Categories
мэдээ цаг-үе

Элсэн цөл дундаас Израил улсыг босгосон Шимон перес

Израилийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Шимон Перес энэ сарын 28-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Түүнийг оршуулах ёслол өчигдөр боллоо. Шарил дээр нь “Хэтэрхий залуугаараа таалал төгссөн” хэмээн бичээрэй гэж талийгаач захисан гэнэ. 70-аад жил төрдөө зүтгэсэн түүнийг дэлхийн хамгийн өндөр настай улстөрч гэдэг. Урт насалсан нууцаасаа хуваалцаач гэхэд маш их ажиллаж, мөрөөдөхийг зөвлөөд “Амралт авах хэрэггүй. Амьдралд хамгийн сонирхолтой юм бол ажил” хэмээн хариулж байжээ.

Шимон Пересийн амьдрал Израил улсын түүхтэй салшгүй холбоотой. Ерөнхий сайдын албыг хэд хэдэн удаа хашсан тэрээр улсынхаа ес дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан. Тэрээр 12 Засгийн газарт ажиллаж, 1959-2007 онд хууль батлах дээд байгууллага болох Кнессетийн гишүүнээр тасралтгүй улиран сонгогдсон улстөрч.

Израил улс байгуулагдсаны дараахан 1947-1949 онд еврейчүүд арабуудтай дайтсан. Еврейчүүд үүнийг эрх чөлөөний төлөөх дайн гэдэг. Тэр үед залуухан Шимон Перес Батлан хамгаалах яамны ерөнхий даргын (сайдын дараахь албан тушаал) туслахаар ажилд оржээ. Тухайн үед Засгийн газрыг тэргүүлэн ажиллаж байсан Давид Бен-Гурион чадвартай, ирээдүйтэй залуу хэмээн Шимон Пересийг ихэд дэмжсэн. Тиймээс ч цэрэгт явуулалгүй яамны зэвсэг худалдан авалт, цэрэг татлага зэрэг хамгийн чухал асуудлуудыг хариуцуулжээ. Израил улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал нэн чухал байсан үе.

Ерөнхий сайд залуухан боловсон хүчинд маш их итгэл үзүүлж АНУ дахь Израилийн БХЯ-ны төлөөлөгчөөр томилжээ. Шимон Перес Нью-Йоркт ажиллахын хажуугаар Харвардын их сургуульд суралцаж, судалгаа хийж. Нутагтаа эргэж очоод 29 настайдаа Батлан хамгаалахын яамны ерөнхий даргаар томилогдож зэвсэг үйлдвэрлэлийн үндэс суурийг тавьж гадаадаас захиалга авдаг болгожээ. Ийнхүү ажиллахдаа сайшаалын үг нэлээд сонссон гэдэг. Түүнээс ч дутахгүй шүүмжлэлд өртсөн хэдий ч маш сайн гүйцэтгэгч гэдгээ харуулсан байна. Найз нарынх нь ярьснаар Ш.Перес шинжлэх ухааны судалгааг ашиглан үйлдвэрлэл хөгжүүлэх үндэс суурийг тавьсан гэнэ. Израил 1954 онд байлдааны онгоц, танк үйлдвэрлэх анхныхаа захиалгыг Францаас авсан. “Рафаэль” онгоцыг захиалгаар нийлүүлж, зэвсэг үйлдвэрлэдэг болсон нь яахын аргагүй Ш.Пересийн гавьяа. Өнөөдөр тус улс нь онгоц, цахилгаан хэрэгсэл, зэвсэг үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Шимон Перес Израилд цөмийн төслийг хэрэгжүүлэхийг анх санаачилж Димон, Сорекет цөмийн хөдөлгүүрийг бариулсан. Энэ бүхэн улс орны эдийн засаг хөгжих үндэс суурь нь болжээ. Элсэн цөл дунд орших улсыг хөл дээр нь босгож дэлхийд тэргүүлдэг болгоход түүний оруулсан хувь нэмар асар их.

1956 онд Израил Францтай хамтран Египетийн эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулсан. Ерөнхий сайд Давид Бен-Гурион энэ талаар Францын талтай нууц хэлэлцээ хийхээр хамгийн их итгэдэг хэдхэн хүнээ дагуулан Парисыг зорьсон гэдэг. Тэдний нэг нь Шимон Перес байж. Хожим нь түүнийг тусгай ажиллагааг хэрэгжүүлэхэд хүчин зүтгэсэн хэмээн Францын Ерөнхийлөгч “Хүндэт Легион”-ы одонгоор шагнасан юм.

Ш.Перес Кнессетийн сонгуульд анх нэр дэвшихдээ ялалт байгуулж Батлан хамгаалах яамны орлогч сайдын албыг давхар хашсан. 1960-аад оны эхээр Израилд нутгийн ажилчны намын даргын албан тушаалд тус улс төрийн хүчний залуу болон ахмад үеийнхний хооронд нэлээд ширүүн тэмцэл өрнөсөн түүхтэй. Хэрвээ залуучууд ялсан бол Шимон Перес Засгийн газрын тэргүүн болох байсан гэдэг. Гэвч залуу гишүүд ялагдаж Ш.Перес нэг хэсэгтээ төрийн албанаас холджээ.

Насаараа Израил улсын төлөө зүтгэсэн тэрээр Польшийн нутаг байсан өдгөө Беларусийн нийслэл Минск хотын ойролцоо орших Вишнево тосгонд 1923 онд төрсөн. Жинхэнэ нэрийг нь Сеня Перский гэдэг. Өвөөтэйгөө ихэд дотно байсан бөгөөд түүний ачаар яруу найрагт дуртай болжээ. Өвөө нь ач хүүдээ Л.Толстой, М.Достоевскийн зохиолыг уншиж өгч, шашны сургаал айлдана. Ш.Перес хожим нь “Өвөө маань маш ухаалаг хүн байсан” хэмээн ярьсан байдаг. Тэр үед Вишнево тосгон болон түүний ойролцоо 200 еврей гэр бүл амьдардаг, бүгд л Палестин руу цагаачлах хүсэлтэй байжээ. 1931 онд Шимон Пересийн аав Палестинд очиж улаан буудайн наймаа эрхэлж чамгүй ашиг олж эхнэр хүүхдээ татан авчээ. Шимон Палестинд очиж Бальфур хэмээх нэлээд нэр хүндтэй гимназийн сурагч болсон. 18 настайдаа сионист хөдөлгөөний гишүүнээр элсч улстөрч, зохиолч гээд нөлөө бүхий хүмүүстэй танилцсан гэдэг. 1946 онд Швейцарийн Базел хотод болсон Дэлхийн сионистуудын 22 дугаар чуулганд оролцсон нь түүнийг улс төрд ороход хамгийн ихээр нөлөөлсөн.

Ойрхи Дорнодын байдал дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа. Еврей болон палестинчуудын зөрчилдөөн одоо ч үргэлжилсээр. Тус бүс нутагт энх тайвныг тогтоох эсэх нь Шимон Пересээс хамаарч байсан үе ч бий. Тэрээр Ерөнхий сайдын албыг хашихдаа асуудлыг бүрмөсөн шийдээгүй ч маш их дэвшил гаргасан хэмээн дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн юм. Хэзээ ч эвлэрэхгүй гэгддэг Израил, Палестины эрх баригчдыг 1993 онд Билл Клинтон АНУ-ын Ерөнхийлөгч байхдаа хэлэлцээрийн ширээний ард суулгаж чадсан юм. Палестины удирдагч Я.Арафат, Ш.Перес хоёрын гар барьж байгаа зургийг дэлхий нийтээр цацаж байсан түүхтэй. Түүгээр ч зогсохгүй Израилийн эрх баригчид хамгийн их зөрчилддөг Сири, Иорданитай хэлэлцээ хийж эхэлжээ. Ийнхүү Ойрхи Дорнодод энхийг сахиулах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Шимон Перест Нобелийн энхтайвны шагнал олгосон. Тэр үед “Палестинчууд бидний хамгийн ойрын хөрш. Миний бодоход тэд бидний хамгийн сайн найз болж чадна” хэмээн хэлсэн нь нэлээд шуугиан тарьж байлаа. Учир нь Израилийн улстөрчдөөс палестинчуудын талаар ингэж нааштайгаар хэлсэн хүн байдаггүй.

Улс төрийн өндөрлөгт гарахын тулд Шимон Перес 30 жил тэмцсэн гэдэг. Нам дотроо ширүүхэн дайралттай тулгарсан ч энэ нь түүнийг улам хатуужуулсан байна. Юмыг маш хурдан хүлээж авдаг, ер бусын шинэ санаа гаргаж, зорьсондоо хүрэхийн тулд тууштай тэмцдэг чанарын ачаар ялалт байгуулж чадсан гэдэг. Л.Толстой, В.Набоков, А.Камю, Жан-Поль Сартрыг шүтдэг, зохиолыг нь шимтэн уншдаг тэрээр Гадаад хэргийн сайд, Бүс нутгийн хөгжлийн сайд, Батлан хамгаалахын сайд гээд ажиллаагүй салбар үгүй.

“Авод” намыг байгуулсан тэрээр 2007 онд Израилийн Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Гурван хүүхдийн аав, зургаан ач, зээтэй. Иврит, идиш, польш, англи, франц хэлтэй түүнийг агуу мөрөөдөгч гэдэг байсан. Тэрээр “Том мөрөөдөлтэй бай. Хэдий чинээ том мөрөөдөлтэй байна, төдий чинээ амжилтад хүрнэ” хэмээн хэлжээ.

Ю.Дэлгэрмаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *