Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хашаанд иргэн О-н “Ренж ровер” загварын автомашин дотроос их хэмжээний мөнгөн ус илрүүллээ гэсэн дуудлагыг урьд шөнө 00:37 цагт Онцгой байдлын ерөнхий газрын жижүүрт ирүүлжээ. Энэхүү дуудлагын дагуу Нийслэлийн аврах ангийн албан хаагчид хэргийн газар ажилласан байна. Уг хашаанд 64.4 кг жинтэй хоёр төмөр бортогон савтай мөнгөн усыг зарж борлуулж байсныг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч ахмад А-гаар ахлуулсан бүрэлдэхүүн илрүүлж, саатуулаад байсан ажээ. Уг мөнгөн усыг одоогоор битүүмжлэн, аюулгүй болгоод байгаа юм байна.