Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс санхүүгийн тусламж хүссэн талаар ОУВС өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ

Монгол Улс санхүүгийн тусламж хүссэн талаар ОУВС-гаас өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэнийг “Reuters”, “Bloomberg”, “Financial times” уламжилжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон бусад төлөөлөгчтэй хийх хэлэлцээ Вашингтонд болох ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр, энэ долоо хоногт эхлэх тухай дээрх байгууллагын мэдэгдэлд дурдаад, хэдий хэмжээний зээл хүсэж буй талаар тэмдэглээгүй аж.

ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс “Монгол Улсын удирдлагууд эдийн засгаа тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахаар санхүүгийн дэмжлэг хүссэн” хэмээн и-мэйлдээ бичсэн байна. Түүнчлэн тэрбээр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матайгийн тэргүүлсэн баг хэлэлцээг үргэлжлүүлэхээр энэ сарын эцсээр Улаанбаатарт ажиллахыг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 26-нд ОУВС-гийн суурин төлөөлөгч Нейл Сакерыг хүлээн авч уулзах үеэрээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тус сантай хамтран ажиллах, ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улс “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтэй буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *