Categories
мэдээ улс-төр

Нийтийн сонсголыг “амь оруулах” цаг болсон

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг хууль, тогтоолын төслийг гишүүн Н.Энхболд нарын 4 гишүүн өнгөрсөн 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Нийтийн сонсголын тухай хуулиар УИХ нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан УИХ, байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсгол зохион байгуулах дэгтэй болох талаар заажээ. УИХ-аас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах зайлшгүй шаардлага гарсан байна. Иймээс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэр бүхий гишүүд санаачлан боловсруулжээ.

Уг хуулийн төсөлд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд УИХ, байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан байна. Харин “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах” тухай Улсын Их Хурлын тогтооолын төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох, уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулахаар тусгажээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Д.Лүндээжанцан:

-Нийтийн сонсголын тухай энэ товчхон хуулийг ”амь оруулах” цаг нь болсон. Гэхдээ юм болгоноор нийтийн сонсгол хийнэ татаж аваад байж таарахгүй. Иймээс ажлын хэсэг гаргаж Нийтийн сонсгол зохион байгуулах тухай журмын төслийг нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй хэмээлээ.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхийг дэмжсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *