Үндсэн хуулийн цэцийн дарга, Монгол Улсын гавъяат хуульч H.Жанцангийн хүү Азжаргалтай ярилцлаа. Ж.Азжаргал өдгөө “Тайванийн үндэсний их сургууль”-д хууль эрх зүйн ангид сурч байгаа. Удахгүй төгсөх энэ залуу аавынхаа мэргэжлийг өвлөж авсан отгон хүү.
-Азжаргал гэдэг нэрийг аав тань өгсөн үү?
-Миний нэрийг аав өгсөн.
-Яагаад хуулийн ангийг тэр тусмаа Тайванийг сонгосон бэ?
-Хэд хэдэн шалтгаан байсан л даа. Гэрийнхэнтэйгээ зөвлөлдөөд Тайваний хууль Монголынхтой ч төстэй юм байна гэж үзсэн. Тайваний хуулийг Монголтой адил Германаас хуулж авчирсан байдаг. Японы бага зэрэг нөлөө байдаг л даа. Манай гэрийнхэн тэр үед Тайваньд томилогдож очсон нь ч нөлөөлсөн. Аавынхаа мэргэжлийг өвлөе гэж бодсон юм. Аав мэдээж мэргэжил сонгоход миний санаа бодлыг асуусан л даа. Багаасаа л аавыг харж өссөн учраас надад ч сонирхол байсан. Аав, ээжийнхээ ажил дээр очих дуртай хүүхэд байлаа. Аавынхаа хажууд суугаад ажиллахыг нь харах гоё санагддаг. Одоо ч аавынхаа ажил дээр очих дуртай. Тайвань өртөг өндөртэй газар. Маш их мэрийж хичээхгүй бол болохгүй.
-Сурахын хажуугаар ажил хийж байв уу?
-Орчуулагч хийж үзсэн. Бас “Дэлхийн зөн”-д сайн дурын ажил хийж байлаа.
-Мэргэжил нэгтэй аав, хүү хоёрт санаа нийлдэг сэдэв, ижил хобби байгаа юу?
-Аав бид хоёр олон юман дээр санаа нийлдэг. Мэргэжил нэгтэй болохоор надад үргэлж зөвлөгөө өгч, санал бодлоо хуваалцдаг. Мөн аавын бичсэн хуулийн номнуудыг үзэж судалдаг. Аав маань зоос болон маркны цуглуулгатай. Өөрийн цуглуулгаар 2015 онд “Монгол Улсын ховор марк, мөнгөн тэмдэгт” гэдэг судалгааны шинжтэй ном гаргасан. Энэ ном Сингапур 2015 дэлхийн маркны үзэсгэлэнгээс алтадсан мөнгөн медаль хүртсэн юм. Олон улсын хошой мөнгөн медальтай бүтээл л дээ. Монгол маркийг дэлхийд сурталчилах аавын маань зорилго биелэлээ олсон. Хобби бол бие даасан шинжлэх ухаан гэж би боддог. Хоббинд маш их цаг зав шаардлагатай болохоор одоохондоо өөрийгөө хязгаарлаж байгаа. Би ч бас аав, ээж хоёр шигээ янз бүрийн зоос, марк цуглуулах дуртай. Тайваньд Монголын гоё маркууд байдаг л даа. Тайваньд Монгол хаадын хөрөг зураг байдаг. Тэднээрээ гоё марк гаргадаг. Монголын нууц товчооны эх хувь ч тэнд хадгалагдаж байдаг юм билээ.
-Ээжийнхээ тухай танилцуулаач. Ээж тань бас цуглуулагч гэсэн үү?
-Миний ээжийг Б.Насанжаргал гэдэг. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын хүн. Ня-бо, эдийн засагч мэргэжилтэй. Октябрийн районы Гүйцэтгэх захиргаа болон Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт байцаагч, мэргэжилтнээр ажиллаж байсан. Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан, Нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг болон “Алтан гадас” одонгоор шагнагдсан юм. Ээж маань сүүлийн долоон жил монгол шаазан цуглуулж байгаа. Өнгөрсөн жил “Монгол шаазангийн цуглуулга” номоо гаргасан. Монгол шаазангийн цуглуулга нь 1955 оноос 1995 он хүртэлх 40 жилийн хугацааг хамардаг. Өөрөөр хэлбэл Шаазангийн үйлдвэрийн үүслээс авахуулаад хувьчлах нэрээр устгах хүртэл хугацааг хамарсан гэсэн үг.
-Аавынхаа төрсөн нутагт очиж үзсэн үү?
-Манай аав Сүхбаатар аймгийн Асгат сумын Бөөрийн сүм буюу хожим нь Асгат сумын төв байрлаж байсан Бөөр гэдэг газар төрсөн. Аавынхаа төрсөн газар хэд хэдэн удаа очиж үзсэн л дээ. Хязгааргүй уудам тэгш тал, халиуран найгасан өвс ургамал, агь таана, өвгөд, дээдсийн шүтэж ирсэн онгон шүтээн Алтан-Овоо, Өлзий давхар уул, Ганга нуур, Дагшин дуут гээд маш үзэсгэлэнтэй газруудтай. Аав маань хүүхэд байхдаа теннис, шатар тоглодог даамчин хүүхэд байсан гэдэг. Шатар даамаар ангийн аварга бол энүүхэнд. Аймгийн хэмжээнд өрсөлддөг байжээ.
-Таны хувьд ямар спортоор хичээллэдэг вэ. Жүдогийн цагаан өмсгөлтэй зургийг чинь харж байсан. Бие хамгаалах урлагаар бас хичээллэдэг үү?
-Миний хувьд ширээний теннис, шатар сагсан бөмбөгт дуртай. Бас бие хамгаалах урлагаар хичээллэдэг. Жүдогоор хичээллээд гурван жил болж байна. 2016 оны зургадугаар сард сургуулийнхаа жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль авсан.
-Аавдаа зэмлүүлэх үе байсан уу?
-Аав, ээждээ зэмлүүлэх үе байлгүй яах вэ. Би багадаа нэлээд сахилгагүй хүүхэд байсан. Нэг удаа аавыг телевиз үзэж байхад нь ширээн дор нь нуугдаж ороод, аавын хөлийг ширээний хөлтэй уячихсан юм. Аав тэрийг мэдэлгүй ширээний хөлийг угз татаад босоод явчихаж билээ.
-Тэгж зүггүйтсэн хүн ямар шийтгэл хүлээв?
-Аав ээж хоёрт нэлээд их загнуулж байсан санагдана. Ширээн дээрх юмнууд нурж унаад намайг гэмтээх аюултай байсан болохоор тэр хоёр бас нэлээд сандарсан л даа.
-“Америкт суралцсан тэмдэглэл” гээд бестселлер ном байдаг. Та Тайваньд суралцах жор хэлж өгч болох уу?
-Тайваньд хүүхдүүдийг ном унших номын сан, орчинг сайхан бүрдүүлдэг. 24 цагийн номын сан ч байна л даа. Тэр нь бүр кофе шоп шиг. Номоо ч уншчихна. Компьютерээ гаргаад сайхан тухлана. Өдөржингөө тэнд сууж болдог. Би Тайваний үндэсний их сургуульд орохын тулд тухайн сургуульд бүрдүүлж өгч байгаа материалаа маш цэгцтэй бэлтгэсэн. Маш их судалгаа хийж судалгаан дээрээ үндэслэж баримтуудаа цуглуулж байсан л даа. Хуулийн чиглэлээр суралцахад Хятад хэлний түвшин тогтоох шалтгалтын дүн, дунд сургуулийн шалгалтын оноо, зэрэг материал бүрдүүлдэг. Бүрдүүлсэн материалдаа өөрийн дөрвөн жилийн зорилтоо бичих юм бол нэмэх нэгээс таван оноо өгдөг гэх мэт шалгуур байдаг. Оноогоор дүгнэдэг учраас бүх юмандаа чамбай хандах хэрэгтэй.
-Хятад сургалтын өвөрмөц арга барил байдаг уу?
-Би “Үй цай” бүрэн дунд сургууль төгссөн болохоор хятад хэлэн дээр бэрхшээл гараагүй. “Үй цай” сургууль хүүхэд бүрийг сонирхлынх нь дагуу дэмждэг. Өглөө наймд хичээл ороод, 15 цаг өнгөрөөж тардаг байлаа. Хичээлийн дараа хоёр цаг давтлага хийж, даалгавраа хийж дуусгаад харьцгаадаг. Энэ нь биднийг сууж сурахад нөлөөлсөн гэж боддог.
Тайваний боловсрол арай өөр. Багш нар нь хүүхдүүдтэйгээ яг л найз нөхөд шиг байдаг. Хажууд нь инээлдээд, хичээл зааж байхад нэг нь гараад явсан ч тоохгүй. Маш чөлөөтэй. Оюутан багшийн харилцаа гайхалтай нээлттэй байж чаддаг.
Тайвань латин америкчууд, европууд, азиуд олноороо ирж, аялдаг жижигхэн гайхалтай үзэсгэлэнтэй арал. Тэр арал дээр есөн шидийн хүмүүс ирдэг. Космополит гээд энэ дэлхий бол миний эх орон гэж үздэг залуустай найзууд болсон. Тэд бас Монголд аялсан л даа. Тэд маш бага өртгөөр хэрхэн яаж аялахыг судлаад мэдчихсэн байдаг. Тийм хүүхдүүдээс авууштай нь юу гэхээр олон газар үзэж сонирхож тухайн орны соёлоос авахуулаад маш их юм сонирхдог. Миний нэг таньдаг хүүхэд дөрвөн жил гэртээ харилгүй төгссөнийхөө дараа л нутаг буцсан. Тэр эцэг эхтэйгээ скейп, фейсбүүкээр харилцчихдаг юм. Манай багш нар бас хэлдэг л дээ. “Залуудаа улс орнуудаар аялж үз. Хил давахад та нарыг өөр уур амьсгал угтаж авна. Өөрөө хүсээд, хичээх юм бол хэрэгтэй зүйлээ мэдэж авна” гэдэг.
-Багшийнхаа зөвлөснөөр аялж амжсан уу?
-Тайваньд байгаа болохоор тэндээ нэлээд аялсан л даа. Хонгконг, Сөүл, Бээжингээр дамждаг болохоор энэ улс орноор бас явсан.
-Н.Жанцан гуайг УИХ-ын гишүүдэд тайлбар хийж байгааг харж байсан. УИХ-дээр тайлбар хийхдээ ч хатуу зарчимтай, өөрийнхөөрөө байж чаддаг хуульч?
-Манай аавын ажил хариуцлагатай, зарчимч байхыг шаарддаг. Аав, ээж маш сайхан зөөлөн хүмүүс. Хатуурхаж тэг ингэ гэдэггүй. “Юу хүсч байна. Түүнийхээ төлөө яв. Гэхдээ эцсийг нь үзэх ёстой” гэж бидэнд хэлдэг. Хамгийн гол нь эхэлсэн юмаа дуусгах ёстой. Маргааш нөгөөдөр гэж хойшлуулж болохгүй гэж захидаг.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Гурвуулаа. Манай том эгчийг Ж.Туул гэдэг. Одоо Тайваньд мэргэжил дээшлүүлж байгаа. Ахыг маань Ж.Онон гэдэг. Хувиараа ажил хийдэг.
-Хятад хэл сурах сонирхолтой хүмүүст арга барилаа сонирхуулаач?
-Хүн бүр өөрийн аргатай. Би бол цээжилж сурах нь үр дүнтэй гэж үздэг. Дасгал хөдөлгөөн хийхтэй адил шүү дээ. Хүн байнга төмөр өргөж, булчингаа хөгжүүлдэг бол байнга юм уншиж, цээжилж байж тархинд дасгал болдог. Ханзыг хүмүүс харчихаад зураг шиг гэж хэлдэг л дээ. Яаж цээжилдэг юм бэ гэдэг. Байнга цээжлэхэд нүдэнд дасал болдог юм. Тайваньд хятад хэлний нэгдүгээр курст байхад гадаад оюутнуудад хятад хэлний хичээл ордог. Шалгалт авах гээд 20 ханз цээжлэх даалгавар өгсөн. Завгүй байгаад цээжилж амжаагүй. Багш шалгалт авч эхлэхэд завсарлагааны 10 минутад 20 ханзыг гялс цээжилчихсэн. Тэгээд бодоход хүнд маш их нөөц бий. Биднийг бага байхад суулгаж юм цээжлүүлж, сургасны үр дүн.
-Ном унших дуртай гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Саяхан амралтаараа С.Сосорын “Хүнчин” романыг уншлаа.
-Гадаадад сурдаг ч Монголынхоо хуулийг судалж байдаг уу?
-Судлалгүй яахав төгсөөд Монголдоо ирж ажиллана гэж боддог. Монголынхоо хуулийг судлахгүй бол явахгүй шүү дээ.
-Ер нь жирийн тайваньчууд Монголын талаар хэр мэдээлэлтэй байдаг вэ?
-Хүмүүс ихэвчлэн мэддэггүй. Тайваньчууд өвөрмонголчуудтай андуураад байдаг. Гадаад Монгол, дотоод Монгол гээд нэрлэчихсэн. Бид оршин суух үнэмлэх авдаг юм. Жил бүр сунгадаг тэр картан дээр бүр “Гадаад монгол” гээд тэмдэглэчихсэн байсан. Тэгээд бид холбогдох албанд нь хандаж, “Гадаад Монгол гэж нэр томъёо байхгүй. Та нар энийгээ засах хэрэгтэй” гэж байж Монгол гэсэн нэрээрээ явах болсон. Одоо бол хаа сайгүй Монголыг таньж эхэлж байна даа.