Монголчуудын ахуй амьдралыг залгуулсаар өдий хүрсэн ТҮЦ хэмээх “аймшгийн бузар булай” зүйлийн эсрэг цэвэр ариун Улаанбаатар хотоо хамгаалах тэмцэл сүүлийн 30 шахам жил үргэлжилж байгаа. Манай улс зах зээлийн нийгэмд шилжсэн эхэн үед Тохиролцооны дэлгүүр гэж байлаа. Хөдөө суманд худалдаа бэлтгэлийн анги, эд хэрэглээний хоршоо гэж байсныг хүмүүс мэднэ. Тохиролцооны дэлгүүр бий болох үндэс суурь ингэж тавигдсан. Газар сайгүй хашаа байшин нүхэлсэн дэлгүүрүүд нээгдэж бужигнаан үүсгэж эхлэх нь тэр. Гэвч тэр бүр амжилтад хүрээгүй түүхтэй. Тохиролцоо нэртэй боловч бүх бараа таваар нь худалдагчийн хэлсний дагуу явна. Ямар сайндаа тохиролцоо нь хохиролцоо боллоо гэх яриа гарахав.
Харин ард иргэдийн ахуй амьжиргааг залгуулах, хэрэглэгч түмэнд ямар ч хүнд сурталгүйгээр, түргэн шуурхай зах зээлийн бодит үнээр үйлчлэх цэг нээгдсэн нь ТҮЦ юм. Хөдөө, хот гэлтгүй иргэдийн амьдралд жинхэнэ тусаа үзүүлж, бага ч гэсэн үр шимээ үрэл мэт хүлхүүлсэн нь үнэндээ эрх баригчдын харааж зүхэн, ад үзээд байгаа ТҮЦ-үүд шүү дээ. Монголчуудын амьдрал ТҮЦ-ийнхээ хэмжээгээр л явж ирсэн. Бусдын хэлээд байдагчлан албан тушаал, авлига хээл хахуулиар хагартлаа баяжиж, бодит амьдралаас тасарсан дарга нар үүнийг мэдэхгүй. Түүнээс бол ТҮЦ-ээрээ бид бүхэн амь зогоож байгаа нь үнэн юм. Өнөөдөр нийслэл хотын хэмжээнд 1132 ТҮЦ ажиллаж байгаа юм гэсэн. Эдгээрийн ард гурван мянган өрх гэр амьжиргаагаа залгуулж, түлээ нүүрснээс аваад бор хоногийнхоо хоолыг бусдын гар харалгүйгээр залгуулаад л байгаа. Том болсон нэгнийх нь сургалтын төлбөрийг, сургууль төгссөн нэгнийх нь орон байрны урьдчилгааг ТҮЦ-ийнхээ таван цаасны ашгаар төлчих гэж зүтгэцгээж л байна. Бидний бодит амьдрал ийм л байна. Гэтэл “Аз жаргалтай” Улаанбаатар хотынх нь өнгө төрхийг гутааж байгаа гэх нэрээр ТҮЦ-үүдийг хоморголон устгахаар, бүр мөсөн зайлуулахаар эрх баригчид дайрч байна.
Үндсэндээ, энгийн иргэдийнхээ хоногийн хоолыг булаахаар тэмцэж байна. Одоогийн байдлаар 30-аад ТҮЦ нүүлгэлээ гэж тэд бахархалтайгаар хэлж байна. 750 нь газрын зөвшөөрөлгүй, үйл ажиллагаа явуулах эрхгүй хэмээн хотын захиргааныхан даналзаж, өвлийн тэсгим жавар тачигнаж, эдийн засаг элгээрээ харуулдсан гүн хямралын үед өл залгуулж байгаа эзэмшлийг нь дээрэмдэхээр ханцуй шамлалаа. Арга барсан иргэд “ядахдаа урин цагтай золгуулаач” гэж төрөөсөө гуйж байна. Ийм л үйл явц энэ өдрүүдэд үргэлжилж байна даа. Улаанбаатарын утаа аюулт гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад огтоос санаа зовоогүй нөхөд ядарсан олныхоо ганцхан үнэт катипал нь болсон ТҮЦ рүү нь дайрч байгаа нь хүнлэг бус гэж хэлэхэд ч багадмаар хэрцгий санагдаж байна.
Ер нь иргэдийн амьжиргааны эсрэг энэхүү тэмцэл улс төрийн нэг хүчин сонгуульд ялахад маш хүчтэйгээр идэвхждэг. Улс төрийн ээлжит сонгуульд ялалт байгуулж засгийн эрхийг авсан нам хүчин гурван зүйл дээр алалдаг. Төрийн эрх барих дээд удирдлагууд нь уул уурхайгаа булаацалддаг. Харин дундуур албан тушаалтнууд нь сайдын суудлын төлөө үхэн хатан зүтгэцгээдэг. Нам дотроо фракц үүсгээд танайх төдөн суудал, манайх төдөн суудал, би чи гээд чичрэн дайрцгааж харагддаг. Доод албан тушаалтнууд нь шууд л ТҮЦ-ээ булаалдаад эхэлдэг. Аль ч нам, улс төрийн хүчин ялгаагүй дээ.
Үүл баатрын үед стандартад нийцсэн ТҮЦ гэх нэрээр бас л үймүүлж, бужигнуулсан. Дороосоо халдаг шалтай, дотроо амрах өрөөтэй, хяналтын камер, галын багаж хэрэгсэлтэй гээд баахан “стандарт” заасан ТҮЦ-ийг Эрээнээс зөөсөн.
Өнөө алдарт “25 саяын ТҮЦ” гэдэг маань тэр шүү дээ. Энэхүү үймээнээр ардчиллын партизанууд, Ардчилсан нам чигийн нөхөд хувьдаа ТҮЦ-тэй болсон нь нууц биш. Одоо эрх баригч Ардын намынхан өөрсдийнхөө нөхдийг өл залгуулах хоолтой болгохоор эгэл жирийн олны өмч хөрөнгийг хураахаар тэмцлээ эхлүүлэх нь тэр. Анзаарах нь ээ, ардын намын нөхдийн тавьж байгаа шаардлага үнэндээ инээдтэй, өрөвдмөөр, хөгийн. Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй ТҮЦ-үүд дотроо 00-гүй гэх нэрээр тэд нурааж байна. Ерэн хэдэн хувь нь 00-гүй байна гэж сүржигнэж байна. Битгий сэрүүн зүүдэл нөхөд минь. Өнөөдөр Улаанбаатар хотод жинхэнэдээ дотроо 00-той ТҮЦ битгий хэл банк ч байхгүй шүү дээ. Яагаад банк гэж байна вэ гэвэл мөнгөтэй газар. Гэвч банкаар үйлчлүүлээд гарахдаа 00-оор давхар үйлчлүүлсэн хүн байна уу. Мэдээж албан байгууллага учир ариун цэврийн өрөөтэй байж таарна. Тэр нь ард иргэдэд, үйлчлүүлэгч олонд хамаагүй. Бие засах газар хаана вэ, ороодохъё гэвэл харуул хамгаалагчид нь нохой шиг хөөгөөд гаргана.
Хүн төрөлхтний амьжиргааны гол эх үүсвэр арилжаа наймаа байдаг. Гудамжиндаа, иргэдийнхээ дунд арилжаа наймаа хийдэггүй, бараа бүтээгдэхүүн зардаггүй, хоол ундны үйлчилгээ эрхэлдэггүй дэлхийн хот гэж байхгүй. Бүхий л улс орнууд дүүрэг, хороо бүртээ худалдааны том том гудамж, бүсүүдтэй, гар дээрээс наймаа эрхлээд, тэнд нь хоол ундны, үзвэр үйлчилгээний гээд иж бүрнээрээ, цогцоороо байж байдаг.
Гэтэл Монголд үүнийг хамгийн бузар муу муухай зүйл мэтээр үзэж, гар дээрээс наймаа хийхийг шившгийн ажил гэж харж байгаа нь эмгэнэл. Бид ийм тэнэг, бүдүүлэг сэтгэхүйгээ нэн даруй өөрчлөх хэрэгтэй байна. Аливаа асуудалд бодитойгоор, амьдралын үнэнээр хандмаар байна. Аз жаргалтай Улаанбаатарыг муухай харагдуулаад байгаа хүмүүс чинь хэдэн малаа цас зуданд тавьж туучихаад хотоо харлуулан яахаа мэдэхгүй, амь зуухын тулд их хотоо бараадаж байгаа иргэд. Тэднийг зайл гээд нохой шиг хөөхгүй нь үнэн. Улаанбаатарт нүүж ирсэн иргэд арилжаа наймаа хийхгүйгээр, ядах нь ээ ганц бохь, зайрмаг, ундаа зарахгүйгээр амьдрахад бэрх. Залуучууд нь барилга энээ тэрээд ажилладаг юм байгаа биз. Нас тогтсон эмэгтэйчүүд бол ийм л ажил хийнэ. Өөр нөхцөл боломж өнөөдөр алга байна. Иргэдийнхээ ийм боломжийг нь хязгаарлаад яаж амьдар гэж байгаа хэрэг вэ. ТҮЦ-үүдийг байхгүй болгоход сүлжээ том дэлгүүрүүд багагүй нөлөөлдөг шиг байна лээ. Тэдний лоббигоор эрх баригчдын зарим нэг захирамж явдгийг хүмүүс барим тавин хэлдэг л юм. Гар дээрх иргэдийн худалдаа томоохон дэлгүүрүүдийн ханшаас даруй 40, 50 хувиар хямдхан байдгийг бид мэднэ. Тиймээс тэд үзэж чаддаггүй юм. “Утаа баагиулсан ТҮЦ-үүд Улаанбаатар хотыг минь бузарлаж байна” гэх утгатай үгсийг нэг банкны эзэн олон нийтийн сүлжээгээр бичсэн байна лээ. Миний бие хувьдаа банктай бол тэгж хэлмээр л байх юм. Гэвч бодит амьдралын хөрс гэдэг өөр байдаг. Тиймийн учир олон түмэнд зардал багатай (лангууны түрээс гэж өгдөггүй учир бараа бүтээгдэхүүн нь зах зээлийн ханшаар байдаг), дээрээс нь ямар нэгэн чирэгдэлгүйгээр түргэн шуурхай үйлчилдэг ТҮЦ-үүдийн эсрэг тэмцлээ одоо зогсоох цаг нь болжээ. Зуугаад хувь нь дотроо 00-гүй гэснээс нийтийн үйлчилгээний газрууд ялангуяа томоохон дэлгүүр, хоолны сүлжээ ресторан, банк зэрэг албан газрууд нэг давхартаа иргэдэд үйлчлэх 00-той болмоор байна. Нийтийн жорлон гэж нэг хэсэг ярьсан. Түүнийгээ ажил болгож хэрэгжүүлбэл яасан юм.