Улаанбаатараас аравдугаар сарын 7-ны баасан гарагийн үдээс хойш Баянхонгор аймгийг зорин гарав. Хэд хоногийн өмнө Содномсамдан хэмээх содон нэртэй залуу өөрийгөө аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн гэж танилцуулж, уран бүтээлчдийн нэгдсэн аялалд аяны жолоо хамтатгаач гэсний дагуу ардын уран зохиолч Тангадын Галсан багш, Аюурзана зохиолч хоёрт утас цохьсон ч тус тусын ажилтай гэсэн сэн. Ямартай ч яруу найрагч шавь Зоригтын Батхуягтайгаа ийн нутгийн зүг одож, зам зуур унаанаас бууж шөнийн тэнгэрийн од ширтэн зогсохдоо
“Дуун сүүн замтай
Бөөнцагаан нуураа зорьсуу
Энх мэндийн учиртай
Ээж хайрхандаа сүсэлмүү
Сэтгэл зүрхний гунигаа
Сэрүүн салхинд нь гээюү
Итгэл зоригийн гэгээгээр
Ирэх цагийг угтмуу” гэсэн мөрүүд цээжин цаана бичигдэн, алс одох сэтгэлийн дарцгийг хийсгэн байв. Үүрээр аймгийн төвд очвол “Хүрэн морь” яруу найргийн наадмын тэргүүн найрагч Адьяагийн Батжаргал, гэргийнхээ хамт угтан авав. Баянхонгорын багш нарын баяр очсон өдөр тохиожээ. Нэрт эрдэмтэн Сономын Лувсанвандангийн нэрэмжит Хөгжимт жүжгийн театр хавиар гоёлын хувцсаараа гангарсан хүмүүс хөлхөлдөнө. Хэвтэж буй номхон барын дүртэй Номгон хайрхны бэл дэх Оготнотой булаг дээр очвол нэг нөхөр баахан мод буулгачихсан ганцаараа нүх ухаж зогсоно. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу мод тарьж байгаа нь тэр юм гэнэ. Бор шороотой ширэгний хөрсийг дөрвөлжлөн хуулж байхыг нь харахад мод таригч буянтан гэхээсээ илүү хайран сайхан эрүүл газрыг сүйтгэж байгаа солиотой хүний дүр нүдэнд өөрийн эрхгүй тодорно. Галзуу хүн л ингэж харзны тархин дээрх онгон хөрсийг хөндөж мод тарина гэж дүвчигнэх байх даа. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Цэдэн-Ишийн Чинзориг нэгэн үе Баянхонгорт аж төрөхдөө энэ сайхан булгийн хөвөөнд ирж авьяас онгодоо хөглөж явсан гэхээр цаанаа л сэтгэлд дотно. Ямар сайндаа л нутгийнхан “Чинжигийн ганцаардлын булаг” гэж нэрлэх билээ. Эндээс
“Намираа цэнхэр бороо шивэрсэн
Намрын хонгор үдшээ дурс даа” гэсэн “Намрын дурсамж” зэрэг олон уран бүтээл нь мэндэлж, их туурвилчаа мөнхөлсөн түүхтэй.
Үдээс хойхно аймгийн Аялал жуулчлалын газрын гаднаас Алтайн өвөр говийг зорих баг бүрдлээ. Харин Алтайн их говийг туулах унаа минь хэдийгээр орос ах нарын үйлдвэрлэсэн фургон ч гэсэн “Үүгээр хаа ч хүрэх билээ” гэсэн бодлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Хуучнаас хуучин төдийгүй хаалга нь дотроосоо онгойдоггүй, цонх нь нээгддэггүй машинаар хол явна гэдэг ямархан хэцүү болохыг явж үзсэн хүн л зовлонг нь дэндүү сайн мэдрэх биз. Наран хэвийх үед Баацагаан сумыг зорьж буй бидний аялагчид анхандаа хэн нэгнээсээ гэрэвшсэн маягтай, үг солих ч үгүй хэсэг явцгаав. Удалгүй “Говийн гайхамшигт-6” гэсэн аялалд нэгдсэнээ мэдэж “Тахийг ч Хустайн нуруунд үзсэн”, “Хавтгай бидэнд харагдах болов уу”, “Хар сүүлт гэж ямар амьтан байдаг юм бэ”, “Хулан тоосоо манаруулаад давхихаараа ч ёстой гүйцэгдэхгүй шүү”, “Мазаалай баавгайг Монголын таних тэмдэг болгох зөв, буруу”, “Бөхөн ч голдуу Ховдын чигт л таардаг даа” гэсэн яриагаар хачирлан танилцаж эхэлцгээв. Аяллын бүрэлдэхүүнд Монголын үндэсний олон нийтийн радиогийн найруулагч Дааганбатын Сарантуяа, Шинэжинст сумын харьяат орон нутаг судлаач Г.Дашчирэв, “Newscom.mn” сайтын сэтгүүлч, яруу найрагч З.Батхуяг, яруу найрагч П.Баярсайхан, зураач Т.Батжаргал, “Хонгор нутаг” гэрэл зураг сонирхогчдын клубийн гишүүн П.Отгонбаатар, Э.Батзаяа, “Соогоо сейко” сургуулийн багш, яруу найрагч С.Мөнхтогтох, “Хонгорын сор” хоршооны гишүүн П.Сандагсүрэн, гэрэл зурагчин Л.Батбаяр, “ТВ-10” телевизийн зураглаач Б.Алтансүх, “Дельфин” бичиг хэргийн газрын эрхлэгч Э.Цэрэндулам, БОАЖГ-ын жолооч Г.Батнасан нар багтжээ.
Оройхон гарсан бид ширүүхэн дарсаар, Баацагаан сумын төв орохдоо зам зуур төрийн шагналт яруу найрагч Чойжилжавын Лхамсүрэн гуайнхаа алдарт “Хүрэн морь” найраглалаас
“Оройн улаан нар
Онц туяа татуулаад
Сунаж хөвсөн үүлсийн
Сугыг нэвт шагайж
Урваж хөрвөж байгаа
Хурын бараан үүлийг
Улбар шар өнгөөр
Хувиргаж сайхан чимлээ.
Сүрэг тарган адуу
Суурь бэлчээрээ солиход
Сүүлд нь явсан хүрэн
Сугарч хойно нь хоцроод
Сургаж өгсөн эзнийхээ
Сургийг сонсох гэсэн шиг
Сухай улаан өнгөөр
Суниаж байгаа нарыг
Эгцэлж нэг хараад
Эргэж нэг унгалдав” гэж сөөнгө хоолойгоор унших Мөнхтогтох багшийн уянгад уярсхийж, авьяасын гэрэлт их зохиолч Пүрэвжавын Пүрэвсүрэнгийн “Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийнхээ
Ачийг яаж хариулна даа” гэсэн дууг аялан дуутай шуутай явав. Түрүүнээс хойш чимээгүй явсан онгоо бор залуутай танилцвал дуучин Төрмандахын гэргий Гансувдын дуулсан
“Бүүвэйн дуугаа аялан аялан
Бүлтгэр үрээ өхөөрдөх нь хөөрхөн
Бүлээн сүүгээр нь ундаалснаа бодохоор
Бүхнээс илүү та минь сайхан
Мэлмий дүүрэн мандсан нар шиг
Миний ээжий наддаа ганцхан
Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг
Миний ээжий хамгийн хөөрхөн” дууны шүлгийг зохиосон яруу найрагч Мягмарын Цэрэнтогтох аж. Сумын соёлын төвд хоносон бид ургахын улаан нарнаар найрагч Лхамсүрэнгийн гэр музейгээр зочилж, үр хүүхдүүдийнх нь босгосон цагаан суваргад хүндэтгэл үзүүлээд, Монгол бөхийн овоог зорив. Талд шовойх таван ханатай гэрийн дайны эл овоо алсын газраас торойн харагдах сүр бараагүй ч эртнээс нааш улсын цолтой том бөхчүүдийн зорин ирдэг шүншигт газар болсон гэх. Дархан аварга Бат-Эрдэнэ ид барилдаж байхдаа энд жил бүрийн зуны шөнийн үүрээр ирж мөргөөд наран ургахад оддог байсан бол сүүлийн жилүүдэд аварга Эрхэмбаяр нарын бөхчүүд төдийгүй УИХ-д нэр дэвшигчид хүртэл зорин ирж, хүслээ шивнээд буцдаг болжээ. Ардын их найрагч Лхамсүрэнгийн мэндэлсний зуун насны ой ирэх арван долоон онд болох учраас Баацагаан сумынхан эртнээс ойд бэлдэж буйгаа ярьж байсан.
Сумын байгаль хамгаалагчийг “Бүсгүй хүн гарч болдоггүй овоо байгаа юм” гэж эрчүүдэд учирлаж зогсох зуур аяллын гурван бүсгүй маань мөнөөх овоог хэдийнэ нар зөв тойроод гороолж явахыг үзсэн бид “Манай гурваас ч мундаг бөх төрөх нь гарцаагүй боллоо” гэцгээн цувраа гурван Аргалантын наана цайвалзан мэлтэлзэх Бөөн цагаан нуурыг зорилоо. Бөөн цагаан нуур шувууд ч үгүй амгалан амирлана. Төдөлгүй намрын сэвэлзүүр салхин тунгалаг мандлыг нь гүвэлзтэл долгисуулахад эрчилсэн цагаан давалгаа ар араасаа уралдан хөвөөгөө алгадан сүртэй чимээ гаргана. Есөн жилийн өмнө ирэхэд саваа багагүй дундарсан байсан Бөөн цагаан нуур энэ зун цатгалан сайхан байсныг хөвөөнд нь очих зуур ус нэвчсэн гутал минь гэрчлэх нь тодорхой. Нутгийнхны “Цагаан далай ээж” хэмээн нэрийдсэн Монголын говийн давст Бөөн цагаан нуурт миний төрж өссөн Заг-Байдрагийн голууд цутгадаг сан билээ. Нуурын уснаас магнайдаа хүргэхэд ээжийн минь гар илээд авах шиг цаанаа л нэг дотнохон. Бөөн цагаан нуурын шувууд үүрлэдэг арал жилээс жилд эзгүйрэх болсон талаар нутгийнхан шүүрс алдан ярьцгаах аж. Усны шувууд хүний хөл үймээнээс дайжин ийнхүү төрөлх нууртаа ч ойртохоо больсон бололтой. Далай ээжийг хөвөөлөн явсаар цутгал голыг гэтлэх үед манай машины жолооч Батжаргал ах маань барьц алдан голд унаагаа унтраахдаа “Говийн хүү болохоос би голын жараахай биш” гэж тунирхсан үг унагаж хамгийн анхны онигооны эзэн болов.
Үргэлжлэл бий
Л.БАТЦЭНГЭЛ