Categories
мэдээ цаг-үе

С.Батханд: Үнэн худал нь хамаагүй хүүхдийн тайлбарыг сонсох хэрэгтэй

Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш, Боловсролын тэргүүний ажилтан С.Батхандтай ярилцлаа. Тэрээр цэнхэр торгон дээл, ромбоороо гоён Октябрийн районы 46-р бага сургууль буюу одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд томилогдож байжээ. 24 дэх жилдээ багшилж буй тэрээр одоо сургуулийнхаа ахмад багш нарын тоонд ордог гэсэн.

-Та багш гэх хариуцлагатай мэргэжлийг яагаад сонгох болов?

-Бидний үед нийгэмд ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй байна гэдгийг харахаас илүү сонирхлоороо болон бусдаас үлгэрлэн, дуурайж л мэргэжлээ сонгодог байж. Би Нийслэлийн 24 дүгээр дунд сургуулийг төгссөн. Бага ангийн багш маань Баяраа гэж маш мундаг хүн байлаа. Хэдий дунд сургуулиа төгсөөд 30 жил болсон ч ангиараа уулзах болгондоо л Баяраа багшаа дурсдаг юм. Эргээд харахад багш маань бидэнд маш сайн суурь тавьж өгчээ гэж боддог. Мөн дунд ангид ороход математикийн Тогоо гэж багш маань дааж авсан. Би математикдаа уул нь гайгүй л хүүхэд байсан юм. Гэтэл монгол хэлний багш болчихсон. Энэ хоёр хүн намайг багш болгох сонирхолтой болгосон доо. Тогоо багш маань “С.Батханд аа, улаан шугамны урдуур орчихсон байна шүү. Мэргэжлээ сонгоороо” гэсэн. “Хөдөлмөр”, “Үнэн” сонин дээр сургуулиудын жагсаалт гарчихсан байлаа. Тэгээд л багш болох хүсэлтэй байсан болохоор Улсын багшийн их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид орсон юм.

-Та одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд томилогдож байсан тухайгаа яриач?

-Би Улсын багшийн их сургуульд 1988 онд элсэн орж таван жил суралцаж байлаа. Манай үеийнхэн хамгийн сүүлд тэтгэлэг авсан мөн таван жилээр төгссөн анги. Биднийг төгссөний дараа дөрвөн жил суралцаж, сургалтын төлбөр төлдөг болсон юм. Манай ангийнхныг өөрсдийнх нь орон нутагт хуваарилсан л даа. Би Октябрийн районы 46 дугаар бага сургууль буюу одоогийн “Сэтгэмж” цогцолбор сургуульд хуваарилагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна. Ажил, хөдөлмөрийн гараагаа эхлүүлэхэд минь ахмад багш нар зааж зөвлөдөг байлаа. Залуу багш нар ч ховор байж дээ. Шувууны бага нь жиргэдэг гэдэг шиг юм болгонд л гүйнэ. Хэлсэн болгоныг нь биелүүлж, заавар зөвлөгөөг нь дагаж явсаар л багш болсон доо. Ганцхан монгол хэл, уран зохиолынх ч биш бүх л ахмад багш нарын үг, үйлдэл намайг багш болгосон. Ямар ч үүрэг даалгавар байсан өөрөөр минь хийлгэсэн нь маш үр дүнтэй байсан гэж боддог. Хэрвээ ахмад багш нартайгаа барьцаад л байсан бол юу ч сураагүй үлдэх байж. Ингэж явсаар нэг мэдэхэд л сургуулийнхаа ахмад багш нарын нэг болсон байна шүү. Цаг хугацаа их хурдан юм аа.

-Анхны юм бүхэн санаанд тодхон байдаг. Самбарын өмнө гарч байсан тэр мөч мартагддаггүй биз?

-Залуу багш нарын туулах ёстой нэг зүйл бол самбарын өмнө анх гарах үе байдаг. Анхны юм бүхэн л туршлага болдог юм билээ. Заах хичээлээ бэлдчихсэн. Ер нь бүх зүйл бэлэн байхад л сандарч, чичрээд байснаа санадаг юм. Тэр мөч мартагддаггүйтэй адил 1996 онд дааж авч байсан анхны ангийнхан минь санаанд тодхон үлджээ. Миний анхны шавь нар 30 хэдийнэ гарчихсан ажил, амьдрал эхлүүлээд явцгааж байна. Тэдэнтэйгээ үргэлж л холбоотой байдаг. Монгол бичгийн цагаан толгой зааж байснаа санадаг юм. Манай сургууль “Монгол бичгийн цагаан толгойн баяр” гээд сайхан арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Захирлын нэрэмжит тус арга хэмжээг миний дааж авч байсан анхны ангийнхан ивээн тэтгэж, дүү нартаа тусалдагт үргэлж баярладаг даа.

-Сурагчдыг үзсэн хичээлээ өөрийн болгож, мартуулахгүй байхын тулд яах хэрэгтэй байдаг юм бол?

-Өөрсдөөр нь л хийлгэх нь чухал. Шаардлагаа тавина. Мэдээж онолын ойлголтоо өгөөд, сайтар чиглүүлж, тайлбарлаж өгдөг. Ямар ч хүн нэг удаа сонсоод, хараад мэдлэг болгож чадахгүй. Сүүлийн үеийн багш нар мэдээллийн технологийг их ашигладаг болсон. Хичээлүүдээ үзүүлэн байдлаар бэлддэг. Энэ нь багш нарыг илүү бүтээлч болгох давуу талтай санагддаг. Харин үзүүлэн хичээлээ эхлээд сурагчдаараа дуурайлгаж хийлгэдэг.

Үр дүнгийн хувьд ярихад багш яриад, самбар дээр бичээд хүүхэд шууд хуулаад л байвал долоо хоногийн дараа гэхэд санана гэдэг юу л бол. Үзүүлэн маягаар хийж харуулаад, дуурайлгаж хийлгэвэл тал хувийг нь санадаг юм билээ. Харин баг болгон хуваагаад даалгавраа хуваарилж өгвөл сайн тогтооно. Хамтарч ажилласан нь ч мэдэгддэг юм. Тестээр шалгалт авлаа гэхэд өөрөөр нь л шалгуулчих нь зүйтэй. Зөв үгүйг нь шалгаж байх үедээ нүдэлчихдэг юм шүү дээ. Ер нь шавь төвтэй байхыг л голчилдог доо. Хүүхэд өөртөө багш, бусдадаа зөвлөгч байх хэрэгтэй юм шүү дээ. Үйлчилгээний байгууллагуудад хэрэглэгч хаан бол бидний хувьд сурагч л хаан байх ёстой юм.

Бас хүүхдийг маш сайн сонсох нь чухал. Сурагч маань гэрийн даалгавар хийгээгүй, их цэвэрлэгээтэй өдрөө ирээгүй тохиолдолд шалтгааныг нь сонсохыг боддог. Үнэн худал нь хамаагүй хүүхдийн тайлбарыг сонсох хэрэгтэй. Тэр нь ангийнхан болоод багшийнхаа өмнө өөрийгөө илэрхийлж сурах дадал болж байдаг. Эхний удаа шалтаг хэлсэн бол дараагийн удаа заавал ирдэг, ирэхгүй тохиолдол гарвал утасдаж мэдэгддэг. Нэг удаа тасалж шалтаг хэлсэн бол дараа нь хариуцлагаа ч ухамсарладаг болно. Харин загнаад байх тусам хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай болчихдог. Зөв хариултыг мэддэг байсан ч дуугарахгүй байж магадгүй юм шүү.

-“Сэтгэмж” цогцолбор сургуулийн манлайлагч анги таны шавь нар байдаг гэсэн. Манлайлагч шавь нартай байхын нууц нь юу вэ?

-Миний дааж авсан анги “Сэтгэмж” цогцолбор сургуулийн урлаг спорт, хичээлдээ хамгийн манлайлагч нь байдаг. Багш хүн тал бүрийн авьяастай байдаг гэдэг. Гэхдээ би тийм биш л дээ. Зохион байгуулах авьяас л байдаг байх. Харин сурагчид маань урлагийн үзлэг, спортын тэмцээнд маш сайн оролцдог. Миний хувьд сурагчдадаа “Багш нь хөгжим, анги, хувцсыг нь олчихно. Миний хүүхдүүд юу чаддагаа харуул, та нар чадахгүй бол өөр хэн чадах юм” гэдэг. Нөхцөл боломжийг нь эцэг эхтэй нь хамтарч бүрдүүлээд л ёстой дураар нь тавина даа. Магадгүй би бүжиг зааж өгч чадахгүй ч итгэл төрүүлж чаддаг байх.

Мөн миний нэг онцлог байдаг. Дунд болон дээд сургуулийн багш нар маань эрэгтэй хүмүүс байсан болоод ч тэр үү, ямар ч зүйлд шулуун шударга, товч тодорхой олон зүйл нуршдаггүй, шаардлага өндөртэй байсан. Энэ арга барил нь надад суучихсан юм байна гэдгийг багш болоод мэдэж билээ. Багш ямар байна, хүүхэд яг л тийм болдог. Мөн би бусад багш нарыг бодвол хурдан ярьдаг. Ахлах ангид бол хурдтай байх нь зүгээр л дээ. Дунд ангид орж эхэлснээс нь хойш хичээл орчихоор сургуулиа төгсөхдөө миний арга барилд бүр дасчихсан байдаг юм. Багш хурдтай байх тусмаа хүүхэд хурдан сэтгэдэг, хийдэг болно. Эсрэгээрээ багш удаан байвал хүүхдүүд назгайрна.

-Шавь нараа амжилттай явахыг харах нь багш хүнд хамгийн бахархам байдаг байх?

-Би “Мөнгөн үзэг” гээд уран уншлагын дугуйлан хичээллүүлдэг байлаа. Энэ дугуйланд маань хүүхдүүд зохиосон шүлгээ уншина. Хоорондоо өрсөлдөж, түрүүлсэн нь “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцдог. Амжилттай оролцсон хүүхдүүд маань Монгол Улсын боловсролын их сургууль, Их Монгол, Гурван-эрдэм гээд их, дээд сургуулиудад урилгаар сурч байлаа. Миний шавь нараас бас багш болсон хүүхдүүд ч олон шүү. Тэгэхээр бас үлгэрлэж, багш болох сэдэл төрүүлж чадсан юм болов уу гэж бахархдаг юм. Гэхдээ заавал амжилт үзүүлснээр нь гэхээс илүү хүүхэдтэй харьцаж, тэдэнтэй ойр байна гэдэг л бахархам байдаг. Хүүхэд хамгийн гоё ертөнц юм шүү дээ. Үргэлж хүүхэдтэй харьцдаг болохоор өөрсдөө ч хүүхэд шиг болчихдог юм билээ.

Би нийгмийн ороо бусгаа үед мөнгө олох гээд бизнес эрхэлж болох л байсан. Гэхдээ хэзээ ч багш мэргэжлээ орхиод мөнгө олж, бизнес хийе гэж бодож байгаагүй. Залуухан байхдаа мэргэжлийнхээ сайхныг ойлгож мэддэггүй л байж. Одоо багш мэргэжил сонгосондоо баярлаж, бахархаж явдаг. Миний хань Хөдөө аж ахуйн их сургуулийн биеийн тамирын багш л даа. Хоёулаа багш гэхээр их сайхан санагддаг шүү. Өөсрдийнхөө боломж бололцоогоор ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж, мэдлэг чадвартай сурагчдыг бий болгохын тулд хичээж л явна.

-Хүүхдийг айл гэрийн толь гэдэг. Тэр толинд харагдаж байгаа бүхнийг багш хүн хамгийн их анзаардаг болов уу?

-Анзаарагдалгүй яахав. Мэндэлж байгаа байдал, нүдний харцнаас л мэдрэгдэнэ. Мөн өнчин өрөөсөн, баян ядуу, эрх танхи байгаа нь шууд харагддаг. Түүнээс гадна сурагчид бага ангиа төгсөөд дунд анги руу орж ирэхдээ л тодорхой байр суурьтай болчихсон байдаг. Манлайлагч эсвэл идэвхгүй, мөн хэсэг хэсгээрээ найзалдаг гэх мэт. Энэ бүхнийг өөрийн хэмжээндээ шийдвэрлэхийг л боддог доо. Баг болгож нийтэд нь үүрэг даалгаврыг нь тэнцүү болгоно. Хэсэг, хэсгээр нь найзлуулахгүй нийтэч байлгахыг хичээнэ гээд л. Түүнчлэн эцэг, эхтэй нь ойр дотно байдаг. Би дүн гарсны дараа эцэг, эхийн хурал хийдэг юм. Жилдээ нийт дөрвөн удаа гэсэн үг л дээ. Тогтмол хугацаандаа хийдэг болохоор эцэг, эхчүүд ч ирц сайтай ирдэг.

-Жил бүрийн хонхны баяр болоход шавь нараа үддэг. Төгсөөд явсан шавь нараа санагалздаг уу?

-2002 онд хамгийн анхны дааж авсан ангиа төгсгөсөн. Тэднийгээ төгсөхөд, шавь нар минь явах нь гэж бодохоор яалт ч үгүй уйлчихсан. Дасчихдаг юм билээ. Надад дурсгалын дэвтэр үлдээсэн юм. Анхандаа нэг их юм бодохгүй л уншдаг байлаа. Одоо хааяа ажлын заваараа харахаар уйлчихдаг юм. Харин 2014 онд төгсгөсөн ангийнхан минь надад зориулж “Ардын багш” гэсэн сүлд дуу зохиолгож өгсөн. Хонхны баяраар ангиараа дуулж өгсөн нь надад маш том гэнэтийн бэлэг болж байлаа. Энэ мэтчилэн багш болгон л сайхан дурсамжуудтай байдаг. Энэ бүхнийг бодохоор л өөрийгөө азтай хүн шүү гэж боддог юм.

Бид олон хүүхдэд хичээл заадаг болохоор хүүхдүүдэд хэлсэн, сургаснаа төдийлөн санадаггүй. Харин хүүхдүүдэд их тод үлддэг юм билээ. Сургуулиа төгссөн хойноо ч тэр “Багш аа, таны хэлсэн тэр үг надад ингэж тусалсан, хэрэг болсон” гээд ярьдаг. Үүнтэй холбоотой нэг дурсамж ярихад, сургуулийн коридорт нэг хүү уйлчихсан явж л дээ. Би тэр хүүгийн толгойг нь илээд “Миний хүү яагаад уйлаа вэ. Одоо тайвшир” гэж. Би тэр явдлыг ер санадаггүй юм. Гэтэл сургуулийн маань 40 жилийн ой 2011 онд тохиож, үе үеийн төгсөгчид ирлээ. Өнөөх хүү надад ирж тэр түүхээ яриад “Яагаад уйлснаа санахгүй байгаа ч таныг аргадсаныг сайн санаж байна. Таныг толгойг минь илсэн чинь тайвшраад уйлахаа больчихож билээ” гээд ярьсан. Жижигхэн ч бай бидний үйлдэл хүүхдийн сэтгэл зүрхэнд том дурсамж үлдээдгийн нэг жишээ энэ байх гэж боддог юм.

О.АРИУНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *