Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол руу чиглэсэн бодлогоо эргэж харахад хүргэлээ

Англи хэл гадарладаг хүн бол өнөөдөр Америкийн мэдээллийн хэрэгслүүд, эдийн засгийн том сэтгүүлүүд, сошиал ертөнц нь тэр чигээрээ улс орныхоо эдийн засгийг шүүрэн шанага болтол шүүмжилж байгааг харж болно. Тус улсын нэртэй эдийн засагчид, судлаачдын нүдээр АНУ-д болж бүтэж байгаа юм байхгүй юм билээ. Өр зээл нь ДНБ-нийхээ 70 хувиас хэдүйн давчихсан. Трампын хэлж байгаагаар Америк мөхлийн ирмэгт тулсан. Энэ бүгдийг америкчууд бүгдээрээ харж, уншиж, анхаарч байгаа. Гэтэл эдийн засгийн энэ хүнд байдлын талаар тус улсын Төв банкны удирдлагууд, Сангийн сайд нь юу ч дуугараагүй. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр ганц Америк ч биш Европ, Ази… бүх тивийн улс орнуудад ард түмэн зөвхөн Төв банкны ерөнхийлөгч, Сангийн сайд гэхчлэн албаны хүний үгэнд итгэдэг. Эцсийн бодит үнэн гэж ойлгодог. Тэрнээс ямар ч том эдийн засагч, судлаач, шинжээч, улс төрч байсан тэдний үгийг ердөө шүүмжлэгч, анхааруулж сэрэмжлүүлэгчид, зөвлөгчид, хардагсад, бүр цаашилбал улс төр хийгсэд гэж үздэг.

Монголд сонгууль болж шинэ засаг томилогдоод удаагүй байна. Дэлхийн хөрөнгө оруулагчид “Монголын шинэ удирдагчид одоо юу хэлэх бол” хэмээн анхааралтай харж байна. Тэд ямар бодлого гаргах бол, бидэнд ямар ашигтай байх бол гэж. Дэлхийн хөрөнгө оруулагчид гэдэг бол аль улсад, ямар хэмжээний хөрөнгө оруулах вэ гээд ажиглаж анхаарч суудаг 5 их наяд ам.долларын эзэд юм. Ийм их мөнгө эргэлдэх боломжоо хүлээгээд энэ ертөнц дээр хэвтэж байдаг юм шүү дээ. Тэд хааш нь оруулах сонирхолтой вэ гэхээр Монгол шиг дайн мөргөлдөөнгүй, байгалийн их баялагтай баян, амар тайван оронд. Өнөөдрийн шинэ Засгийн газрын нэгдүгээр бодлого энэ их мөнгөнөөс хэрхэн халбагадах, шанагадах вэ гэсэн л бодлого байх ёстой. Гэтэл яаж байна! Монгол улсад нөхцөл байдал хоёр өдрийн өмнөөс эхлэн маш хүнд боллоо. Сангийн сайд нь, Төв банкны ерөнхийлөгч нь өөрсдөө нийгэмд, олон улсад хандан мэдэгдэл хийж тусгаар тогтносон Монгол Улсын сан хөмрөг хоосорсон, Монголын Засгийн газар үйл ажиллагаагаа цааш явуулах боломжгүй боллоо хэмээн мэдэгдэв. Ерөнхий сайд нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах санал гаргав. Үндэсний аюулгүй байдал гэдэг бол энэ улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдалд ноцтой аюул учирсан, ард түмний хэвийн амьдралд аюул занал учруулах нөхцөл байдал үүссэн… гэхчлэн нийгмийг цочроосон ноцтой асуудлуудаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралддаг юм. Тийм нөхцөл байдлын түвшинд очлоо хэмээн дэлхийгээр нэг цацлаа даа.

Энэхүү тэнэг мэдэгдлээс хойш ард түмний сэтгэл санаа тогтворгүйтэж, гадаад ертөнцөд Монголын эсрэг эдийн засгийн сөрөг “цунами” үүслээ. Гадны хөрөнгө оруулагчид Монгол руу чиглэсэн бүх бодлогоо эргэж харахад хүрч, Засгийн газрын гадаад бонд урьд байгаагүйгээр доод түвшинд уналаа. Юун гадны хөрөнгө оруулалт татах вэ. Шулуухан хэлэхэд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар өөрсдөө дефольт үүсгэв. Энэ бүгдийн цаана МАН сонгуулийн амлалтаа биелүүлж чадахгүй нь тодорхой болсон учраас дампуурсан улс орныг хүлээн авсан гэж хэлэх гэсэн урьдчилсан оршил, жижигхэн улс төрийн пиар байгаа нь эмгэнэлтэй. Улс орны эдийн засгийг, ард түмнээ самраад хаячих ноцтой үр дагавартай мэдэгдэл болно гэдгийг МАН-ын засаглагчдын хэн нь ч тооцсонгүй, олж харсангүй, боловсрол мэдлэг нь дутлаа.

