Categories
мэдээ нийгэм

Монголбанкнаас өнгөрсөн есдүгээр сарын статистик тоймыг танилцуулжээ

Монголбанкнаас өнгөрсөн есдүгээр сарын статистик тоймыг өнөөдөр танилцуулжээ. Монгол Улс хэрэглээний үнийн индекс буюу инфляци хасах хувь руугаа хэлбийж, дифляцид шилжээд нэг улирлыг өнгөрөөжээ. Нийслэлд гэхэд өнгөрсөн долоо, наймдугаар сараас эхэлсэн дифляци есдүгээр сард мөн үргэлжилжээ.

Хэрэглээний үнэ өмнөх наймдугаар сараас хаса 0,7 хувиар буурсан байна. Энэхүү үзэгдэл нь улирлын нөлөөллөөс хамааралтай бөгөөд он дуустал үргэлжлэх магадлалтайг Төв банкны хэвлэлийн албаны мэргэжилтэн хэлж байна. Өнгөрсөн сард нийслэлд мах, махан бүтээгдэхүүн, бусад хүнс , гутал, хувцас, орон сууцны хөлс, ус,ц ахилгаан түлш хасах 0,1-0,7 хувиар буурчээ. Есдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 11 их наяд 450 тэрбум төгрөгт хүрч, өмнөх сарын эцсээс 185 тэрбум төгрөг буюу 1,8 хувиар өсчээ. Энэхүү өсөлтөд гадаад валютын харилцах 165 тэрбум төгрөг буюу 13,2 хувиар өссөн нь нөлөөлсөн гэж Монголбанк үзэж байна.

Эдийн засгийн байдлыг илтгэх нэг гол үүүлэлт болох чанаргүй зээл нэг их наяд 115,3 тэрбумд хүрч, нийт зээлийн есөн хувийг эзэлж буй ажээ. Өмнөх оны мөн үед долоон хувьтай байсан чанаргүй зээлд уул уурхайн салбарын зээл хамгийн их жин даржээ. Есдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар чанаргүй зээлийн 32 хувь уул уурхайн салбарт ногдож буй бол худалдааны салбарт 20 хувь, боловсруулах салбарт 13 хувь, барилгын салбар найман хувь, үл хөдлөх хөрөнгийн салбар таван хувь ногдож байна.

Мөн ипотекийн зээл олгох эх үүсвэргүй болсон гэсэн мэдээлэл олныг түгшээж байгаа ч өнгөрсөн есдүгээр сард 50,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг иргэдэд олгосон гэж төв банк мэдээлэв. Нийт ипотекийн 15,2 тэрбум төгрөгийн зээл нь таван хувь, 15,8 тэрбум нь найман хувийн хүүтэй олгогдсон бол үлдсэн 19,8 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгожээ. Арилжааны банкуудын ипотекийн зээлийн хүү хэдэн хувьтай байгаа талаар МБ тоймтой хариу хэлсэнгүй. Манай улсын гадаад валютын нөөц 1,1 тэрбум ам.доллар байгаа ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *