүүрт ойг залуужуулахын тулд ойн цэвэрлэгээ хийгээд, цэвэрлэсэн модоо гэр хорооллын иргэд түлэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна лээ.
Өглөө болгоны ургах нарнаар “Өдрийн сонин” тантай хамт.