Нөхцөл байдал ийнхүү хүндэрч байгаа үед гадаад нөхцөл байдалдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй. Энэхүү айхавтар мэдэгдлийн эхэнд олон улсад манай эрдэс баялгийн үнэ унаснаас болж эдийн засаг хүндэрсэн гэж байгаа. Үнэндээ олон улсад гэх юм байхгүй. Хятадын эдийн засагт л манайх эдийн засгаа тохируулах гэсэн ойлголт байгаа. Үүнийг өнөөдрийн Засгийн газар, улстөрчид сайн ойлгох хэрэгтэй. Хятадын эдийн засгийн тохиргоо нь Америк. Америкийн эдийн засгийн эерэг нөлөө Хятадын эдийн засгийг сүүлийн 10 гаруй жилд сэргээж ирсэн. Тэгэхээр Америк-Хятад-Монгол гэсэн эдийн засгийн хөгжлийн логик цаашид ч үргэлжилнэ. Энэ үйл явцыг өнөөдөр хянах, мэдрэх, өөртөө ашигтайгаар эргүүлэх потенциал өнөөдрийн эрх баригчдад байна уу, үгүй юу.

Монгол Улсын ашигт малтмалын түүхий эдээ борлуулдаг ганц зах зээл нь өмнөд хөрш БНХАУ мөн. Гэхдээ ганц ашигт малтмал биш. Ерээд оны хүндрэлийн үед малын түүхий эдийн ганц зах зээл Хятад байж бидний аминд орсон. Тэд Монголоос малын түүхий эд, арьс шир, ноос ноолуурыг 1000 төгрөгөөр аваад өөртөө боловсруулаад 40 дахин илүү үнээр цааш нь зарж ирсэн. Өнөөдөр бид бүх баялгаа өөртөө боловсруулаад урагш гаргах нь аль ч Засгийн газрын эхний зорилго. Эдийн засаг сүйрлээ гэж өнгөрсөнтэйгөө ингэж зууралдаж улс төр хийж байхаар үндэсний үйлдвэрлэлээ хэрхэн хөгжүүлэх, дотоод нөөцөө хэрхэн зөв ашиглах бодлого, зорилт, хөгжлийн төлөвлөгөөгөө нийгэмд танилцуулмаар байна. Наад зах нь Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн яриад байгаа өр зээл дотор чинь Монголын хэрэгцээг 100 хувь хангаад гадагш нь экспортлох хэмжээнд оччихсон байгаа сая тоннын хүчин чадалтай “Монполимент”, “МАК”-ийн цементийн үйлдвэрүүд байна шүү дээ. Энэ хоёр үйлдвэр гэхэд гадагш урсах 400-500 сая ам.долларыг эх орондоо шингээнэ. Энэ том эдийн засаг биш үү. Цементээ хэрхэн экспортлох, цааш өргөжүүлэх гэрээ хэлцлийн тухай оюун бодлоо ширгээх нь өнөөдрийн Засгийн газрын наад захын гол ажлуудын нэг баймаар юм. Хэдэн мянгаар тоологдох малын арьсыг өнөөдөр Эмээлтээс хогийн цэг рүү зөөн шатааж байна. Үүнийг зах зээлд борлуулах ямар ажил төрөөс хийж байгаа юм. Хятадын зэсийн, нүүрсний, төмрийн хүдрийн агуулахууд өнөөдөртөө дүүрчихсэн, эрэлтгүй байж болно. Гэтэл нөгөө талын мэдээлэл нь агуулах дүүрсэндээ бус Хятадад өнөөдөр аж үйлдвэр, уул уурхай, эрчим хүчний салбар бүгд өртэй, төрийн зүгээс хэмжээ, нэр төрлийг нь байнга нэмэгдүүлж ирсэн татварт үйлдвэрлэгчид ашгийнхаа 70 хувийг хураалгаж байгаа учраас ган, төмөрлөг, хүнд үйлдвэрлэл уналтад орсон. Тийм учраас Монголын эдийн засагт голлох нөлөөтэй ашигт малтмалын түүхий эд зах зээлгүй болсон гэсэн шинжээчдийн дүгнэлт гараад байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол Хятадын коммунист намын их хурлаар энэ бүгдэдээ бодитой дүгнэлт хийсэн, таван жилийн төлөвлөгөөндөө татварын уян хатан бодлого оруулсан, залруулсан хэмээн бас мэдээлж байна. Үнэхээр урд хөрш маань хүнд үйлдвэрийнхээ татварт аядуу бодлого хэрэгжүүлж эхэлсэн бол түүнийг нь дагаад манай эрдэс баялгийн зах зээл дороо л сэргэнэ. Монголын экспортын 94.1 хувийг БНХАУ эзэлж байгаа. Экспортод гаргаж буй нийт бүтээгдэхүүний 89.3 хувийг уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн эзэлж байна. Үүний 46.1 хувь нь нүүрс. Энэ хэмжээний нүүрс Хятадын ган, төмөрлөгийн үйлдвэрүүдийн түүхий эд болдог. Гэхдээ Хятадын гангийн үйлдвэрүүд Монголын нүүрсээс хамаардаг гэвэл худал. Харин Монголын нүүрсний зах зээл тэдгээр үйлдвэрээс хамааралтай. Тийм учраас л Хятадын эдийн засгийг нэвт шувт мэдэж, ажиглаж баймаар байна. Тэдний эдийн засаг дахь хөдөлгөөн манай эдийн засаг дахь хөдөлгөөн болчихоод байна. Тэдний эдийн засгийн сэргэлт, уналт Монголынх болчихоод байна. Монголын эдийн засгийн уналтын гол шалтгаан ерөөсөө л энэ.

Өнөөдөр төрийн эрх авсан МАН-ын удирдлагууд 2011 онд нүүрсээ 130 ам.доллараар зарж байснаар бүгдийг төсөөлөөд байх шиг байна. Тэр нь харагдахгүй байгаа учраас энэ улсын эдийн засаг сүйрсэн мэт харагдаад байна. Эдийн засгийн таагүй байдал нь мөнхөд байдаг юм биш. Далайд оволзсон аймшигтай давалгаа аяндаа гадагшлан давалгаалж, намжсаар саардаг шиг Америкийн эдийн засгийн таагүй байдал далайн огцом давалгаа мэт долгилсоор аажимдаа Хятад, Монгол мэтийн олон орныг хамран үелзсээр намжиж байгаа үйл явц гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг уг нь сайн засаглалтай орны улстөрчид илүүтэй мэдэрч, анзаарч байдаг юм билээ. Өнөөдөр Америкийн эдийн засаг сэргэлтийн байдалд орсон. Энэ сэргэлт Хятадад хүчтэй нөлөөлнө. Хоёр биенээ нөхөж буй дэлхийн нэг, хоёрдугаар эдийн засаг. Энэ хоёрын сайн нөлөө манайхыг сэргээнэ. Ер нь бол тав, зургаахан жилийн өмнө Монгол Улс 9 сая тонн нүүрс гаргачихаад баярладаг байлаа. Өнөөдөр тэгвэл 12 сая тонныг гаргаж л байгаа шүү дээ. Тэгэхээр Монголын төр засгийн удирдагчид өнөөдөр хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, хэмнэлтийн онцгой горимд шилжиж, байгаа юмандаа тааруулаад явахад цаана чинь дэлхийн эдийн засагт дулаан уур амьсгал орж ирж байна. Хоорондоо хэмлэлдэлгүй жаахан л тэвччих. Тэгэхэд бидний баялаг үнэд орно. Яасан адгуу юм бэ.

Б.ДОРЖСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол руу чиглэсэн бодлогоо эргэж харахад хүргэлээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Өчигдөр АН-ын дарга асан З.Энхболд, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл нар “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоосонтой холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Өнөөдрийн дугаарт тэдний мэдээллийг онцоллоо. Нэг, тавдугаар нүүрээс уншаарай.

“Зэсийн ханш өгсөх эсэх нь эргэлзээтэй ч алтны үнэ өндрөө авах нь” хэмээх эдийн засгийн тойм мэдээллийг нэг, дөрөвдүгээр нүүрт нийтэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн “Албан тушаалаа ашиглаж улсыг хохироосон бол хамгийн багадаа ёсзүйн хариуцлага хүлээнэ” ярилцлагыг хоёрдугаар нүүрээс тольдоорой. Тэрээр сүүлийн үед болж буй улс төрийн үйл явдалд шүүмжлэлтэй хандаж байна.

“Гадны хөрөнгө оруулагчдыг Монгол руу чиглэсэн бодлогоо эргэж харахад хүргэлээ” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы алдарт гуравдугаар нүүрээс унших боломжтой.

Өнгөрсөн 4-ний өдөр БНХАУ-ын Бээжин хотоос Эрээн рүү зорчиж явсан автобус шатаж олон монголчууд хохирол амссан. Тэд хохирлын хэмжээг тогтоохыг хүсч, одоо болтол Бээжинд байрлаж буй юм байна. Энэ тухай зургадугаар нүүрээс уншаарай.

Харин Баримт, үйл явдлын долдугаар нүүрээс “Эйр маркет”-ын ажилчид “Дэлгэр тур” амралтын газар амарч байгаад хоолны хордлого болсон уу гэдгийг тодруулсан тодруулгыг нийтэллээ.

Хичээлийн шинэ жил эхлэх дөхөж байна. Тэгвэл сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажил дуусаагүй, зарим нь зогсчээ. Энэ тухай наймдугаар нүүрээс унших боломжтой.

Эдгээрээс гадна “Уран бүтээлч”, “Улаанбаатарын амьдрал”, “Рио-2016”, “Гоёл соёл” зэрэг булангуудыг өнөөдрийн дугаартаа хүргэж байна.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *