Categories
мэдээ улс-төр

С.Чинзориг: Малчдад малаа үнэтэй болгоно гэхээсээ илүү эрүүлжүүлэх ажлыг сурталчилмаар байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар мал аж ахуйн салбарын асуудлаар ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: Үндсэн хуулиндаа малын төрийн хамгаалалтад байна гэж заасан. Мал эмнэлгийн үржлийн газрыг хувьчилчихсан. Малыг эрүүлжүүлэх, үржлийн асуудлыг нэг ёсондоо төрийн гадна гаргачихаад байгаа юм. Мал эмнэлгийг буцаан төрийн алба болгох тал дээр арга хэмжээ авах уу, гадаад орнууд ямар технологи, горим, стандартыг маханд тавиад байгаа юм бэ, бид үүнийг малчиддаа ойлгуулах, сурталчлах хэрэгтэй байна. Тэгэхээр хөдөөнийхөнд малаа үнэтэй болгоно гэхээсээ илүү малаа эрүүлжүүлэх ажлыг сурталчлах хэрэгтэй байна. Энэ талаар яам юу бодож байна вэ, 2017 оны төсөв өчигдөр баталсан. Тусгай сан байгуулах юм орж ирсэнгүй. Цаашдаа мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг улс нь захиалгат бүтээгдэхүүн болгож худалдаж авдаг механизмд шилжиж болдоггүй юм уу?

П.Сэргэлэн: Мал эрүүлжүүлэх ажлыг төрийн хэмжээнд авч үзэх ажлыг дэмжиж байгаа. Гадаад орнуудаас мэргэжилтнээ явуулж дэмжиж ажиллая гэдэг. Ховд аймагт хамтарч ажилласан. 2015 оны 1 сард гарсан өвчнийг жилийн дараа мэдсэн явдал гарсан. Энэ бол маш хариуцлагагүй явдал. Мөн зөвшөөрөлгүйгээр өвчтэй малыг өөр аймаг, сум руу шилжүүлэх явдал гарсан. Үүнийг зогсоох хэрэгтэй. Улсын мал эмнэлгийн газрыг байгуулж энэ нь орон нутагтаа малаа эрүүлжүүлээд явдаг байдлыг бий болгохоор явж байгаа. Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ярихад мал хувьд байгаа учир малчид маань өөрсдөө хариуцлагатай байж хамтарч ажиллах хэрэгтэй байна. Мөн өөрсдийн бэлдэж байгаа бүтээгдэхүүнийг эрүүл байлгаж чанартай болгомоор байна. Цаашдаа он гараад малчдын зөвлөгөөнийг зохион байгуулна гэж бодож байгаа. Ноос ноолуур, сүүний гэх мэт олон салбарууд дээр зохицуулалт хэрэгтэй байна. Олон улсад нийлүүлэхэд хяналт тавьдаг байгууллага хэрэгтэй байна. Ер нь манай түүхий эдийн бэлтгэл, тээвэрлэлтийн байдал хүнд нөхцөлд байгаа. Тиймээс төр анхаарах хэрэгтэй байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *