Мазаалай хамгаалах чиглэлээр Мобиком Корпораци Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо
2016 оны 10 дугаар сарын 27 – Монголын харилцаа холбооны тэргүүлэгч оператор Мобиком Корпораци Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх, цаашид Монгол орны нэн ховор, устах аюулд өртөөд буй ан амьтдыг хамгаалах хүрээнд Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Мобиком Корпорацийн гүйцэтгэх захирал Дэвид Холлидэй болон Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Өмнөд, Төв Азийг хариуцсан хөтөлбөрийн зохицуулагч доктор Гитанжали Батачариа нар Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан нь
2015 оноос эхлэн Мобикомчууд дэлхийд нэн ховор, Монголын говь цөлд амьдардаг баавгайн цор ганц зүйл болох “МАЗААЛАЙ БААВГАЙ”-г хамгаалах төсөл хөтөлбөрийг БОАЖЯ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, Говийн их дархан цаазат газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Цаашид төслийн хүрээгээ тэлэн Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм. Мобикомчууд тус амьтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, судалгаа шинжилгээ явуулах орчин нөхцөлийг нэмэгдүүлэх, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор төслийн эхний жилд дараах 5 үндсэн ажлыг мэргэжлийн байгууллага, судлаачидтай зөвлөлдсөний эцэст сонгон хэрэгжүүллээ. Үүнд:
1. Цаг агаарт зориудаар нөлөөлөх технологийг ашиглан мазаалай амьдардаг 6 сумдын нутаг 4-5 цагийн турш хур тунадас оруулж, Мазаалайн идэш тэжээлийн ургах орчныг бүрдүүлсэн.
2. Судалгаа, шинжилгээ болон олон нийтэд бодит мэдээлэл хүргэх зорилгоор 16 ширхэг хөдөлгөөн мэдрэгч камер суурилуулсан. Үүний үр дүнд 35 орчим Мазаалай баавгайг тоолж баримтжуулав. Мөн уг ажлын хүрээнд олон эерэг үр нөлөө гарч байгаа ба бидний байрлуулсан камерт 2016 оны зун мазаалайн гурван шинэ төл буюу алманцаг /мазаалайн үр төл/ бүртгэгдсэн нь тус амьтан өсөж амжилттай үржиж буйг нотолсон юм. Бидний байршуулсан камерт зөвхөн мазаалай төдийгүй нэн ховор хулан, хавтгай, хар сүүлт зэрэг амьтан олноор бичигдэн үлдсэн.
Мобиком Корпорациас Говийн дархан цаазат газрын А бүсэд байрлуулсан камерт бичигдсэн мазаалайн төл. 2016 оны 08-р сард.
3. Байгалийн тунадас, уулын үер цасны усыг зориудаар хиймэл орчин бүрдүүлэн тунгаан барих үндсэн зорилготой Хөв байгууллаа.
Мобиком Корпорациас Говийн дархан цаазат газрын А бүсийн Мазаалай баавгай нутагладаг хэсэг буюу Атас ууланд хөв цөөрөм шинээр байгуулж байгаа нь, 2016 оны 09-р сард
4. Чанарлаг багсармал нэмэлт идэш тэжээл бэлтгэх, мөн Алтайн өвөр говийн баян бүрдэд ургадаг муркрофтын жигд хэмээх модлог ургамлын үрийг түүж, Мазаалай баавгайд өгөхөд бэлэн болоод байна.
5. Мазаалайн өдөр тутмын амьдралын хэв маягийг судлах, олон нийтэд мэдээлэл хүргэх, дамжуулах, мазаалай хамгаалалд чухал ач холбогдолтой байршил тогтоогч бүхий хүзүүвчийг Мазаалай баавгайд зүүсэн.
Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хийж буй хамтын ажиллагааныхаа эхлэл болгож ирэх хавар хамгийн сүүлийн үеийн хөдөлгөөн мэдрэгч бүхий камерыг Их говийн дархан цаазат газар нэмж байрлуулахаар төлөвлөөд байна.
Хүний үйл ажиллагаа, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дулаарлын үйл явц харьцангуй эрчимтэй үргэлжилж, зөвхөн 1940-2014 хүртэлх 75 жилийн хугацаанд Монгол орны агаарын жилийн дундаж температур 2.1 хэмээр дулаарч, жилд орох хур тунадасны хэмжээ 7%-аар буурсан болохыг судлаачид тогтоосон байна. Монгол орны нийт газар нутгийн хэмжээнд биологийн төрөл зүйл ховордох, зэрлэг амьтны тархац нутаг доройтоход олон хүчин зүйл нөлөөлж байгаа бөгөөд үүний нэг нь ан амьтны хулгайн буюу хууль бус агнуур онцгой сөрөг нөлөө учруулж байна.
Цаашид Мобиком Корпораци Лондоны амьтан судлалын нийгэмлэгтэй хамтран дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгааг дуулгахад таатай байна. Үүнд:
- Хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа судалгааны ажлын үр дүнг олон нийтэд хүртээмжтэй байдлаар түгээхэд хамтрах
- Ховордох, устах аюулд орсон ан амьтдыг хамгаалахад олон нийтийг уриалсан үйл ажиллагаа явуулах
- Биологийн олон янз байдлын алдагдлын хор нөлөөний талаарх зөв ойлголт, мэдээллийг олон нийтэд хүргэх, мэдээлэх
- Ан амьтдын гаралтай бүтээгдэхүүний хэрэглээний талаар мэдээлэл хүргэх, олон нийтийн хандлагыг өөрчлөх
- Ан амьтдын талаарх хууль тогтоомж, дүрэм журмыг сурталчлах
- Хууль бус агнууртай холбоотой үйлдлийг хэрхэн мэдээлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг сайжруулах Монгол орны байгаль орчин, зэрлэг ан амьтдын талаар тоон баримттай нийтлэл, цуврал гаргах зэрэг ажлууд төлөвлөгдөөд байна.
Цаашид хамтран ажиллах төслийн багийн гишүүд
Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн тухай
Ховор, ховордсон ан амьтдыг хамгаалахад төр засгаас гадна олон байгууллага, иргэд санаачилга гарган, идэвхтэй ажиллаж байгаагийн нэг нь 1826 онд Лондон хотноо анх байгуулагдсан, Монгол Улсад 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж буй Лондоны амьтан судлалын нийгэмлэг юм. Тус байгууллага зэрлэг ан амьтан, тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах, сайжруулахад дэлхий нийтийг уриалахад голлон анхаардаг, дэлхийн 50 гаруй оронтой өөрийн албан ёсны салбар нэгжүүдээр дамжуулан ажилладаг нэр хүнд бүхий олон улсын байгууллага билээ.