45 жилийн дараа. 2016.10.21. Гэрэл
зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Ямар учиртай болохоороо нэг ангийнхан байж бие биеэ том, багаар нь дууддаг байна аа гэж гайхмаар. “Томчуул” гэхээр том дарга нар ч юм уу, нэр алдартай хүүхдүүдтэй анги байсан юм байх даа гэж эргэлзмээр. Одоогоос 45 жилийн тэртээ Баян-Өлгий аймгийн төвийн арван жилийн дунд сургуулийг 1971 онд төгссөн 10-ын “А”-гийнхан нэгнээ ярихаараа “Манай томчуул”, “Манай ангийн том” гэж ирээд л хуучилсан нь сонирхол татсан болохоор нийтлэлийн гарчигт томчуул, багачуул хэмээн зориуд “шигтгэсэн” билээ.
1961 онд сургуулийн босго алхан орж хүүхэд ахуйдаа хамтдаа сурч боловсорч, хүний амьдралын гэгээн мөч, жаргалтай он жилүүдээ цугтаа элээж өнгөрөөсөн болохоор тэд үргэлж нэг ангийнхан. Өнөөдөр эдний ангийнхан төгсөлтийнхөө 45 жилийн ойг Зүүнсалаан дахь ахмадын буйдхан амралтын газарт даруухан тэмдэглэж суугаа юм. 45 жилийн турш уулзаагүй андууд, 45 жил биенээ үгүйлж, нэгнээ хайж сурсан сэтгэлээ тэд өнөөдөр амрааж сууна. Хүүхэд ахуйн хөгжилтэй өдрүүдийн мартагдашгүй дурсамжаа эргүүлэн сөхөж, анд нөхдөө дурсан санагалзаж хүн найзтай, нөхөдтэй, хамт олонтой, ангийнхантай байхын жаргал чухам юу байдгийг мэдэрч байгаа нь дамжиггүй. Хуруу хумсаа цэнхэр бэхээр “гоёж”, сурагчийн дүрэмт хувцсаар жигдэрч, ширэн цүнх барин гүйж байсан охид, хөвгүүд одоо жар гарсан настай, улс эх орондоо хийхээ хийчихсэн, хэлэх үгтэй, бүтээсэн үйлстэй идэрмэг насныхан болжээ.
Эдний ангийн даргыг Э.Одонцэцэг гэнэ. Хэзээ ч буудаггүй албан тушаал бол ангийн даргын алба. Насаараа л дарга байдаг. Тэр ч утгаараа эдний ангийн дарга бүхий л зүйлд ангийнхнаа зохион байгуулж, уриалж, цуглуулна. Ангийнхан ч даргаа хүндэтгэж бүхнийг түүнээс асууж, зөвлөдөг аж. 10-ын “А”-гийнхан арван жилээ төгсөж хотод оюутан болоод ирсэн хойноо үе үе уулздаг байж. Тэгээд бүгд мэргэжил эзэмшиж эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж амьдрахаар мөр мөрөө хөөснөөс хойш тоотой л уулзаж. Нэгнийхээ гавьяат цолны найр, эрдмийн том цол зэрэг хүртсэн баярт өдрүүдээр л цөөн хэд нь уулзалджээ. Харин энэ удаад өргөн бүрэлдэхүүнээрээ цуглаж байгаа нь энэ юм. 10-ын “А”-гийнхан хичээл номондоо бол мундаг. Багш нараасаа магтаалын үг их сонсоно. Математиктаа гоц авьяастай хүүхдүүдтэй болохоор сургуулийн зүгээс эдний ангийг их тооно. Хичээл номондоо шамдуугаас гадна урлагийн авьяастай хүүхэд ч олон. Одонцэцэг, Оюунцэцэг хоёр хөгжим тоглоно. Хорлоо, Одгэрэл гээд бүгд гоё дуулцгаана. Спортод гарамгай Батмөнх, Одгэрэл, Баяраа гэсэн хүүхдүүд нь ангийнхаа төдийгүй сургууль, аймгийнхаанэрийг улсад цуурайтуулдаг байж. Хот руу тэмцээнд яваад бөөн медальтай ирцгээдэг байсан гэнэ.
Арвын ганцхан бүлэгтэй болохоор өөр ангийнхантай өрсөлдөнө, барилцана гэх зүйлгүй. Дотроо маш эвтэй, эвсэг хүүхдүүд байжээ.
Эдний ангийнхны хувьд хавар шалгалт эхлэх цагаар аймгийн төвийн наадмын талбайн хойхно байдаг Хуст аралд очиж ном уншиж, билетээ цээжилж хичээл давтана гэдэг бол жинхэнэ жаргалтай хормуудын нэг нь байж. Хичээлээ уншиж цээжлэхийн хажуугаар сонссон дуулсан сонин хачин зүйлсээсээ ярьж, үлгэр домог хуучилцгаадаг байжээ. Харин өвөл Ховд голын мөсөн дээр гулгаж тоглоно. Одооных шиг зориулалтын тэшүүр энэ тэр гэж байсан биш, эсгий гутлынхаа уланд канки бэхэлчихээд л хацартаа улаа бутруулан байж өвлийн богино нарны дор инээлдэн хөгжилдөн гулгацгааж чөлөөт цагаа өнгөрөөнө. Батмөнх нь тэшүүрийн спортоор чамгүй амжилт үзүүлдэг тамирчин байсан болохоор ч тэр үү, хожим нь биеийн тамирын багш болжээ.
Чөлөөт цагаа нэг иймэрхүү өнгөрөөдөг бол бусад цаг үед нь бүгд өөр өөрийн сонгосон секц дугуйландаа явцгаана. Тэр үеийн багш нар хүүхдүүдэд юм заахын төлөө бүхнээ дайчилдаг жинхэнэ сурган хүмүүжүүлэгчид байсныг эдний ангийнхан дурсч байна. Аливаа ангид дуу шуу багатай, тээр хойно сууж л байдаг. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, тэгсэн хэрнээ ангийн бүхий л үйл ажиллагаанд торойж байдаг тийм хүүхдүүд байдаг даа. Эдний ангийн Норсон, Өнөр, Жааваа, Равдан нар бол тийм хүүхдүүд байсан аж. Харин хамгийн сахилгагүй, ангийн даргаасаа байсхийгээд л жавтий хүртдэг нь Баатар, Аменкелд хоёр. Гэхдээ энэ хоёр ангийн дарга, багшаасаа илүүтэй ангийнхаа охин Одгэрэлээс сүнсээ зайлтал айна. Спортлог, булиа охин болохоор гараас нь ч юм уу, шилэн хүзүүнээс нь нэг бариад авбал тавина гэж байхгүй. Сандал, ширээн дээгүүр гүйж сахилгагүйтэж байгаад Одгэрэлтэй тааралдвал бушуухан л зугтахгүй бол болохгүй гээд харайлгаж өгдөг байсан гэнэ. Баатар, Жааваа хоёр ангийнхан дотроо биеэр жижиг болохоор ангийнхаа бусад хүүхдүүдийг томчуул гэж дуудна. Өөрсдөө жижиг биетэй болохоор бусдыгаа том гэж дуудаагүй гэнэ.
Аравдугаар ангидаа: Арын эгнээний
зүүн гар талаас: Д.Батчулуун, Б.Сэсээр, Б.Лхамхүү, Т.Ядамсүрэн, Ж.Үнэнбат, Солтан,
Болат, С.Равдан, Ж.Батмөнх, Жаяхмет, дунд эгнээнд зүүн гар талаас: Я.Жамбалдорж,
Г.Баярхүү, Ч.Энхээ, С.Өнөр, Асылбек, Ч.Амангелд, Ц.Баатар, Ш.Найдан, Д.Баяраа, Д.Батсүх,
Б.Норсон, урд эгнээнд зүүн гар талаас: Ц.Оюунцэцэг, Н.Одонцэцэг, Ц.Хорлоо, Ангийн
багш С.Билал, Р.Буянхишиг, Б. Дэмбэрэл, Одгэрэл нар.
Цагааннуур, Алтанцөгц, Цэнгэл сумаас ирсэн хүүхдүүд үеийнхнээсээгойд биерхүү, арал чацтай болохоор хүмүүс дуу алддаг байж. “Томчуул” нь “багачуул”-аа юм юмнаас өмгөөлж хамгаална. Ажил төрөл хийхээр бол “багачуул”-аа “Хойшоо байж бай” гэж байгаад л бүх ажлыг нь өмнөөс нь хийгээд дуусгачихдаг байж. Дотуур байрны хүүхдүүдийн хүнсэнд хэрэглэх сонгино түүхийн тулд Улаанхус сум руу явна. Тэнд очиж зэрлэг сонгино түүнэ. Хаана л субботник болно. Тэнд очиж ажиллана. Зуны амралтаараа тоосго цохино, зурамны арьсны төлөвлөгөө биелүүлнэ гээд ажил ихтэй. Гэхдээ ер нь биеийн хүчний ажил хийхээр болбол ангийн “томчуул” нь тэргүүн эгнээнд ханцуй шамлан ордог байж. “Томчуул” нь дуу шуу баргилхан, дүр төрх нь буурьтай болохоор хүмүүс арван жилийн сурагч гэж харахгүй. Цагааннуурын Сэсээр, Үнэнбат, Жааваа зэрэг хүүхдүүд орос хэлтэй. Оростой хил залгаа болохоор оросоор түгдрэхгүй ярьцгаана. Ямар сайндаа орос хэлний багштайгаа цэц булаалдаж “Наад үгийг чинь тэгж дууддаггүй юм” гэж хэлээд ичээдэг байж. Өнөө том биетэй “томчуул” дадлагын эсхүл залуухан багш ирвэл “Алив миний охин нааш ир, нааш ир” гэж хошуу цорвойлгож тоглоно. Тэгэхээр өнөө шинэ залуу багш нь тэднээс айж зовоод зугтчихдаг байж.
“Томчуул” ба “Багачуул”
Тэр үед арван жилийн сурагч тамхи татна гэдэг бол үнэхээрбуруу үйлдэл. Хэрэвзээ хэн нэг нь ийм үйлдэл хийвэл ангиараа, сургуулиараа жигшиж, дахиж хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй байхыг хатуу сануулдаг байсан. Гэтэл эдний ангийн Үнэнбат, Ядамсүрэн, Лхамхүү нар тамхи татаж байгаад багш нартаа баригдчихжээ. Ядамсүрэн бол сургуулийн захирал Баасандайгийн төрсөн ахын хүүхэд. Нэг өдөрБаасандай захирал орж ирээд үзлэг хийжээ. Тэгтэл Үнэнбат, Ядамсүрэн, Лхамхүү зэрэг “томчуул”-ын халааснаас тамхи гараад иржээ. Халааснаас нь гарч ирсэн тамхийг утсаар оосорлоод хүзүүнээс нь дүүжлээд анги хэсүүлнэ. Энэ бол маш том шийтгэл, өнөө тамхи татаж байгаад баригдсан нөхдийн хувьд бол давшгүй даваа. Нөгөө гурав буруугаа ухаарч байгаагаа хэлж, дахиж ийм алдаа гаргахгүй гэж амлажээ. Баасандай захирлын хувьд яахав, төрсөн ахынх нь хүү тамхи татсан гэдэг нь уучилж боломгүй алдаа учир ангид нь орж ирээд Ядамсүрэнг алгадчихаж. Тэгтэл Ядамсүрэн “Танд хүн зодох эрхийг хэн өгсөн юм. Таныг аавдаа хэлнэ” гэж гоморхох маягтай хэлтэлангийнхан нь, багш нь бүгд нэрхийтэл инээлджээ.
Нуруугаар намхан хүүхдүүд нь нэгдүгээр ширээнд сууна. Нэг өдөр математикийн багш Баатар орж ирээд “За энэ томчуул нь ч яахав. Очиж очиж энэ Амангелд, Жааваа хоёр тамхинаас жаахан байж тамхи татдаг нь юув дээ” гэж хэлж байсныг одоо дурсан ярьж инээлдэх дуртай аж. Хүүхэд насны хөгжилтэй, хөөр баяртай өдрүүдээ хамтдаа өнгөрүүлсэн эдний ангийнхнаас гавьяат цолтон, шинжлэх ухааны доктор, профессорууд, инженерүүд, хүний их эмч, багш, хуульч, малын эмч зэрэг нийгмийн голлох салбаруудад мэдлэг чадвараараа гайхагдсан нь олон.
Ангийн дарга Н.Одонцэцэг “Баян-Өлгий аймгийн Алтангадас одонт 10 жилийн II дунд сургуулийг 1971 онд төгссөн манай ангийнхан хүүхэд ахуйн гэнэн цайлган үеэ дурсахаар 45 жилийн дараа өлзий учрал бүрдсэн намрын налгар сайхан энэ өдөр зүг зүгээс хуран цугларлаа. Манайангийнхан бүгдээрээ оюунлаг, спорт, урлагт дуртай бяцхан хүүхдүүд байсан бол одоо Аж үйлдвэрийн гавьяат ажилтан З.Чантуу, Шинжлэх ухааны доктор, профессор Т.Жааваа, Ц.Баатар, Эрүүл мэндийн нэвтэрхий толийн зохиогч их эмч Я. Жамбалдорж, хурандаа Ж.Үнэнбат болон манайхан ажилласан салбар бүртээ амжилттай сайхан ажиллаж бүгдээрээ төрдөө хөдөлмөрөө үнэлүүлж, одон медалиар энгэрээ мялаасан ахмад буурлууд болцгоожээ. Энэ баярт уулзалтад алс хол нутгаас хараахан ирж чадаагүй ч бидэндээ сайхан сэтгэлийн урам өгсөн Б.Сэсээр, Ч.Амангелд, Жаяахмет, Т.Солтан, М.Болат нартаа ангийн хөвгүүд охид нь хайртай шүү хэмээн сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, үр ач нартайгаа урт насалж удаан жаргахын өлзийтэй ерөөл дэвшүүлж байна. Манай анги гучин хоёулаа 10 дугаар ангиа дүүргэж бүгд л их дээд сургуульд уван цуван орж төгссөн дөө. Тэднээс маань өнөөдөр 12 хүүхэд, ангийн багш С.Билал нар маань биднээсээ түрүүлэн бурхныоронд одож дээ. Тэд маань биднийгээ бурхны орноос харж бидэндээ талархаж байгаа гэдэгт итгэж байна” хэмээгээд “Нэгэн жарныг элээхдээ тавь гаруй жил нэг ангийнхан гэж дуудуулж, нэгнээ гэсээр тэмүүлэн ирдэг ангийнхандаа хамгийн сайн сайхныг хүсч байна” гэсэн юм.
Д.ГАНСАРУУЛ
One reply on ““Томчуул” нь тулхтай, “багачуул” нь элдэвтэй нэг ангийнхан”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru