БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, “Болорсофт ХХК” хамтран “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганыг 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр ДБЭТ-т зохион байгуулах гэж байна.
Энэ тухай энэ өдөр БСШУСЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран мэдээлэл хийлээ. Цахим хэл шинжлэл нь хэл шинжлэл хийгээд мэдээлэл технологийн ололт амжилтын заагт хурдацтай хөгжиж буй салбар юм. “Эх хэлний цахим хөгжил-2016” анхдугаар чуулганд монгол хэлбичиг, мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй эрдэмтэн, судлаачид оролцож, эх хэлний цахим хөгжлийн өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, цаашдын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн ХБҮЗ-ийн албан ёсны болон эх хэлний хэрэглээнд зориулсан цахим хуудсын талаар мэдээлэл хийж, “Болор дуран 2.0” алдаа шалгах программыг танилцуулахаар төлөвлөөд байна. Мөн энэ үеэр ”Цахим хэл шинжлэл” үзэсгэлэнг зохион байгуулах юм. Чуулганаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Монгол хэлний хуулийн агуулга”, “Болорсофт” компанийг үүсгэн байгуулагч С.Бадрал “Хэл шинжлэлийг хиймэл оюунгүйгээр төсөөлөх боломжтой юу”, Төрийн шагналт, доктор профессор Ш.Чоймаа “Монгол бичиг цахим орчинд”, Доктор профессор А.Эрдэнэбаатар /ШУТИС/ “Цахим хэл шинжлэлийн судалгаа манайд байдаг уу”, доктор, профессор Ч.Алтангэрэл /МУИС/ “Хэлний технологи хэрэгтэй юу, яагаад”, доктор, профессор, Г.Буянтогтох /МУИС-ийн зөвлөх/ “Монгол хэл, сэтгэлгээний хөгжлийн зарим тулгамдсан асуудалд”, доктор О.Шинэбаяр /ШУА, Хэл зохиолын хүрээлэн/ “Олон утгат үг хэллэгийн хэрэглээ”, “Болорсофт” ба Майкрософтын төлөөлөгч “Цахим хэл шинжлэлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгуулна.