Өчигдөр буюу есдүгээр сарын 1-ний өдөр найман хүүхэд зам тээврийн осолд өртөж, бэртсэн байна. Осолд өртсөн гурван хүүхэд зам гарах үедээ осолд оржээ. Тухайлбал, 13 дугаар сургуулийн хойд талын замд найман настай хүү машинд мөргүүлсэн хэрэг гарсан бол Баянзүрх дүүргийн Мэнгэт хүнсний дэлгүүрийн баруун талын замд 11 настай хүү зам гарж яваад автомашинд мөргүүлсэн байна. Бага насны хүүхдүүд харгалзах хүнгүй, явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан аж.
Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал хандуулж, гарцаар хөтөлж гарах, автомашиндаа зориулалтын суудал тавин тээвэрлэхийг Замын цагдаагийн газраас сануулж байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2.7-р зүйлд заасны дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хариуцлага тооцуулахаар шалгалтын ажлыг эхэлжээ.
Бага насны хүүхдийг эцэг эх асран хамгаалагч нь хичээл сургуульд нь хүргэж өгч, авч байх нь тэдний үүрэг бөгөөд дээрх үүргээ биелүүлээгүйгээс үүдэн хүүхдийн амь нас эрүүл мэндэд эрсдэл учирвал хариуцлага хүлээх хуулийн заалттай байдаг ажээ.
Б.ЭРДЭНЭ-ОЧИР