Categories
мэдээ улс-төр

Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж АНЭУ-аас зээл хүслээ

УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-аас Персийн булангийн орнуудад ажлын айлчлал хийхээр ирээд байна. Тэрбээр айлчлалаа Арабын Нэгдсэн Эмират улсаас эхэлж, тус улсын Холбооны үндэсний зөвлөлийн дарга, доктор Амал Абдулла Ал Кубаиситай уулзлаа.

Амал Абдулла Ал Кубаиси хоёр орны парламентын хамтын ажиллагаа бодит түвшинд шинээр эхэлж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр “Бидний хамтын ажиллагаа бол итгэлцэлд суурилсан харилцаа. Манай улс олон оронтой дипломат харилцаатай. Гэхдээ эрх тэгш харилцааны зарчим Монголтой илүү сайн хөгжиж байгаад баяртай байдаг” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд “Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод 20 жил болжээ. Хоёр тал хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тодорхой туршлага хуримтлуулж байна. Улс төрийн харилцаа ч сайн хөгжиж байгаа. 2016 онд Арабын Нэгдсэн Эмират улс Монгол Улсад Элчин сайдын яамаа нээж, Монгол Улс Дубайд өөрийн төлөөлөгчийн газраа нээх болсноор хамтын ажиллагааны байнгын, идэвхтэй механизм бүрэлдэн бий болох эхлэл тавигдлаа.Хоёр улсын харилцааг бүх түвшинд өргөжүүлэх ёстой гэж бодож байна. Тэдгээрийн нэг нь парламент хоорондын харилцаа юм. Худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажиллагаанд эрх зүйн таатай орчин нэн чухал тул ийм нөхцөлийг бүрдүүлэх нь бидний үүрэг. Түүнчлэн парламентын гишүүдийн харилцан айлчлалыг тогтмолжуулах, парламентын бүлэг, парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бидний эхний зорилго байх болно. Мөн олон улсын болон бүс нутгийн парламентын байгууллагуудын түвшинд бие биеэ дэмжиж ажиллах нь чухал юм. Монголын баруун бүс нутгийг эрчим хүчээр хангах Тайширын усан цахилгаан станцын төслийн санхүүжилтэд “Абу Дабигийн сан” 13 сая ам долларын хөнгөлөлттэй зээл олгосонд манай ард түмэн, ялангуяа тус бүс нутгийн иргэд ямагт талархалтай ханддаг. Энэ бүтээн байгуулалт манай хоёр орны хамтын ажиллагааны нэгэн бэлгэ тэмдэг юм” гэж онцлов.

Мөн “Монгол Улс эдийн засаг, санхүүгийн амаргүй нөхцөл байдалтай тулгараад байна. Гэхдээ удаан үргэлжлэхгүй гэдэгт бид итгэлтэй байгаа. Монгол Улс бол өргөн уудам газар нутагтай, 70 сая малтай, байгалийн баялаг ихтэй, 3.0 сая хүн амтай орон. Энэ онд явагдсан парламентын болон орон нутгийн сонгуульд манай нам ялалт байгуулсан. Тэгэхээр ойрын 4 жилд Засгийн газар тогтвортой, төр засгийн бодлого, үйл ажиллагаа нэгдмэл байх болно. Эдийн засгийн хүндрэлтэй байдлыг даван туулахад зориулж урт хугацааны, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгож өгнө үү хэмээн хүсэж байна. Энэ талаар манай Засгийн газар албан ёсны хүсэлт тавьсан байгаа. Энэ хүрээнд “Абу Дабигийн сан” болон бусад санхүүгийн эх үүсвэрээр дамжуулан томоохон хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхол бидэнд бийг уламжилъя. Хатагтай Таныг энэ асуудалд анхаарлаа хандуулж, төр, засгийнхаа түвшинд дэмжиж өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.

Хатагтай Амал Абдулла Ал Кубаиси “Эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд тусламж дэмжлэг үзүүлж болно. Энэхүү дэмжлэг нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмыг баримталсан байх ёстой” гэж хэллээ.

УИХ-ын дарга М.Энхболд хатагтай Амал Абдулла Ал Кубаисиг тааламжтай үедээ Монгол Улсад айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *