Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-ын даргын сонгуулийн дүнг камераар харуулж тоолно гэв

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Ардчилсан намын даргын сонгуулийн хорооны дарга Ж.Оюунбаатар нар мэдээлэл хийлээ. Ардчилсан нам энэ удаагийн намын даргаа бүх нийтээрээ сонгож байгаа. Энэ нь тогтвортой, хүчтэй нам болох сууриа тавьж байгаа хэмээн тодотгож буй. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаярын хэлснээр “АН-ын дарга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргаж Ерөнхий сайд болдог.

Одоогийн байдлаар 116 мянга 800 гишүүн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаж 1200 төгрөгийн татвараа төлсөн байна. Энэ удаагийн сонгуульд 120-125 мянган гишүүн оролцох урьдчилсан дүн мэдээ гарч байна. Намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр 24:00 цагт хаагдаж байгаа. АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа журмын дагуу зохион байгуулагдаж байгаа. Ардчилсан намаас аливаа санал асуулга, рейтинг тогтоох судалгааг явуулаагүй байгаа. Тиймээс фэйсбүүк болон, сайтуудаар явж байгаа дүнг АН-аас албан ёсоор няцааж байна” гэлээ.

Ардчилсан намын даргын сонгуулийг зохион байгуулах хорооны дарга Ж.Оюунбаатар “Нэр дэвшигчид одоогийн байдлаар найман аймаг хоёр дүүрэгт сурталчилгаагаа хийгээд байна. Өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж байгаа. Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааг хийхдээ дүрэм, журмаа сахиж, эв нэгдлийг хангаж ажиллаж байна. Намын шинэчлэлийн бодлого, өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж байгаа. Нэр дэвшигчдийн очсон газар бүрт АН-ын гишүүд, дэмжигчид ихээр оролцож, намын үйл ажиллагаа сайжирч байна. Намын даргын сонгуулийн хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Энэ сонгууль Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай ижил төстэй явагдаж байгаа.

Ардчилсан намын даргаа сонгох сонгуулийг шударга, ил тод, нээлттэй явуулах үлгэр жишээг харуулна. Дүрэм журмын хүрээнд ямар нэгэн будлиан гаргахгүй байхаар бэлтгэл ажлаа хийж байна” гэлээ. Мөн санал өгсөн хүний хуруун дээр тусгай тэмдэглэгээ хийх, саналыг камер, тв, дэлгэцээр харуулж тоолох зэрэг ажлыг хийх аж. “Бүх аймгийн төв, дүүрэг, сумын төв, тосгодуудад намын даргын сонгуулийг зохион байгуулахаар салбар хороодоо байгуулна. Нэгдүгээр сарын 29 бол ням гараг байгаа. Энэ өдөр АН-ын гишүүд сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *