Categories
мэдээ цаг-үе

Цэдэнбалын Зоригт: Би Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна

Энэ өдрүүдэд Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүний хүү Ц.Зоригт ойн арга хэмжээнд оролцохоор Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд Увс аймгийг зорихын өмнөхөн уулзаж ярилцсаныг сонирхуулъя.

-Ц.Зоригт гуай та энэ удаад онцгой арга хэмжээнд оролцохоор Монголд ирсэн. Хамгийн сүүлд хэзээ Улаанбаатарт ирсэн бэ?

-Юуны түрүүнд би Монголд дахин ирсэндээ маш их баяртай байна гэдгээ хэлмээр байна. Энэ бол миний аавын төрсөн нутаг, миний төрсөн нутаг. Тиймээс ч энд ирсэндээ их баяртай байгаа. Эцгийн маань мэндэлсний 100 жилийн ой бол ер бусын арга хэмжээ. Харамсалтай нь би Монголд ирээгүй нэлээд удсан, бараг арван жил болчихжээ. Улаанбаатар огт өөр болсон нь шууд л анзаарагдсан. Шинээр олон хороолол баригдаж, танигдахын аргагүй болжээ. Нийслэл хот их өөрчлөгдсөн байна. Намайг ойн арга хэмжээнд урьж оролцуулсан Монгол Улсын Засгийн газарт юуны түрүүн талархаж байгаагаа илэрхийлье. Би аавын маань ойн хүрээнд зохион байгуулсан бүх арга хэмжээнд оролцсон тул нэлээд ачаалалтай байгаа. Өглөөнөөс эхлээд орой болтол завгүй, унтаж амарч амжихгүй л явна. Гэхдээ энэ бол сайхан “ядаргаа” гэдгийг хэлмээр байна. Нэгдүгээрт, надтай уулзаж ярилцсан монголчууддаа маш их талархаж байгаагаа хэлье. Аавд маань элгэмсгээр ханддаг юм байна. Өчигдөр гэхэд нэг найзыгаа хүлээгээд гадаа зогсож байхад хажуугаар өнгөрсөн хүмүүс намайг таниад дотноор мэндчилж, хамт зургаа авахуулахыг хүссэн. Би ч дуртайяа зөвшөөрсөн

-Танд сайхан санагдсан уу?

-Тэгэлгүй яахав. Ялангуяа эдгээр хүмүүсийн дунд маш олон залуучууд байсан нь намайг бүр ч их баярлуулсан. Тэд миний аав Монголын түүхэнд ямар үүрэг гүйцэтгэсэн болохыг ойлгодог юм байна. Энэ бол чухал. Би эндүүрээгүй бол нэг ярилцлагадаа ард түмнийхээ түүхийг мартахгүй байх нь маш чухал гэж хэлж байсан. Маш чухал шүү. Өөрийнхөө түүхийг мартсан ард түмэн бол үгүй болдог түүхэн сургамж бий.

-Өнгөрсөн бямба гаригт та аавынхаа хөшөөнд цэцэг өргөсөн. Хөшөө рүү явахдаа хүүхэд насаа өнгөрүүлсэн байшингийн хажуугаар өнгөрөхийг би харсан. Энэ үед ямар сэтгэгдэл төрөв?

-Тийм ээ, яг үнэн. Энэ байшингийн булан тохой болгоныг нь би дэндүү сайн мэднэ, одоо ч сайн санаж байна. Энэ байшинг Ю.Цэдэнбалын нэрэмжит музей болгоосой гэж маш их хүсч байгаа. Манай Ю.Цэдэнбалын академи Засгийн газар болон УИХ-д ийм санал тавьсан. Нааштай хариу өгөх шинжтэй байгаа. Ойрын өдрүүдэд биш юм аа гэхэд хэзээ нэгэн цагт энэ хүсэл маань биелэх байх гэж бодож байна. Харамсалтай нь аавын маань эд хөрөнгийг хууль бусаар хурааж авсан. Манай академи эцгийн маань хэрэглэж байсан эд зүйлсээс зарим нэгийг нь олсон. Хуулиар бол эдгээр эд зүйлс нь миний өмч. Тэдгээрээс нэгийг нь ч өөртөө авахгүй гэдгээ би нэг бус удаа хэлсэн. Магадгүй дурсгал болгож нэг л ном авах байх. Бүх эд зүйлсийг нь би Ю.Цэдэнбалын музейд хүлээлгэж өгнө. Харамсалтай нь академи аавын маань тухайн үед хэрэглэж байсан тавилганаас нэгийг нь ч олж авч чадахгүй байгаа. Тиймээс амьдралынхаа сүүлийн жилүүдэд Москвад байхдаа хэрэглэж байсан тавилгыг музейд нь өгөхөөр болсон. Дашрамд дурдахад тэр тавилгыг нь бид Улаанбаатарт авчирсан, манай байранд байгаа. Би музей байгуулагдахыг л хүлээж сууна.

-Та Москвад Ю.Цэдэнбал гуайн амьдралынхаа сүүлийн өдрүүдийг өнгөрүүлсэн байранд амьдардаг уу?

-Тийм ээ.

-Энэ өдрүүдэд танай аавын тухай олон хүн дурсан ярьж байна. Хүүхэд нь болохоор таны дурсамж арай л өөр байх болов уу?

-Хэцүү асуулт байна. Учир нь аав маань бүх л цаг заваа улс орныхоо төлөөх ажилд зориулсан. Хүүхэд насныхаа дурсамжаас эргэн санахад өглөө намайг босоход харанхуй байдаг байсан. Аав маань аль хэдийнэ ажилдаа явчихсан. Орой харанхуй болоод орондоо ороход аав маань ажлаасаа ирээгүй байдагсан. Бүх л цаг заваа ажилдаа, ард түмэн, эх орондоо зориулсан даа.

-Гэсэн хэдий ч хүүхэд ахуй насны сайхан дурсамжууд байдаг байх гэж бодож байна?

-Би аавынхаа тухай ном бичиж байгаа. Энэ бол анхных нь биш. Түүндээ хүүхэд ахуй цаг, залуу нас, хожуу үеийн дурсамжуудаа нэлээд дэлгэрэнгүй бичсэн. Та намайг ямар нэгэн сонин зүйл ярина гэж бодож байгаа байх. Яг одоо санаанд маань юм орж ирэхгүй байна. Янз бүрийн л дурсамжууд байдаг.

-Оюутан байхдаа аавтайгаа юуны талаар ярилцаж, ихэвчлэн ямар сэдвийг хөнддөг байв?

-Аав маань бүх цаг заваа ажилдаа зориулсан гэж би хэлсэн. Мэдээжийн хэрэг надтай ярилцдаг байсан. Ажлынхаа тухай дэлгэрэнгүй ярихгүй ч гэсэн зарим нэгэн асуудлаар өөрийнхөө санал бодлыг хэлдэг байсан. Гэхдээ би түүний амьдралын сүүлчийн өдрүүдийн талаар яримаар байна. Харамсалтай нь түүнийг огцруулсан нь маш хүндээр тусч эх орноосоо алсад ихэд шаналсан. Ихэд шаналсан гэдгийг би дахин хэлмээр байна. Би заримдаа аавтайгаа цуг Москвагийн гудамжаар алхдаг байлаа. Ингэж явахдаа монголчуудтай нэг бус удаа санамсаргүй таарна. Аав маань нутаг нэгтнүүдээ хараад бөөн баяр болно. Тэгээд л Монголд юу болж байгаа, монголчуудын амьдрал ямар байгаа талаар нэгд нэгэнгүй асуудаг байж билээ. Нутагтаа эргэж очихыг маш их хүсч байсан боловч улс төрийн нөхцөл байдлын улмаас чадаагүй.

Цэдэнбалын Зоригт зурган илэрцүүд-Та түрүүн аавынхаа тухай бас нэгэн дурсамжийн ном бичиж байгаа гэсэн. Өмнөх номууд нь энд хэвлэгдсэн үү. Одоо бичиж байгаа номынхоо талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Өмнөх номууд бүгд монгол хэлээр, энд хэвлэгдсэн. Шинэ номдоо гэр бүлийнхэнтэйгээ холбоотой урьд өмнө нь гарч байгаагүй дурсамжуудыг оруулсан. Улс төртэй холбоотой асуудлууд ч бий. Ерөнхийдөө бол гэр бүлийн дурсамж гэж болно.

-Таны охин Анастасия Монголд ирж байсан. Улаанбаатарт очоод ирснийхээ дараа тантай уулзаад юу гэж ярив?

-Охин маань 2-3 жилийн өмнө энд ирсэн. Анастасия нөгөөдөр (маргааш) Монголд ирнэ. Энд байсан тухайгаа надад ярьсан. Их сонин газруудад очсон тухайгаа хэлсэн. Охин маань нөгөөдөр ирээд бидэнтэй цуг Увс аймаг руу явна.

-Улаанбаатарт байх хугацаандаа аавынхаа талын хамаатнуудтай уулзаж гэр орноор нь зочилсон биз дээ?

-Бүгдтэй нь уулзаж амжаагүй л байна. Өглөөнөөс авахуулаад орой болтол завгүй байсан тул зарим дээр нь очиж амжаагүй. Монголд дахиад хэд хонох тул уулзаж амжих байх аа. Одоо Увсад очоод тэнд байгаа хамаатнуудтайгаа уулзана. Дашрамд дурдахад, аавын маань мэндэлсний ойд зориулсан концерт ер бусын байсан гэдгийг хэлмээр байна. Би амьдралдаа төрийн гээд янз бүрийн концерт үзсэн. Харин аавд маань зориулсан концерт бол дээд хэмжээний, дэлхийн түвшний байсан гэдгийг хэлье. Тиймээс танай сониноор дамжуулан түүнд оролцсон уран бүтээлчдэд талархал илэрхийлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *