Сүүлийн өдрүүдэд Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ, үргэлжлүүлэхгүй зогсооно гэсэн янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банкны удирдлагуудыг хүлээн авч уулзан ипотекийн зээлийн талаар санал бодлоо солилцсон. Энэ үеэр ард түмний анхаарлыг татаад буй ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээ ямартай ч амласан. Харин журмыг шинэчлэхээр санал бодлоо солилцсон билээ. Үүний дараахан ипотекийн зээлийн шинэ журам батлагдсан тухай зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Харин бодит байдал дээр ипотекийн зээлийн асуудал чухам ямар шатандаа явж байгааг хүргэхийг зорилоо.
Ипотекийн зээлийн шинэ журам батлагдаагүй
Монголын ипотекийн корпораци одоогоор ипотекийн зээлийн журам өөрчлөгдөөгүй болохыг албан ёсоор хэлж байна. Учир нь Засгийн газраас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт орох, холбогдох шийдвэр гаргасан тохиолдолд хамгийн түрүүнд Монголын ипотекийн корпорацид мэдэгдэж, цаашдын үйл ажиллагаа дамжина гэсэн үг. Тиймээс ипотекийн найман хувийн зээлийн журамд ямар нэг өөрчлөлт ороогүй, өмнөх журмын дагуу банкууд зээл олгож байгаа аж. Мөн Монголбанкнаас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд “Ипотекийн зээлийн санхүүжилтийн журамд өөрчлөлт оруулсан тухай энэ сарын 22-нд зарим хэвлэлд мэдээлжээ. Уг мэдээлэлд Барилга, хот байгуулалтын яам, Монголбанк хамтран ипотекийн зээлийн олголтын журамд өөрчлөлт оруулж, батлагдсан гэжээ.
Харин Монголбанк энэхүү журмыг батлахад хамтран оролцох байр суурьтай байгаа ч албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байна. Тодруулбал, Барилга, хот байгуулалтын яамнаас ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулах тухай саналаа Монголбанкинд албан тоотоор ирүүлсэн бөгөөд уг саналыг Монголбанкны холбогдох удирдлагуудын түвшинд хэлэлцэж байгаа бөгөөд хариу шийдвэр гаргаагүй байна. Иймд ипотекийн зээлийн журам нь Монголбанкны байр суурь биш болохыг мэдэгдэж байна. Монголбанкны Захирлуудын зөвлөл өнгөрсөн долоо хоногоос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтийн талаар илүү тогтвортой механизмыг бүрдүүлэхээр хуралдаж, зарчмын саналуудыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна” гэжээ. Ипотекийн найман хувийн зээлийн журамд шинэчлэл хийгдээгүй байгаа гэдгийг Барилга хот байгуулалтын яамны зүгээс мөн өглөө.
Арилжааны банкууд ипотекийн зээлийг олгож байна
Харин арилжааны зарим банкууд найман хувийн зээлийг зогсоогоод байсан. Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк зэрэг ихэнх банкууд ипотекийн зээлийг хэвийн олгож байна. Ингэхдээ зарим банкууд орон сууцны ипотекийн зээлийг гаргахаас гадна шинээр зээл хүссэн иргэдийн материалыг ч хүлээн авч байгаа гэв. Гэхдээ хэд хоногийн өмнө Монголбанкнаас ипотекийн найм болон таван хувийн хүүтэй орон сууцны зээлийг зогсоосон. Улмаар ипотекийн зээлийн санхүүжилтийг олгохыг түр хугацаагаар зогсоогоод байгаа. Тэгвэл зарим банкууд өөрсдийн нөөц хөрөнгөөсөө санхүүжилт хийж ипотекийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг гаргаж өгч байгаа бололтой. Нөгөө хэсэг нь ипотекийн зээл үргэлжлэх нь тодорхой ч шинэ журмыг хүлээж зөвхөн материал хүлээн авч байгаа гэсэн мэдээллийг ч өгсөн юм.
Харин таван хувийн орон сууцны зээлийг цэвэр Монголбанкнаасс санхүүжүүлдэг байсан бөгөөд тус банкнаас энэ төрлийн зээлийг олгох нь хэт эрсдэлтэй гэдгийг Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр онцолсон. Тэрээр “Ипотекийн таван хувийн зээл бол эхнээсээ буруу шийдвэр байсан. Харин найман хувийн зээлийг анхнаас нь зөв явуулсан учраас буулгах шаардлага байгаагүй. Тиймээс Монголбанк таван хувийн ипотекийн зээлийг үргэлжлүүлэх боломжгүй. Найман хувийн тухайд цаашид үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай. Ингэхийн тулд тодорхой алхмуудыг хийх шаардлагатай байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Энэ бол ипотекийн найман хувийн зээл цаашид үргэлжлэхийг харуулж буй бас нэг том хүчин зүйл билээ.
“Ипотекийн зээлийг зогсоовол байр авнагэдэг нь мөрөөдөл хэвээр үлдэнэ”
Банкны зээлийн эдийн засагчдын үүдийг сахих иргэд эрс нэмэгджээ. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, эс үргэлжлүүлэх талаар яригдахаас эхлээд орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн сэтгэл зовних болж. Тиймээс зээлийн эдийн засагчдаас биеэр ирж тодруулах болжээ. Төрийн банкны зээлийн эдийн засагчтай уулзахаар зогссон 40 орчим насны эмэгтэй Н “Би дөрвөн хүүхэдтэй. Нөхөр маань өөд болоод удаж байна. Насаараа л Дэнжийн мянгын гэр хороололд амьдарлаа. Харин энэ хавар хүү маань насанд хүрч, гайгүй ч ажил төрөлтэй болсон. Тиймээс байранд зүтгэх санаатай. Арай гэж хэдэн төгрөг өөрөөсөө нууж цааш хийсэн юм. Гэтэл найман хувийн зээлийг зогсооно гээд яриад байх юм. Ямар сайндаа ирж асуулаа. Хэрвээ найман хувийн зээлийг зогсоовол гэр хорооллын дундаж амьдралтай бидний хувьд байранд орно гэдэг мөрөөдөл хэвээр үлдэнэ” гэв. Мөн иргэн Ж “Би сая материалаа өгсөн. Авч л байна. Хэр удахыг нь харин мэдэхгүй. Төр түмэндээ хандсан бодлого хэрэгжүүлэх гэж байгаа бол, үнэхээр ард түмнийхээ амьдралыг сайжруулахыг хүсч байвал зээл үргэлжлэх байх даа” хэмээсэн юм.
Ипотекийн зээлийн журамд ямар шинэчлэл хийгдэх вэ?
Ямартай ч одоогийн байдлаар яг энэ гээд хэлчих өөрчлөлт ипотекийн зээлийн журамд хийгдээгүй байна. Харин ажлын хэсэг ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар ярилцаж байгаа. Үүний нэг тодорхой жишээ бол дээр дурдсан Ерөнхий сайдын, банкны төлөөллүүдтэй хийсэн уулзалт юм. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд ипотекийн зээлд хамрагдах орон сууцны метр квадратыг 120 болгож өөрчлөх санал гаргасан боловч банкны удирдлагууд метр квадрат ихсэх нь чанаргүй зээл болон эргэн төлөлтөд асуудал гарч иргэдийн хувьд хүнд ачаа болох болно. Ингэснээр бусад хэрэглээг хязгаарлах хэрэг гарна гэсэн байр суурьтай хандсан. Харин салбарын яамны зүгээс метр квадратыг 100 болгох нь илүү тохиромжтой хувилбар гэдгийг хэлсэн. Хэрвээ иргэд 100 метр квадратаас дээш талбайтай орон сууцийг ипотекийн зээлээр авахыг хүсвэл илүү гарсан метр квадратын мөнгөн дүнг нэмж төлөх талаар ярьсан. Одоогийн хэрэгжиж буй журамд ипотекийн зээлийн дээд хязгаар нь 80 метр квадрат. Тиймээс ийм шинэ заалт журамд нэмэгдэх нь тодорхой бололтой. Журмыг Монголбанк, Сангийн яам хамтран боловсруулж байгаа аж. Харин салбарын яамны зүгээс зах зээлд байгаа орон сууцыг иргэдэд ипотекийн зээлийн бодлогоор хүргэх байр суурьтай ажиллаж байгаа аж. Шинэ журамд яг ийм өөрчлөлт оруулна гэсэн яриа хараахан явагдаагүй болохыг баттай эх сурвалж мэдээлж байна. Харин ирэх долоо хоногийн лхагва гаригт Засгийн газрын хуралдаан дээр ипотекийн зээлийн журмын шинэчлэл, өөрчлөлтийн явцын талаар танилцуулахыг сайд ажлын хэсэгт үүрэгдсэн гэх мэдээлэл байна.
Ипотекийн зээл банкны системийн 30 хувийг эзэлж байна
Ипотекийн зээл нийт банкны системийн зээлийн 30 хувийг эзэлж байна. Банкууд 2016 оны долдугаар сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Нийт зээлдэгчдийн тоо 85622-т хүрчээ. Тэгвэл өнгөрсөн наймдугаар сарын 7-ны байдлаар банкууд 10846 иргэний 665.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 3392 иргэний таван хувийн хүүтэй 161.3 тэрбум төгрөгийн, 6261 иргэний найман хувийн хүүтэй 420.4 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна. Нэг хүн дунджаар 58.3 сая төгрөгийн зээлд хамрагддаг гэсэн судалгаа ч бий.