“Утгын чимэг-2016” богино өгүүллэгийн наадамд Монголын радиогийн “Алтан сан” радиогийн продюсер, зохиолч, яруу найрагч Балсангийн Лхагвасүрэн “Яргуй нүдлэх цагаар” бүтээлээрээ түрүүлсэн юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.
-Таныг Ховдын багшийн дээд сургуулийг төгссөн гэж сонслоо. Хэдэн онд дээд сургуулиа дүүргэсэн бэ, та аль нутгийнх вэ?
-Би Завхан аймгийн Цагаанхайрхан сумынх.1992 онд Ховдын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр дүүргэсэн. Аравдугаар ангиа төгсөөд уралдаант шалгалтад орохдоо МУИС-ийн сэтгүүлчийн ангид орох санаатай байсан ч чадаагүй. МУИС-ийг сонирхож байсан болохоор Ховдын сургууль руу их л дургүй явж байлаа. Хожим нь эргээд бодоход Ховдын багшийн дээд сургуульд сурсан нь маш их хувь заяа байж гэж бодогддог. Тэнд л хамгийн сайхан багш, найз нөхөдтэйгөө учирсан. Азаар надад олон сайхан уран бүтээлч найз нөхөд бий. Урд нь гараад манлайлаад байсангүй ч ард нь нэг их хоцорчихгүй, сураг ажиг тасарчихгүй шиг явж л байна. Монголын радио гэх энэ эрхэм айлын оноож өгсөн албыг цалгардуулахгүй бусдын дайтай сэтгүүлч гэж хэлэгдэх хэмжээнд хүргэсэн нь миний багш нарын ач гавьяа, тиймээс баярлаж урамшсан энэ өдрүүдэд багш нарыгаа л бодож байна даа.
-Багш гэснээс таныг зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн С.Пүрэвийн шавь гэж сонслоо.
-Би их азтай хүн бололтой. 1991 оны “Морин хуур” наадамд миний үгийг нь бичсэн “Салж эгээрэх хорвоо” дуу дэд байрын шагнал хүртсэн. Тэгэхэд би оюутан байсан. Үүнээс хойш “Салж эгээрэх хорвоо”-гийн Лхагвасүрэн гэдэг нэрийн хуудсаар олон сайхан уран бүтээлчтэй танилцсан. Намайг анх Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Д.Баянтунгалаг ах Монголын радиогийн дарга байсан зохиолч П.Баярсайхан дээр дагуулж ирээд танилцуулахад “Аан нөгөө “Салж гэгээрэх хорвоо”-гийн Лхагвасүрэн үү” гэж билээ. Тэгээд Баярсайхан дарга зохиолч С.Пүрэв гуайг өрөөндөө дуудаж танилцуулаад тухайн үед С.Пүрэв ахын удирдаж байсан Уран зохиолын редакцид ажиллаж эхэлснээр би радиогийн хүн болсон доо. Ингэж анх удаа тэр гайхалтай мундаг том зохиолчийг харж билээ. Манай уран зохиолын редакцид нэрт зохиолч МУСГЗ Д.Намсрай, СГЗ Ж.Саруулбуян, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн, нэрт сэтгүүлч П.Соёлдэлгэр зэрэг уран бүтээлчид ажиллаж байлаа. Ийм мундаг хүмүүстэй ажиллана гэдэг дахиад нэг их сургууль дүүргэсэнтэй адил болсон. Би С.Пүрэв ахыг та миний багш гэж байгаагүй, Пүрэв ах ч намайг чи миний шавь гээгүй. Гэхдээ өдөр тутам тэднээсээ үлгэр авч, тэдний хүн, уран бүтээлч байх ухааны зах зухаас өөрийн хэрээр өөртөө үлдээсэн гэж боддог.
“Утгын чимэг” наадамд С.Пүрэв ахтайгаа цуг оролцсон. Би ер нь ямар нэгэн уралдаанд оролцож байгаагүй, нам гүм байдаг хүн, анх удаа л энэ нэр хүндтэй наадамд найз нөхдийнхөө шаардлага түлхээсээр оролцлоо. Би нэг их авьяастайдаа биш сайхан багш нар, мундаг сайхан найз нар дэргэд маань байдаг учраас хүн аргагүй өөртөө шаардлага тавьж, тэднийхээ энд хүрч цойлохгүй ч гэсэн араас нь явах гэдэг юм уу, нэг юм байдаг юм билээ. 1990-ээд онд уран бүтээлээ туурвиж эхлээд өдгөө нэртэй яруу найрагч, зохиолчид болсон олон сайхан найз нар минь намайг цаг үргэлж дэргэдээ дагуулж чимээ алдраад алга болчихолгүй бич, номоо гарга гэж шавдуулдаг. Одоо үгэнд нь орноо. Энэ үйл явдал надад маш их урам зориг итгэл өглөө. “Утгын чимэг” наадмын шилдэг 10 өгүүллэгийн нэг нь болжээ гэж сонсоод би үнэхээр их баярласан. “Миний өгүүллэг шилдэг аравт орчихлоо. Энэ чинь найзад нь түрүүлснээс ялгаагүй” гээд л найз нартаа гайхуулж байлаа. Гэтэл түрүүлчихсэн чинь их гоё байна. Хүмүүс намайг мэдэхгүй, Батын Лхагвасүрэн эгчтэйгээ зэрэгцээд сууж байсан чинь түүнд баяр хүргээд. Тэгсэн Батын Лхагвасүрэн эгч маань “Энэ хүн” гээд заасан. Миний урд талын эгнээнд нэрт орчуулагч Ж.Нэргүй сууж байсан. Эхний таван өгүүллэг уншигдсаны дараа эргэж хараад “Лхагвасүрэн гэж чи юу, өгүүллэг чинь түрүүлнэ ээ” гэж хэлээд надад баяр хүргэхэд үнэхээр их догдолсон. Миний өгүүллэг тав дахь өгүүллэг болж уншигдсан юм л даа. “Утгын чимэг”-ийн тэргүүн байран дээр нэмэх бас нэг том шагнал байсан нь Ж.Нэргүй ахын хэлсэн тэр үг.
-Та урьд нь ямар ч тэмцээн, уралдаанд оролцож байгаагүй гэлээ. Яагаад “Утгын чимэг”-т оролцохоор шийдэв?
-Уг нь би оролцоно гэж бодоогүй. Манай радиогийн дарга зохиолч, сэтгүүлч Б.Баярсайхан нэлээд дээхнэ чи “Утгын чимэг” наадамд өгүүллэгээ өгөөрэй” гэж байсан. Тухайн үедээ би чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн ч Баярааг харахаараа нээрээ өгүүллэгээ бичье байз гэж бодоод л өнгөрнө. “Утгын чимэг”-ийн өгүүллэг авч дуусах сүүлийн өдөр манай “Шинэ эрин”-ий сэтгүүлч Цогт-Эрдэнэ орж ирээд “Та нар “Утгын чимэг”-т өгүүллэгээ өгсөн үү. Манай Бавуу ах, Мийгаа ах, Нямлхагва ах аль хэдийнэ өгчихсөн” гэж байна. Тэгэхээр нь би тоглоомоор “Хөөе Эрдэнэ-Очир оо, нөгөөдүүл чинь өгчихсөн гэнэ шүү. Бавуу хүртэл өгүүллэг өгсөн байна шүү дээ… Хоёулаа эднийг нам дарах уу” гээд л марзаганаж билээ. Тэгсэн А.Эрдэнэ-Очир маань “Хүүе тэгье. Надад ч нэг юм байгаа. Тэрийгээ янзлаад маргааш аваад ирье. Чи ч гэсэн өгүүллэгээ өгчих” гэхэд юугаа өгдөг билээ гэж бодсон. “Намар оройхон” гэж нэг өгүүллэг бичээд арай дуусаагүй байсан. Миний бодлоор бол их гайгүй. Гэтэл “Утгын чимэг”-ийн шалгуур нь гурван хуудаснаас хэтрэхгүй байх ёстой. Тиймээс “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээ маш хурдан бичсэн. Санаа нь сэтгэлд байсан л даа. Тийм болохоор амархан бичигдсэн.
-Нэг шөнө суугаад бичсэн гэсэн?
-Тийм ээ, бүтээл авах сүүлийн өдөр болохоор их ч сандарсан. Гэхдээ санаа нь сэтгэлд явж байсан. Уран уншигчид өгөхөөсөө өмнө төгсгөлөө жаахан зассан юм. Миний өгүүллэгийг жүжигчин Т.Энхдөл үнэхээр сайхан уншсан. Дорноговийн театрын жүжигчин Төмөрбаатар гэдэг хүний хүү юм байна лээ. Аргагүй урлагийн хүний хүүхдийн сэтгэл ур мэдрэмж байна даа гэж бодсон.
-Та түрүүн “Салж эгээрэх хорвоо” дуу 1991 онд “Морин хуур” наадамд дэд тэргүүн байр эзэлсэн гэсэн. Энэ дуу яаж төрсөн бол?
-Тэгэхэд би гуравдугаар курсийн оюутан байсан. Манай Ховдын “Жангар” гэж гоё хамтлаг байлаа. Нэг өдөр завсарлагаанаар ангийнхантайгаа цонхон дээр яриад зогсож байтал тус хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Н.Цолмон ирээд ээждээ зориулж дуу хийх гэсэн юм, шүлэг бичиж өгөөч гэсэн. Одоо санахгүй байна аа, нэг шалтгаанаар их л яаруу, өнөөдөр байвал сайн байна гэсэн. Цолмон бас иймэрхүү санаатай байвал зүгээр гэж хэлж өгсөн л дөө. Тэгээд л “Тэгье, одоо бичээд өгье” гээд цонхны тавцан дээр сууж байгаад шүлгийг нь бичиж өгч билээ. Тэгээд “Юу ч гэсэн үүнийг аваад явж бай” гэсэн. Орой нь очоод гурав дахь бадгийг нь бичихээр болсон. Гэтэл цааш нь бичих гэсэн боловч ерөөсөө болоогүй. Ингээд л хоёр бадагтай дуу болсон доо. Тэр үед ээждээ зориулж дуу хийх гээд яарч сандарч яваа Цолмонг хараад өрөвдсөн үү, ээжийгээ хачин их санадаг байсан болохоор тэр үү. Тэр дууны үг их л хурдан гарсан даа. Тухайн үед сургуулийнхаа яруу найргийн дугуйланд явдаг байсан. Бас яруу найрагч, миний багш Дашзэвэгийн Мөнхтөр болон яруу найрагч Д.Цогбадрах, Т.Баянсан, Х.Эрдэнэбаатар, М.Уянсүх нарынхаа хөг аялгуунд автаж шүлэг их бичдэг байсан. Би ер нь дандаа л сайн найз нар, багш, хамт олонтой учирч явдаг юм байна. Тэдний маань нөлөө маш их юм даа.
-Та бичсэн шүлэг, өгүүллэгээ ширээнийхээ нүдэнд хадгалаад байдаг юм уу даа, “Утгын чимэг” наадамд түрүүлээд шагналаа гардан авч байхдаа “За одоо нэг ном гаргана даа” гэж бодогдож байв уу?
-Бодогдсон. Шагнал гардуулсны дараа манай уран бүтээлчид Зохиолчдын хороон дээр очсон. Тэр үед надад нэг юм бодогдсон. “Яргуй нүдлэх цагаар” өгүүллэгээс маань илүү байж магадгүй өгүүллэг надад байгаа ч юм шиг. Өгүүллэгийнхээ номыг гаргая, ном болчих шүлгүүд ч бий. Тууриар дагнах юм бол мөн л нэг ном болох байх даа гэсэн юм бодлоо. Найз нөхөд маань баяр хүргэж жаахан суусны дараа сэтгэл их догдолчихсон гэртээ ирээд шөнөжин хэдэн хавтсаа эргүүлээд харж суухад нэлээд юм байна лээ. Гэртээ сэтгэлд хүрсэн сайхан бичгийн ширээ, тухтай сандал, их олон тэмдэглэлийн дэвтэртэй. Бас үнэхээр сайхан амттай чанадаг кофе чанагчтай. Энэ хэдтэйгээ нөхөрлөөд л чимээ аниргүй удаан явлаа. Одоо номоо гаргаж уран бүтээлчдийн дунд орж ном бүтээлээр нь мэддэг болсон хүмүүсээ зүс төрхөөр нь таньдаг болъё доо, намайг тоовол тэмдэглэлийн дэвтэртээ тэдний ухааны далайгаас чадлын хэрээр тэмдэглэж үлдээе дээ гэж л бодож байна. Тэмдэглэл ямар үнэ цэнэтэйг би Ж.Саруулбуян ахаасаа сурсан.
-Бичсэнээ эргээд харахад ихэвчлэн ямар сэдвийг илүү хөндсөн байна?
-Найзууд маань намайг их гэрэл гэгээтэй бичлэгтэй гэж хэлдэг шүү. Би цэнхэр, хөх гэдэг үгийг их хэрэглэдэг. Шүлгэнд маань гэхэд тав, зургаа, бүр арав гаруй удаа цэнхэр гэдэг үг орсон байдаг. Тэглээ ч нэг үг олон давтагдсан гэсэн сэтгэгдэл төрүүлдэггүй гэж уншсан хүмүүс хэлдэг. Би өөрөө ч тэгж боддог. Харин саяын түрүүлсэн өгүүллэгийн эхний хэдхэн мөрөнд хөх гэдэг үг дөрөв тав орсон байгаа. Ингэж болох уу гэж нэг уншигч сайтад тавигдсан өгүүллэгийн маань доор сэтгэгдэл хэсэгт нэлээн шүүмжилсэн байна лээ. Би ер нь алив нэг юмны тухай удаан боддог. Амьдрал энгийн амар амгалан байгаасай. Хүмүүс ч гэсэн бие биедээ ээж аав, ахан дүүс, хань ижлийн сэтгэлээр дулаан дотно хандаасай. Мянга мянган жил амьдрахгүй болохоор хүйтэн сэрүү татмаар биш найрсаг дулаахан байгаасай л гэж боддог. Гаднаас нь харахад үнэтэй тансаг өмсгөлтэй гоё ганган хэдий ч ширэв татаад ихэмсэглээд алив бүхэнд ялгавартай хандаж байгаа хүнийг хараад яагаад ч юм өрөвддөг, бас жийрхдэг.
-Та Монголын Зохиолчдын Эвлэлд элсээгүй гэсэн байх аа?
-Тийм ээ. СГЗ, яруу найрагч Ц.Чимэддорж, П.Баярсайхан ах маань амьд сэрүүн байхдаа намайг батлан даагаад элсүүлье гэж байсан боловч би жаахан хойш суугаад элсээгүй. Дараа нь Ц.Бавуудорж, Б.Баярсайхан хоёр маань элсүүлье гэсэн боловч бас л хойш суугаад хоцорсон. Хувь хүнийхээ хувьд би тиймэрхүү хэнэггүй ч юм уу, дорой ч юм уу, чимээ аниргүй нам гүмд л ном уншаад тав тухтайхан сууж байвал сайхан санагддаг хүн л дээ.