Categories
мэдээ улс-төр

Хууль тогтоомжийн төслийг боловсруулахад буруу жишиг болж магадгүй гэв


Улсын Их Хурлын О.Баасанхүү Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор өнөөдөр /2016.08.29/ сэтгүүлчдэд мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлэв.

Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хууль, мөн оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зөрчлийн тухай хуулийг баталсан болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү мэдээллийнхээ эхэнд хэллээ. Эдгээр хуулийн хэрэгжих хугацаа нь 2016 оны 09 дүгээр сарын 01 буюу батлагдсан өдрөөс 9 сарын дараа байхаар хуульчлагдсан байсан. Харин Улсын Их Хуралд Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулан 2017 оны 07 сарын 01-ний өдөр болгон өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд байна. Энэ нь Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.1, 14.2 дахь заалтыг зөрчиж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буй хууль, тогтоолын төсөлд хууль тогтоомжийн төслийг боловсруулах үндэслэл, шаардлага болон хууль тогтоомжийн төслийн зорилго, төслийн ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг тусгасан үзэл баримтлал байх ёстой. Түүнчлэн тухайн хууль тогтоомжийн төсөл батлагдсаны дараа үүсэж болох эдийн засаг, нийгэм, хууль зүйн үр дагавар, тэдгээрийг шийдвэрлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг тусгасан байхаар хуульчилсан байдаг. Мөн Хууль тогтоомжийн тухай хуулийн 14.2.4-т заасан “…хууль тогтоомжийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай хэрхэн уялдах, хуулийг хэрэгжүүлэхэд шинээр боловсруулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хууль тогтоомжийн талаарх санал…” зэргийг тусгаагүй байгаагаараа хууль зөрчиж байна хэмээн үзэж буйгаа хэллээ. Цаашид хууль тогтоомжийн төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцэх үйл явцад буруу жишиг болж магадгүй хэмээн болгоомжилж байгаагаа тэрээр онцоллоо.

Хуульд засвар оруулах зорилгоор нэг өгүүлбэрт багтаан хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлж, үүнийг нь Улсын Их Хурал хэлэлцэх нь зохисгүй бөгөөд уг шалгааны улмаас дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжихгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрээр энэ талаарх санал дүгнэлтээ холбогдох байнгын хороонд хүргүүлнэ гэлээ.

Хэвлэлийн хурлын төсгөлд тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *