Categories
мэдээ нийгэм

Х.Хэрлэн: Хөөт-Бичигтийн төмөр замын Техник-эдийн засгийн үндэслэл боловсруулагдаж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэнтэй ярилцлаа.

-Та “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод
хэдхэн хонож байна?

-Миний бие Техникийн ухааны магистр зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэй.
Барилгын зургийн институт, АМХЭГ, Үйлдвэр, худалдааны яам, Төрийн өмчийн хороо зэрэг
төрийн байгууллагуудад 10 гаруй жил ажиллаж байсан ажлын туршлагатай. Энэ сарын
07-ны өдрөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

-Засгийн газар байгуулагдаад 100 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд танай
компани ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Хэрэгжүүлсэн томоохон ажлуудаасаа дурдвал?

-Манай компани төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх, төмөр
замын суурь бүтэц барих, ашиглах үндсэн чиг үүрэгтэй 100 хувь төрийн өмчтэй аж ахуйн
нэгж. Засгийн газрын шийдвэрийн дагуу энэ оны тавдугаар сард Сэлэнгэ аймгийн Хүдэр
суманд байрлах Төмөртэй ордоос Ерөө сум хүртэл 33.4 км төмөр зам хүлээн авч өнөөдрийн
байдлаар 600 гаруй мянган тонн төмрийн хүдрийг тээвэрлээд байна. Энэ он дуустал
нэг сая илүү тонн ачаа тээх зорилго тавин ажиллаж байна. Бид энэхүү тээвэрлэлтээ
өөрийн эзэмшлийн вагон, зүтгүүрээр тээвэрлэж байгаа нь хөдлөх бүрэлдэхүүний ашиглалтыг
сайжруулах, орчин үеийн техник, технологийг эзэмшиж сурах, мөн Монгол Улсын ачаа
тээх чадварыг нэмэгдүүлэх үйлсэд чухал хувь нэмэр оруулж байгаа үйл явц юм.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт туссан
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлэхийн тулд “Төрөөс төмөр замын
тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт тухайн чиглэлийн төмөр замыг
нэмэлтээр тусгуулахаар холбогдох судалгаа, танилцуулга бэлтгэж Зам, тээврийн хөгжлийн
яамны холбогдох газарт хүргүүлсэн.

Мөн Засгийн газрын хөтөлбөрт багтсан Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн
төмөр замаас Оюу толгойн салбар төмөр замын эдийн засгийн тооцоо судалгаа, Шивээхүрэн
боомтын асуудлаар танилцуулга, холбогдох судалгааг бэлтгэн салбарын яаманд тус тус
хүргүүлээд байна. Хөөт-Бичигтийн төмөр замын ТЭЗҮ боловсруулах ажлыг БНХАУ-ын Төмөр
замын гуравдугаар товчоотой хамтран эхлүүлсэн, ирэх арваннэгдүгээр сарын 15 гэхэд
эцсийн байдлаар хүлээн авахаар талууд шаргуу ажиллаж байгаа, залгуулаад төсөл хэрэгжүүлэх
ажлыг ЗТХЯ-ны чиглэл, удирдамжийн дагуу хэрэгжүүлнэ. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжих
эдийн засгийн ач холбогдолтой, ачаа тээвэр, ложистикийн үйл ажиллагааг дэмжсэн төслүүдийн
талаар судалгаа хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Жишээ дурдвал, “Ачааны вагон
үйлдвэрлэх, угсрах” төсөл байна.

Манай улсад өнөөгийн байдлаар 6200 орчим ачааны вагон ашиглагдаж
байна. Үүнээс 44 хувь нь буюу ойролцоогоор 2700 орчим ачааны вагоны ашиглалтын хугацаа
дууссан. Өөрөөр хэлбэл, 25-аас дээш жил ашиглагдаж байгаа судалгаа байна. Ийм вагоныг
тээвэрлэлтэд ашиглах нь хөдөлгөөний аюулгүй байдалд маш их эрсдэлийг дагуулдаг,
ачааны вагонуудыг ойрын хугацаанд зайлшгүй парк шинэчлэлтээр солих шаардлагатай.

Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна дээр дурдсан
Оюу толгойн салаа төмөр зам, Шивээхүрэн-Сэхэгийн боомтын төмөр зам, Хөөт-Бичигтийн
болон Эрдэнэт-Овоотын төмөр замууд ээлж дараагаар баригдаж ашиглалтад орсны дараа
ачааны вагоны паркийг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор урган гарна.
Үүнээс гадна “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт
тусгагдсан бусад чиглэлийн төмөр замын төслүүд ч мөн эхэлнэ. Тиймээс эдгээр төмөр
замын төслүүд хэрэгжиж дуусаад төмөр зам ашиглалтад орохтой зэрэгцээд парк шинэчлэлтэд
ойролцоогоор 10 мянга орчим хагас вагоны эрэлт хэрэгцээ, шаардлага гарах юм. Эдгээр
вагоныг импортоор авна гэвэл та бидний мөнгө гадагшаа зүгээр л урсах болно. Тиймээс
энэхүү төслийн хүрээнд өргөн, нарийн царигийн хагас вагон үйлдвэрлэх, их засвар
хийх, зориулалт бүхий “Ачааны вагоны үйлдвэр”-ийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах ажлын
хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоогоор ажлын хэсгийнхэн БНХАУ, Орос, Украин,
ХБНГУ, Казахстан, Узбекстан зэрэг орны ижил төстэй үйлдвэрүүдээс туршлага судалж,
тооцоо судалгаа хийж боловсруулаад байна. Урьдчилсан ТЭЗҮ-ийг салбарын хэмжээнд
хэлэлцүүлэг хийж, ЗТХЯ-ны Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хуралд оруулж, хуралдаанаас
эдийн засгийн үр ашигтай төсөл хэмээн дэмжсэн дүгнэлт гарсан.

-Тээвэр, ложистикийн төв байгуулах ажил ямар шатандаа явж байгаа
вэ?

-“Монголын төмөр зам” ТӨХК-ийн зүгээс энэ төслийн ажлыг эхлүүлэх
ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Төслийн хүрээнд саяхан манай мэргэжилтнүүд
БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаад ирсэн. Тяньжин хотын Бинхай шинэ бүсэд зохион байгуулагдсан
“Зүүн хойд азийн Энхтайван, хөгжлийн Бинхай–2016” чуулганд оролцож “Монгол-ОХУ-БНХАУ
гурван улсын хамтын ажиллагаа эдийн засгийн коридор” сэдвээр илтгэл тавьсан. Уг
хурлын үеэр бид “Тяньжин ложистикийн төв” төсөл болон “Таван толгой-Гашуун сухайт”
төмөр замын төсөл, “Хөөт-Бичигт чиглэлийн” төмөр замын төслийн талаар Хятадын талын
томоохон компаниудын удирдлагуудад танилцуулж, эдгээр төслүүд дээр хамтран ажиллах
хөрөнгө оруулагч шаардлагатай байгаа талаар танилцуулсан, хөрөнгө оруулалт шийдэгдсэнээр
төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулаад барилгын ажил явагдаж дуусаад,
боомтын үйл ажиллагаа эхлэх юм. Үйл ажиллагаа эхлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн
судалгаануудыг хийж байна. Жишээ нь, махны экспортыг нэмэгдүүлэх, мах, махан бүтээгдэхүүн
үйлдвэрлэн Хятад болон гуравдагч орны зах зээлд нийлүүлэх, малын боловсруулсан арьс,
ширийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл, чацарганыг боловсруулж бүтээгдэхүүн
үйлдвэрлэх, импортоор орж ирдэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийг жижиглэнгээр
савлах, боловсруулах зэрэг эдийн засгийн ач холбогдолтой төслүүд дээр ажиллаж байна.
Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс дэх үйлдвэрлэлийг явуулахад чөлөөт бүсийн хөнгөлөлтүүдийг
эдлэхээс гадна Монголоос түүхий эдийг оруулахад гаалийн татвар, боловсруулалтад
НӨАТ төлөхгүйгээс гадна үйлдвэрлэлийг далайн боомтод хөгжүүлснээр экспортоо нэмэгдүүлэх,
тээвэр, ложистикийн зардлыг бууруулах давуу талтай.

-“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд төмөр замын бүтээн байгуулалтыг
“Монголын төмөр зам” компани хэрэгжүүлж байгаа?

-УИХ-аас 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар
баримтлах бодого”-д тусгагдсан Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын доод
бүтцийн ажил 85 хувьтай байна. Бид “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэх гадаадын
хөрөнгө оруулагчдыг судалж, яриа хэлэлцээр хийж байна. Тухайлбал, “Таван толгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан
чиглэлийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийх
албан ёсны айлчлалын үеэр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, танилцуулга бэлтгэсэн,
тиймээс зүүн чиглэлийн төмөр замын төслийн асуудалд дэвшил гарах байх гэсэн хүлээлт
байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд мөн Зам, тээврийн хөгжлийн сайд багтсан.

-Төмөр зам барьснаар улс оронд ямар үр өгөөжтэй байх асуудлыг нийгэм
олон янзаар хүлээн авч байна. Монголынхоо баялгийг төмөр замаар гаргаад дууслаа
гэх мэтээр сөргөөр харах нь илүү байж магадгүй юм?

-Монгол Улс нь стратегийн чухал ач холбогдолтой орд газруудаа яаж
эдийн засгийн эргэлтэд оруулж, хэрхэн үнэд хүргэх вэ гэдгээ маш сайн төлөвлөж, өнөөгийн
нөхцөл байдлаа оновчтой харж байж хэрэгжүүлэх шаардлагатай гэж санагддаг. Төмөр
зам, цахилгаан станц, аж үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулах ёстойг хэн хүнгүй
ярьдаг, харин ямар шат дараалал, менежмэнтээр бүтээн байгуулах вэ гэдгээ зөв тодорхойлох
хэрэгтэй. Миний бодлоор санхүүгийн боломждоо тааруулж, төмөр замаа барьчихаад ашигт
малтмалаа тээвэрлэж орлогоо бүрдүүлснээр дараагийн томоохон төслүүдээ явуулах ёстой
гэж боддог. Тэгээгүй учраас эдгээр төслүүд бүгд зэрэг эхлээд хөрөнгийн дутагдлаас
болж зэрэг зогсолт хийгдээд байгаа нь нийгэмд нэгэнт ил болсон байдал юм.

-“Монголын төмөр зам” ТӨХК нь өнөөдрийн байдлаар хичнээн вагон, техник
хэрэгсэлтэй юм бэ?

-Манай компани нийт 245 ачааны вагон, ОХУ, БНХАУ болон АНУ-д үйлдвэрлэсэн
өндөр хүчин чадал бүхий есөн зүтгүүр, хоёр чингэлэг өргөгч машинтайгаар үйл ажиллагаа
явуулдаг. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах “Ачаа шилжүүлэн ачих байгууламж”-ийг
80 га газрын хамтаар эзэмшдэг. Төмөр замын суурь бүтцийн хувьд Замын-Үүд дэх шилжүүлэн
ачих байгууламжид хамаарах 8.4 км төмөр зам болон дээр дурдсан Сэлэнгэ аймгийн Хүдэр,
Ерөө сумдын хооронд байрлах 33.4 км төмөр зам бий.

-“УБТЗ” ХНН-тэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Хоёр талын байгууллагын
хооронд хийж хэрэгжүүлсэн, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар сонирхуулбал?

-Манай компани өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм,
тоног төхөөрөмжийг “УБТЗ” ХНН-тэй хамтран тээвэрт явуулахаас гадна үндэсний аж ахуйн
нэгж, уул уурхайн компаниудад өөрийн хөдлөх бүрэлдэхүүнээр тээврийн үйлчилгээ үзүүлдэг.
Үүгээрээ Монгол Улсын төмөр замын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, ачааллыг хөнгөвчлөх,
үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг өсгөх зэрэг бүхий
л талаар хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн байдлаар бид төмөр замын дамжин өнгөрүүлэх
чадварыг сайжруулах зорилгоор Замын-Үүд дэх Япон улсын буцалтгүй тусламжаар барьж
байгуулсан шилжүүлэн ачих байгууламж, түүнд дагалдах тоног төхөөрөмжийн ашиглалтыг
сайжруулах үүднээс “УБТЗ” ХНН-тэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн
банкны санхүүжилтээр баригдаж буй Замын-Үүдийн Ложистикийн төвийн үйл ажиллагаа
эхлэх үед хоёр тал хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэн ажиллах юм.

-Тэгвэл хүний нөөцийн асуудал дээр ямар бодлого баримталж, хэрхэн
хэрэгжүүлж байна вэ?

-Чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол хүчин зүйл бол чадварлаг боловсон
хүчин юм. Компанийн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай уялдуулж, хүний нөөцөө бүрдүүлэх,
цаашид хийх ажлын хүрээнээс хамааран мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх гэх зэрэг
ажлуудыг хийж байна. Дээр дурдсан төмрийн хүдрийн тээврийн үйл ажиллагааг явуулахад
инженер, техникийн нийлсэн 60 орчим ажилтанг сонгон шалгаруулж орон нутагт ажиллуулж
байна. Мөн ирээдүйд биеллээ олох төсөл хөтөлбөрүүдийг угтаж, БНХАУ-ын Зам, тээврийн
дээд сургуульд компанийнхаа нэр дээр 13 оюутанг таван төрлийн мэргэжлээр, Монгол
Улсын Тээврийн дээд сургуульд гурван оюутанг компанийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулан
суралцуулж байна. Түүнчлэн богино хугацаанд мэргэшүүлэх үүднээс Мэргэжил, сургалт
үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажилладаг. Тухайлбал, төмөр замын МСҮТ-д компанийн
нэр дээр найман оюутан суралцаж байгаа бол Налайх, Сайншандын МСҮТ-д төмөр замын
мэргэжлээр нийт 500 орчим боловсон хүчин бэлтгэгдээд байна.

Манай байгууллагын ажилтнуудын дийлэнх нь залуучууд. Тус бүр өөрийн
зорилготой, төмөр замын бүтээн байгуулалтад гар бие оролцож буй чадварлаг, төрөл
бүрийн мэргэжилтэй боловсон хүчний бүрэлдэхүүнтэй. Тухайлбал, ОХУ, БНХАУ, Энэтхэг,
Турк, Япон, Солонгос улсуудад мэргэжил эзэмшсэн боловсон хүчнүүд байна. Ямар ч төсөл
дээр ажиллах мэдлэг боловсрол мэдлэг чадвар тэдэнд бий. Тиймээс Монгол Улсын хөгжил
дэвшил, дэд бүтцэд хөрөнгө оруулж буйгаараа бид бүхэн бахархдаг. Цаашид бид эхлүүлсэн,
гүйцэтгэж байгаа ажлуудынхаа хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллахаас гадна төмөр замд
шаардлагатай 150 орчим төрлийн дүрэм, журам боловсруулах, олон улсын сайн туршлагад
тулгуурласан стандартуудыг нутагшуулах, төмөр замын тээврийн эрх зүйн холбогдолтой
хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах, засан сайжруулах зэрэг ажилд салбарын яамтайгаа
хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Д.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *