Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр: Миний барилдааныг шүүсэн япон шүүгчид буруу байхгүй

Жүдогийн тэмцээний дараа аварга Н.Түвшинбаяраас хэвлэлд ярилцлага өгөх боломжтойг асуухад сэтгэл санаа таагүй байгаагаа хэлээд, товч ярилцлага өгчээ.Тэрбээр “-100 кг-ын жингийнхний хувьд өндөр нуруутай бөхчүүд давамгайлж барилдаж байна. Гол том бөхчүүд бүгд дээгүүр барилдлаа. Нэг зүйлийг сайн ойлголоо. Гурван олимпод оролцсон байдлаа эргээд бодоход тамирчдад сэтгэлзүйн дээд зэргийн тайван байдал ямар чухал болохыг энэ олимпиос илүү их харж байна. Манай баг дөрвөн жилийн турш бэлтгэл, сургуулилтаа сайн үргэлжлүүлж, холбоо бүх талаар дэмжсэн. Гэхдээ олимпийн өмнө жүдогийн холбооны ерөнхийлөгч рүү чиглэсэн дайралт, улс төрийн явуулга гэх юм уу даа, олон зүйл бидний сэтгэл санаа, сэтгэлзүйд нөлөөлсөн. Үүнийг нуух аргагүй. Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер олимпийн өмнөх өдөр “Монголын баг энэ олимпиос 3-4 медаль хүртэнэ гэж хэлсэн байсан. Энэ бол Монголын жүдочдод өгч байгаа нэгэн төрлийн үнэлгээ гэж би бодож байна. Өнгөрсөн дөрвөн жилийн турш, энэ олимпийн циклд манай баг өндөр хэмжээнд байсныг харуулсан дүгнэлт. Эрэгтэй баг маань санасан амжилтаа үзүүлж, медаль хүртэж чадсангүй. Бид том зорилготой байсан. Харамсалтай байна. Ард түмнээ баярлуулж, Монголын багийнхаа медалийн салхийг хагалсан Д.Сумъяа дүүдээ баяр хүргэе. Энэ медаль бидэнд үнэ цэнэтэй ирлээ. Ийм л товчхон зүйл хэлье дээ. Сэтгэл санаа таагүй байна, уучлаарай.

-35 настай жүдоч Риод барилдаж байна шүү дээ. Танд дараагийн олимпод оролцох боломж байгаа?

-/Инээв/… Тэр талаар бодохыг ч хүсэхгүй байна. Яг одоо бол гэртээ харимаар, нутагтаа очмоор, айргаа уумаар санагдаж байна. Нэг зүйлийг нэмж хэлэхэд, миний барилдааныг шүүсэн япон шүүгчид алдаа, буруу байхгүй. Өрсөлдөгчид юүко үнэлгээ өгөх нь дэвжээний ерөнхий шүүгчийн шийдвэр байсан. Үүнийг манайхан зөвөөр ойлгоорой.

Б.Бадамгарав /2016.8.11/ /Рио Де Жанейро хот/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *