Энэтхэгт дэлхийн барнуудын хагас нь буюу 2.226 бар амьдардаг байна. Бидний зургийг нь олонтоо харж байсан Энэтхэгийн “Рантамбор” үндэсний хүрээлэнгийн “Хатан” гэгддэг Малчи бар 19 нас наслаад үхжээ. Малчи бол маш олон баримтат кинонд тоглож дэлхийд хамгийн их зургаа авахуулсан бар юм. Түүний 14 метрийн урттай матартай тулалдаж байгаа бичлэг нь хамгийн алдартай нь аж. “Рантамбор” үндэсний хүрээлэнд өдөрт мянга мянган жуулчид ирдэг бөгөөд тэдний хамгийн их анхаарлыг нь татдаг байсан нь Малчи гэнэ. Малчи нь маш зоригтой, ухаантай амьтан байжээ.
Тэрээр үхэхийнхээ өмнө хэдэн өдөр юу ч идээгүй бөгөөд хүрээлэнгийнхээ хойд булангийн хэсэгт хэвтсээр байжээ. Хүрээлэнгийн ажилчид ярихдаа “Малчийг хооллож эмчлэхийг оролдсон боловч сэргээгүй бөгөөд энэ нь түүний жам ёсны үхэл байсан. Сүүлийн жилүүдэд түүний бүх шүд нь унаж хөдөлгөөн нь удааширсан” гэжээ.
Түүний нэр нь хинди хэлэнд загас гэсэн утгатай бөгөөд тэрхүү тэмдэг нь ч зүүн хацар дээр нь байдаг байжээ. Өнгөрснийх нь дараа шүтэн бишрэгчид нь түүнд хүндэтгэл үзүүлж цахим орчинд эмгэнэлээ олноороо илэрхийлсэн байна.
О.ӨНӨР