Монголын Урчуудын эвлэлийн “Шинэ урлагийн нэгдэл”-ээс хоёр дахь удаагаа дэглэн тавьж буй “Contemporary Art” exhibition-II үзэсгэлэн өчигдөр МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийлээ.
Монголын орчин үеийн урлагийн хөгжлийн явц, сэтгэлгээний хурд, өнгө төрхийг олон нийтэд таниулах, шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих зорилготойгоор хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг эл үзэсгэлэнд тодорхой шалгуурыг давсан 21 уран бүтээлчийн бүтээл дэлгэгджээ.
Ингээд энэ удаагийн үзэсгэлэнгийн зохион байгуулагч болон бүтээл нь тавигдсан уран бүтээлчдийн төлөөлөлтэй товч ярилцсанаа хүргэе.
МУЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, уран бүтээлч Д.Батзориг:
Анхны үзэсгэлэн 2014 онд тавигдаж байсан. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг учир энэ жил 2 дахь удаагаа дэлгэгдэж байна. Энэ үзэсгэлэнгийн гол зорилго нь орчин үеийн урлагийн төрлөөр бүтээл туурвидаг шинэ залуу уран бүтээлч, дүр төрхийг бодлогын хэмжээнд гарган ирэх зорилготойгоор Монголын Урчуудын эвлэлээс зохион байгуулдаг ажил юм. Нийт 36 уран бүтээлчийн 40 гаруй бүтээл ирснээс сонгон шалгаруулалт хийгдэж 21 уран бүтээлчийн 19 бүтээл дэлгэгдсэн. Үзэсгэлэнг амжилттай болгох нэн тэргүүний хүчин зүйл нь дэглэлт байдаг. Бид ч дэглэлтдээ илүү анхаарсан. Ер нь контемпорари урлагийг хөгжүүлье гэвэл орон зайг нь л гаргаж өгөх чухал.
“Art Mongolia” төвийн уран бүтээлч Д.Бат Эрдэнэ:
Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн миний энэ ажил “Empty” буюу хоосон гэдэг нэртэй. Уг санаа нь бол хоосорчихсон, дууссан, хоосон бол хоосон гэсэн утгыг агуулж байгаа юм. Бодит байдал нь цаанаа байгаа юм уу, эсвэл бодит байдал нь хавтгай дээрээ байгаа юм уу гэж харагдахаар хийсэн орон зайн видео арт юм.
“Empty” буюу хоосон.
Манай “Art Mongolia” төвийн дөрвөн уран бүтээлчийн ажил энэ удаагийн үзэсгэлэнд шалгаран оролцож байна. Ер нь бол зохион байгуулагчдын зүгээс үзэсгэлэнд тавигдах бүтээлийн шалгуурт их сайн босго тавьсан байна билээ. Хэлбэр хийц, утга санааны хувьд ч чанартай бүтээлүүдийг сонгож бүтээл бүхэнд орон зайг хангалттай гарган өгч их сайн дэглэжээ.
Урлаг судлаач, зураач П.Ганбат:
Миний энэ бүтээл “Үндсэн хууль” нэртэй. Монгол Улсын Үндсэн хуулинд хүн бүхэн амьд явах эрхтэй гэж заасан ч өнөөдөр энэ эрхээ бид тэгш эдэлж чадаж байна уу? Зарим хүнд хууль өөрөөр сонсогдож, өөрөөр тайлбарлагдаж, өөрөөр уншигдаж байна шүү дээ.
“Үндсэн хууль”
Нийгэм рүү чиглэсэн ийм бүтээл хийхэд орон зай их шаардагдсан. Тийм учраас комтемпорари урлагийн төрлөөр, тэр дундаа инстоляци хэлбэрийг сонгосон. Миний сонгож авсан материал бол нүүрс зөөдөг конверын дамрууд. Нэг л цагт яг ижил хэмжээтэй нүүрс зөөж буй дамрууд хэрнээ өөр өөр элэгдэлтэй даамрууд байх жишээний. Нэг ёсондоо энэ нийгмийн бүтээгдэхүүн болсон хүмүүс бид л гэсэн үг.