Хотын дарга С.Батболд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нийгмийн түншлэлийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
НИТХ-ын тэргүүлэгчид нийслэлд нийгмийн түншлэл хөгжүүлэх баримт бичгийг боловсруулан баталсан байдаг. Уг баримт бичигт нийслэлд нийгмийн түншлэлийн тогтлолцоог бэхжүүлэх, иргэд хөдөлмөрчдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон эдийн засгийн харилцааг зохицуулахаар тусгажээ. Түншлэл нь иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгаалал, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамтран хамгаалахад чиглэсэн нийслэлийн хэмжээн дэх ажил олгогч, ажилтны төлөөлөгчид төрийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хоорондын зөвшилцлийн тогтлолцоог бий болгоход чиглэжээ.
Хотын дарга С.Батболд хэлэхдээ, “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Монгол Улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 60 гаруй хувь нь үйл ажиллагаа эрхэлдэг. Эдгээрийн хөдөлмөр хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг бэхжүүлэх зайлшгүй шаардлагатай. Хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийг хангах, энэ чиглэлээр гарсан шинэ хууль, тогтоомжийг сурталчлах, иргэдэд таниулахад МҮЭХ, НЗДТГ хамтран ажиллах юм” гэлээ.