Categories
гадаад мэдээ

Оросын Элчингийн амийг хөнөөсөн явдлыг дэлхийн удирдагчид буруушаав

Даваа гарагийн орой Туркэд суугаа ОХУ-ын Элчин сайд Андрей Карловыг буудан хөнөөснийг дэлхийн удирдагчид зэмлэн буруушааж байна. Оросын Элчин сайдыг хөнөөсөн тус этгээд нь цагдаагийн тусгай ангийн ажилтан Мевлют Мерт Алтынташ гэдэг нэртэй хүн байжээ. Тэрээр Туркийн баруун хэсгийн Айдин мужид төрсөн, 22 настай, Анкара хотод алба хааж байсан нэгэн аж. Reuters агентлагийн мэдээлснээр, тэр ажилдаа очоогүй ба Орчин үеийн урлагийн төвд өөрийн үнэмлэхээр нэвтрэн оржээ.

Харин HaberTurk агентлагийн мэдээгээр, бүтэлгүй цэргийн эргэлтийн дараа Мевлют Мерт Алтынташ ажлаасаа халагдсан байсан гэнэ.

Тухайлбал, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг: Твиттер хуудсандаа “ОХУ-аас Туркэд суугаа Элчин сайдыг буудан хөнөөснийг би эрс зэмлэн буруушааж байна. Түүний ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье. Ийм аймшигт үйлдлийг хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй” гэжээ.

АНУ-ын Төрийн Департамент, Пентагон болон Цагаан ордон: Ямар ч шалтгаантай байсан ийм хэрэг үйлдэх нь буруу. Энэ хэргийг мөрдөн шалгахад чадах бүхнээрээ туслах болно гэжээ.

Цагаан ордны мэдэгдэлд “дипломат корпусын гишүүнийг ийм аймшигтайгаар хөнөөснийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Бид терроризмын аливаа хэлбэрийн эсрэг тэмцэлд Орос болон Турктэй хэзээд хамт байна” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трам: Элчин сайд Карловын амь насыг лалын хэт давруу үзэлт террорист этгээд бүрэлгэлээ. Түүний ар гэрийнхэн болон Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна” гээд “Элчин сайдыг хөнөөсөн нь иргэний нийгмийн бүх хууль журмыг зөрчсөн хэрэг. Дэлхий нийтээрээ үүнийг зэмлэн буруушаах хэрэгтэй гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн: Терроризмын шинжтэй энэ хэрэг намайг үнэхээр цочирдуулж, сэрдхийлгэлээ. Дипломат ажилтан болон энгийн номхон иргэдийг халдлагын бай болгохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Казахстаны ГХЯ Карловын ар гэрийнхэн: Оросын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлээд “тусгаар тогтносон бүрэн эрхт улсын төлөөлөгчийг онилон террорис халдлага үйлдсэн нь Турк болон Оросын харилцааг хөндийрүүлж, таслах гэсэн оролдлого” гэжээ.

Элчингийн амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Орос, Туркийн харилцааг муутгах улмаар Сирийн нөхцөл байдлыг доройтуулах зорилготой өдөөн хатгалга хэмээн ОХУ үзэж байна. Бид хамтын хүчээр буруутанг олох болно. Бид хариугаа авах болно. Москва терроризмын эсрэг тэмцлээ эцэс буцалтгүй эхлүүлж, алуурчдыг шийтгэх болно” гэж мэдэгджээ.

Харамсалтайгаар амиа алдсан Элчин сайд Андрей Карловын талаар Ерөнхийлөгч “Сайн нөхөр, сайн дипломатч байсан. Үнэхээр харамсалтай. Гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” гэсэн байна. Мөн албаныханд гадаадын орнуудад ажиллаж буй ОХУ-ын Элчин сайдын хамгаалалтыг нэмэгдүүлэхийг тушаасан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *