Categories
мэдээ нийгэм

Аюулгүй байдал болон Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн дэргэдэх ажлын алба хуралдлаа

Иргэний нисэхийн Аюулгүй байдлын Зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын алба өнөөдөр хуралдлаа.

Хурлаар Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн 12 дугаар хурлын шийдвэрийн хэрэгжилт болон 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн бүсийг “Цагдаагийн байгууллагын хамгаалалтад авах онц чухал обьектын жагсаалт”-д оруулсан тухай Засгийн газрын 231 дүгээр тогтоолын хэрэгжилт, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Аюулгүй байдлын төлөвлөлт, тулгамдаж буй асуудлууд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ирүүлсэн санал, Зөвлөлийн 13 дугаар хурлын тов тогтоох зэрэг асуудлыг хэлэлцлээ.Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөл нь Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны Чикагогийн конвенцийн “Иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” тухай Хавсралтын 17-д заасны дагуу Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах, түүний хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр 2007 онд байгуулагдан ажиллаж байгаа юм. Улмаар 2007 онд Засгийн газрын 175 дугаар тогтоолоор “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-ийг баталсан байдаг.

Иргэний нисэхийн Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом хурлыг нээж хэлсэн үгэндээ “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн ажилд туслалцаа үзүүлэх зорилготой Ажлын албаны хуралд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлье. Зөвлөлийн гишүүн байгууллагуудын нисэхийн аюулгүй байдлыг бэхжүүлэх идэвх, хамтын ажиллагааг хангах зорилгоор хөтөлбөрөөр үүрэг хүлээсэн байгууллагуудтай зөвшилцсөний дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар тушаалаар Иргэний нисэхийн аюулгүй байдлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулсан. Тиймээс Зөвлөлийн ажилд дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрт оролцогч байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах үүрэг бүхий Нарийн бичгийн даргын ажлын албыг ИНЕГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 789 дүгээр тушаалаар тус тус баталсан” хэмээн мэдэгдлээ. Ажлын албаны хуралд Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс, Гадаадын иргэн харъяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Төрийн өмчит “МИАТ”ХХК зэрэг байгууллагуудын төлөөлөгчид оролцлоо.

Дээрх хуралдааны дараа Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны хурал мөн болж байна. Энэ хурлаар мөн Агаарын тээврийг хялбаршуулах зөвлөлийн үйл ажиллагааны товч тайлан, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын зорчигч үйлчилгээний чиглэлээр хийгдэж буй ажлууд, Машинаар уншигддаг нисэх багийн үнэмлэхийг гадаадад зорчих бичиг баримтад тооцуулах, түүний эрх зүйн зохицуулалт, Зорчигчийн урьдчилсан мэдээллийн дэвшилтэт технологийн системийг нэвтрүүлснээр гарах үр дүнгийн талаар хэлэлцэж байна.

Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн “Хавсралт-9” болон Зөвлөмжид заасны дагуу иргэний нисэх, гадаад хэрэг, хууль зүй, хүнс хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, эрүүл мэнд, улсын бүртгэл, гааль, цагдаа хил хамгаалах, хилийн мэргэжлийн хяналтын байгууллага болон хуваарьт нислэг гүйцэтгэдэг агаарын тээврийн байгууллагуудын төлөөлөл бүхий “Агаарын тээврийг хялбаршуулах Зөвлөл”-ийг Зам тээврийн яам 2011-оноос эхлэн байгуулж холбогдох байгууллагууд өнөөдрийн байдлаар 3 удаагийн хурал зохион байгуулаад байгаа юм.

Засгийн газрын бүтэц, зохион байгуулалттын өөрчлөлттэй холбогдуулан Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Зам тээврийн хөгжлийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоолоор шинэчлэн баталсныг ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом хурлын эхэнд мөн танилцуулсан. Тэрбээр Зөвлөлийн дэргэдэх Нарийн бичгийн даргын ажлын албаны үйл ажиллагаанд цаашид идэвхитэй оролцож хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *