“Өнөөдөр” сонины 20 жилийн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын Бид “Өнөөдөр”-ийн гэрэл зурагчид үзэсгэлэн өнөөдөр “Үндэсний түүхийн музейд” нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнд 1996 оноос авахуулаад одоог хүртэл “Өнөөдөр” сонинд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 14 гэрэл зурагчины бүтээл дэлгэгджээ.
Ингээд “Өнөөдөр” сонинд 13 жил ажиллаж байгаа ахмад гэрэл зурагчин Т.Чимгээтэй ярилцлаа.
-Та хэзээнээс зураг авч эхэлсэн бэ?
-1982 онд Нийтийн ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуулийн гэрэл зургийг ангийг хоёр жил сурч төгсөж байсан. Ахуй үйлчилгээндээ 12 жил ажиллаад 1996 онд “Өнөөдөр” сонинд орсноос хойш өдий хүртэл ажиллаж байна. Бидэнд тэр үед хөрөг зураг яаж авах вэ, хөдөлгөөнтэй зураг яаж авах вэ гэх зэрэг бүгдийг заадаг байсан.
-Таны үеийн болоод орчин үеийн зурагчид хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
–Ялгаа байлгүй яахав. Маш их ялгаа бий. Анх бид хальсаар зураг авдаг байсан. Өдөр тутмын сонины зургуудыг цаасан дээр буулгадаг байлаа. Одоо бол техник технологи маш өндөр түвшинд хөгжөөд байна шүү дээ. Бүх юм компьютержсэн үед амьдарч байгаа болохоор зургийг яаж л бол яаж янзалж байна. Дээр үед чинь бид эхлээд зургаа авна, дараа нь хальсаа угаана. Тэгээд цаасан дээр буулгаад сониндоо өгнө. Маш их ажиллагаа шаарддаг байлаа. Одоо бол ёстой амар. Ямар ч зургийг аваад шууд гаргадаг болохоор цаг хугацааг маш сайн хэмнэдэг болсон шүү дээ.
-Сонины гэрэл зургийн онцлог нь юу вэ?
-Үйл явдлыг гэрэл зурагтаа бодитоор нь буулгах нь гол шүү дээ. Сэтгүүлчид бичиж хүргэдэг бол бид гэрэл зургаар шууд хүргэх ёстой байдаг. Хамгийн гол нь тэрхүү болсон үйл явдал гэрэл зургаас харахад шууд ойлгогдож байхаар л авах хэрэгтэй.
-Сонины гэрэл зурагчин заавал мэргэжлийн байх шаардлагатай юу?
-Одоогийн хүүхдүүд чинь бүгд л мэргэжлийн бус шүү дээ. Гэхдээ гэрэл зурагчин хүнд заавал мэдрэмж хэрэгтэй. Ямар ч зүйл дээр өөрийнхөө өнцгөөс хардаг мэдрэмжтэй байх нь чухал. Мэдрэмжгүй хүн тэр үйл явдлыг хэзээ ч гэрэл зургаар баталж чадахгүй.
-Залуу зурагчиддаа хандан юу гэж хэлэх вэ?
-Юу хэлэх вэ дээ, эд чинь биднээс илүү зураг авч байна шүү дээ. Энэ нь техник тоног төхөөрөмжиндөө байна. Гэхдээ гэрэл зургийг цаасаар авдаг байсан үед хамаагүй чанартай байсан. Яагаад гэвэл бүх юм нь механик ажиллагаа шаарддаг. Бүх юмаа өөрөө тохируулдаг учраас тэр. Одоо бол бүх юм автомат болсон учир зүгээр л аппаратаа шагайгаад л дардаг болсон.
-Өнөөдөр сонины 20 жилийн ойн босгон дээр хамт олныхоо талаар ярьж өгөөч?
-“Өнөөдөр сонин”-доо 13 жил ажиллажээ. Гэрэл зургийг ийм мундаг болгосон хүн нь бол Ц.Балдорж эрхлэгч шүү дээ. Биднийг өглөө болгон хувцаслаж гаргана. Болж байгаа үйл явдлуудыг их ярьж өгч “Би өөрөө харж байна даа, та нар авч ирж чадах уу” гэхчлэн их хурцалж өгдөг хүн байсан даа.
Ингээд зарим зургаа тайлбарлав. Жишээ нь: Хилари Клинтоны зургийг 2012 онд Монголд ирэхэд нь авчээ. Мөн хажууд нь байгаа хөгшин ламын зургийг Далай лам ирэхэд авч байжээ. Лувсаншарав гуайн зургийг Урчуудын эвлэл дээр нэг үзэсгэлэн гарахад авчээ. Мөн Бан Ги Мүний зургийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоогүй, болох гээд Азийн орнуудаар явж байхдаа Монголд ирэхэд нь авсан байна.
Мөн дөнгө шиг лоозонгуудыг хүзүүндээ нэвсийтэл өлгөсөн эмэгтэйн зургийг одоогоос 4, 5 жилийн өмнө талбай дээр болсон жагсаалын үеэр дарсан. Тэр үед нэлээн хүйтэн байсан санагдаж байна. Мэдээж хөөрхий арга нь барагдаад л өөрийгөө дөнгөлсөн байлгүй дээ хэмээн зурагнуудаа тайлбарлалаа.
О.ӨНӨР