Үндсэн хуулийн цэц өнөөдөр их суудлаар хуралдлаа.
Хуралдаанаар “Хяналтын шатны шүүх шийдвэрээ энэ хуулийн 31.5-д заасан тусгай саналын хамт … өөрийн цахим хуудсанд байрлуулж, хэвлэн нийтэлнэ.” гэсэн Шүүхийн тухай хуулийн заалт нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүгчийн хараат бусаар ажиллах зарчмыг алдагдуулах, зөвлөлдөх тасалгааны нууцыг хамгаалах зарчим хөндөгдөх нөхцлийг бүрдүүлж, “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ.” гэсэн Үндсэн хуулийн заалтыг тус тус зөрчсөн болохыг эцэслэн тогтоожээ.
Иймээс Үндсэн хуулийн цэц Шүүхийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Их Хурлын 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 10 дугаар дүгнэлтийн тухай” 50 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болголоо.
Эх сурвалж: Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч