УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболдтой ярилцлаа.
-УИХ-ын анхдугаар чуулган завсарлачихлаа. Ямар ч байсан Засгийн газраа бүрдүүлээд авлаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар ямар бодолтой байна вэ. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн амлалтдаа хүрсэнгүй гэдэг зүйл яригдаад байна. Наймдугаар сарын 20-ны үеэр ээлжит бус чуулган зарлах сураг байна?
-УИХ-ын анхдугаар чуулганаар хэлэлцэх асуудал нь хуулиар заагдчихсан байдаг. Тэр хүрээндээ хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж дуусаад анхдугаар чуулган өндөрлөсөн. Засгийн газраа харьцангуй богино хугацаанд байгуулсан нь энэ чуулганы нэг онцлог байлаа. УИХ-ыг бүрдүүлж байгаа улс төрийн хүчин нэгдмэл байж чадсанаараа асуудлыг шуурхай шийдэж, улс төрийг тогтвортой байлгах тал дээр чухал ач холбогдолтой байдаг гэдэг нь харагдлаа.
Одоо харин Засгийн газрын мөрийн хөтөлбөр, энэ оны төсвийн тодотголыг нэн даруй ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай. Манай орны төсвийн алдагдал нэлээд өндөр гарч байна. Валютын нөөц шавхагдаж, нааш цаашаа хийгдэх төлбөрүүдтэйгээ харьцуулахаар валютын нөөц байхгүйтэй адил болсон гэдэг мэдээлэл авсан. Засгийн газрын эхний ажил нь санхүү, эдийн засгийн нөхцөл ямар байна гэдгээ маш тодорхой гаргаж ирээд иргэдэд хэлэх ёстой.
УИХ-ын дарга анхдугаар чуулганы хаалт дээр Их хурлын зүгээс Засгийн газарт эдийн засгийн талаар үнэн бодитой баримтуудыг гаргаж ирэхийг даалгасан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн өмнө “Эрдэнэт”-ийн хувьчлалтай холбоотой болж өнгөрсөн асуудлуудыг богино хугацаанд судалж, нягтлаад УИХ болон ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх чиглэл өгсөн. Ингэхгүйгээр цаашаа явах хэцүү. МАН иргэдийн саналаар үнэмлэхүй олонх болсон. Ард түмэн манай намд асар их итгэл хүлээлгэсэн. Засгийн газар эдийн засгийн талаарх үнэн бодит мэдээллээ ард түмэн тайлагнаж, “Бид ийм гараанаас эхэлж байна шүү” гэдгээ хэлэхгүй бол энэ том итгэл найдварын цаана маш өндөр хариуцлага байгаа шүү дээ.
-Төсвийн тодотгол зайлшгүй хийхгүй бол болохгүй болчихоод байгаа…
-Угаасаа төсвийн тодотгол хийхгүй бол эдийн засаг маш хүнд байгаа. Албан ёсоор тоон баримт гар дээр ирээгүй байна. Харин эдийн засаг сэхээнд байна гэдгийг мэдэж байгаа л даа. Ээлжит бус чуулганаар тоон баримтууд ирэх байх.
-Засгийн газрын тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд томилогдсон сайдуудын хувьд магадгүй өмнө нь олон нийтэд танигдаагүй хүмүүс орж ирснээс болж “Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн яасан” гэх эргэлзээ төрсөн. Үүнийг нь хөөргөдөж, буруу замаар энэ бүхэн эхэлж байгаа юм шиг кампанит ажил зохион байгуулсан зүйл бий. Одоо томилогдсон Засгийн газрын гишүүдийг харж байхад ажлаа мэддэг, мэргэжлийн хүмүүс явцын дүндээ томилогдлоо гэж харж байгаа. Үр дүнг нь л харах хэрэгтэй.
Шинэ хүн гарч ирээд хэчнээн сайн ажиллахыг хэн мэдэх юм. Олонд танигдсан хуучин хүн гарч ирээд бүтээмж муутай ажиллахыг ч бид мэдэхгүй. Тэгэхээр энэ Засгийн газраа нэг гараан дээрээс нэг ойлголттой эхлээд үр дүнг нь харах асуудал л үлдлээ.
Аливаа Засгийн газрын ажлыг эхний 100 хоногоор нь дүгнэдэг олон улсын жишиг бий. Эхний хагас жилдээ юу хийв гээд тэдэнд ажиллах хугацааг нь олгох хэрэгтэй. Бүгд нэг ойлголттой болох хэрэгтэй гээд байгаагийн цаана нийгэмд асар их хүлээлт байдаг. Гэтэл нөхцөл байдал бидний бодож байснаас ч дор байгаа тул энэ Их хурал, Засгийн газраас сонгуулийн үеэр ярьж байснаасаа ч их хүчин чармайлт, сахилга хариуцлага, тогтвортой байдлыг шаардахаар байна.
-Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа вэ. Хугацааны хувьд хүлээгдэж буй ямар хуулиуд байгаа бол?
-Шинээр Их хурал эмхлэн байгуулагдсаны дараа байнгын хороод дээр ямар хуулиуд явж байсныг судалдаг. Тухайн хуулийн төслийг боловсруулаад өргөн барьсан гишүүд нь сонгогдож чадаагүй бол тэр хуулиуд нь тэртэй тэргүй орхигдоод явдаг. Учир нь санаачилсан хүн нь байхгүй болохоор хэлэлцэх боломжгүй.
Өргөн бариад байнгын хорооны хурлаар хэлэлцээд эхэлсэн хуулиудаа бид ээлжит бус чуулганы үеэр алийг нь үргэлжлүүлээд явах вэ, алийг нь санаачлагчид нь буцаах вэ гэдгээ шийднэ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд тодорхой байгаа. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал нь тодорхой зарлагдаад түүнийгээ хэлэлцэж дуусаад тардаг. Харин өмнөх дөрвөн жилд энэ зарчим алдагдсан. Ээлжит бусаар зарлагдсан асуудлуудаа хэлэлцдэггүй, хэлэлцэх асуудалд ороогүй зүйлийг хүчээр тулгаж оруулж ирээд баталдаг гээд асуудал бий. Төрийн байгуулалтын байнгын хорооны зүгээс хамгийн эхэнд бүх хууль тогтоомжоо ягштал мөрддөг уур амьсгалыг УИХ дээр бий болгох талаар анхаарч ажиллана.
Сонгуулийн өмнө УИХ-ын чуулганыг хэтэрхий эрт завсарлуулснаас болоод хугацаа заасан зарим зүйлийг хэлэлцэлгүй орхисон тал бий.
-Тэнд нь юу байгаа юм бэ?
-Өнгөрсөн оны төсвийн тайлан, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2020 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөрийн гол параметруудыг УИХ тавдугаар сард баталсан байх ёстой байлаа. Харамсалтай нь өмнөх Их хурал хариуцлагагүй хаяад явсан. Эдгээр зүйлсийг хамгийн эхэнд хэлэлцэнэ. Мөн төсвийн тодотгол хийхгүй бол болохгүй. 2016 оны төсвийг анх батлах үед “Наад төсөв чинь биелэхгүй. Зөвхөн сонгуульд зориулсан худлаа төсөв болж байна” гэдгийг манай намынхан сөрөг хүчин байхдаа хэлж байсан. Яг тэгж хэлж байснаар ч боллоо. Одоо юун 2016 оны төсвийг хэрэгжүүлэх байтугай өнөөгийн байгаа орлоготоо тааруулж танах уу, хасах уу гэдэг юм яригдахаар байна. МАН-ынхан сонгуульд орохдоо мөрийн хөтөлбөрөө танилцуулсан. Тиймээс уг мөрийн хөтөлбөрийг Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгох ажлаа энэ удаагийн ээлжит бус чуулганаар хийнэ гэж бодож байна.
Эдгээр асуудлуудыг ээлжит бус чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Ээлжит бус чуулган хүртэл Засгийн газар ажиллаад өнөөгийн нөхцөл байдалд эдгээр асуудлыг заавал хэлэлцэж батлахгүй бол болохгүй гэсэн зүйл гарч ирвэл хэлэлцэж таарна. МАН мөрийн хөтөлбөртөө маш их зүйл амласан. Үүнээсээ хөрөнгө мөнгөтэй холбоогүй зохион байгуулалтын бусад замаар шийдэж болох зүйлсээ эхнээс нь ээлжит бус чуулганаар шийдээд явах нь зүйтэй гэж хувь гишүүний үүднээс харж байгаа. Одоо бид амласан зүйлсээ эхнээс нь цаг алдалгүй суурийг нь тавьж эхлэхгүй бол нэг, хоёр сарын дараа эхэлнэ гэсэн байдлаар хандаж болохгүй.
-МАН эдийн засаг ийм хүнд үед дэд сайдын орон тоо байх шаардлагагүй гэдэг зүйлийг ярьж байсан. Гэсэн хэдий ч 13 сайдынхаа доор ажиллах 13 дэд сайдын орон тоог оруулж ирснээрээ амлалтуудаасаа буцаад эхэлчихлээ. Ард түмэн ам муутай байгаа юм биш үү?
-Яамдын тоог цөөлсөн. Давхар дээлтэй сайд нарын тоог хязгаарлана гэснээрээ бууруулж чадсан. Сонгуулийн дараа ажлаад эхлэхэд нөхцөл байдал өөр байсан. Түрүүчийн эрх баригчдын алдаатай бодлогоос улбаалаад цаашид түргэн шуурхай ажиллах, уялдаа холбоог нь сайжруулах зүйлс асар их байгаа нь харагдсан тул энэ дагуу бид ярьж байгаад дэд сайдын орон тоог оруулж ирсэн. Хамгийн гол нь ажлын ачаалал, өнөөдрийн нөхцөл байдалтай уялдуулсан гэдгийг хэлмээр байна.
Өмнөх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй харьцуулах юм бол энэ Засгийн газрын зардал нэлээд хэмжээгээр буурч байгаа. Төсвийн тодотголын үеэр илүү тодорхой болно.
-Ам.долларын ханш 2100 төгрөгт хүрч өмнө нь хэзээ ч өсч байгаагүй хэмжээнд хүрлээ. Ирэх жилээс бондын эргэн төлөлтийг валютаар төлж эхэлнэ. Эдийн засаг амаргүй байгаа үед валютын ханшийн савалгаа эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Анхнаасаа тодорхой байсан. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээл их хэмжээгээр авсан ч тэр нь түргэн эргэлтэд ороогүй. Сонгуулиар юм хийсэн болж харагдах гэж эдийн засаг талаасаа богино хугацаанд үр ашгаа өгдөггүй олон зүйлд мөнгөө зарцуулснаас болоод ийм хүнд нөхцөл байдал үүсчихээд байгаа юм. Одоогийн байдлаар 2017, 2018, 2022 онуудад их хэмжээгээр авсан бондын эргэн төлөлт хийгдэх дүр зураг харагдаж байгаа. Засгийн газар мөрийн хөтөлбөртөө онцгой байдлын үед яаж ажиллах вэ гэсэн хөтөлбөрийг ээлжит бус чуулганаар оруулж ирэх ёстой. Дахиад өөр газраас бага хүүтэй зээл авч чадвал өмнөх зээлээ төлөөд явах уу, олон улсын валютын сан гэх мэтчилэн санхүү, эдийн засгийн байгууллагуудтай тодорхой хатуу нөхцөлийн хүрээнд хамтрах уу гэдгээ шийдэх ёстой.
-Олон улсын валютын сан гээд “Стэнд бай” хөтөлбөрийг хэлээд байна уу?
-Тийм. Аль нэг шийдлээ Засгийн газар оруулж ирэх ёстой. Дараа нь энэ талаар ярьсан нь зөв байх. Валютын ханшийн хувьд өмнө нь бидний ярьж байсан зүйлсийг сөхөж үзэж ч болно. Энэ байдлаараа валютын ханш өснө гэдгийг манайхан ярьж байсан. Тэр үед зарим сайдууд “Валютын ханш тийм болно. Тийм хэмжээнд хүрэхгүй бол би өөрөө огцорно” гээд ярьж л байсныг санаж байгаа биз дээ. Хэдийгээр манай байнгын хороо эдийн засгийг хариуцдаггүй хэдий ч энэ байдлаараа ханш цаашид ч өсөх хандлагатай байна. Сонгуулийн дараа Ардын нам засгийн эрхэнд гарлаа гэдэгтэй уялдаад хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн дунд итгэл бий болж эхэллээ. Засгийн газар нь тогтвортой ажиллаж чадах юм байна гэсэн итгэл дээр суурилж байна. Энэ итгэл байгаа ч шууд хатуу валют орж ирээд эдийн засагт нөлөөлөхөд хугацаа хэрэгтэй. Монгол төгрөгийн ханш хурдан хугацаанд сайжрахгүй байх гэж харж байгаа.
Одоо бид эхний ээлжинд гадна, дотнын хөрөнгө оруулагчдын итгэлийг бүрэн сэргээх хэрэгтэй. Гэрээ хэлцэл, зээлийн асуудлыг Засгийн газар өнөө маргаашгүй эхлэх шаардлагатай.
-Импортоос хараат манай орны хувьд валютын ханш өсөх нь сөрөг нөлөөтэй гэж байна. Манай уул уурхайн бүтээгдэхүүний ханш олон улсын зах зээлд үнэ багатай гээд валют орж ирэх боломж улам л хумигдаж байна?
-Сүүлийн үеийн мэдээгээр эрдэс баялаг түүхий эдийн үнэ жаахан тогтворжих хандлага ажиглагдаж байна. Мэдээллүүдийг харж байхад Хятадын эдийн засгийн уналт тогтворжиж байгаа л даа. Том утгаар нь харвал энэ нь манай улсад хэрэгтэй. Мэдээж эдэлж хэрэглэж, өмсч зүүж байгаагийнхаа дийлэнхийг гадаадаас авч буй манай орны хувьд монгол төгрөгийн ханш доогуур байгаад байвал валютын нөөц нь улам барагдаж, тэр хэмжээгээрээ үнэ ханш улам өснө гэсэн үг. Тиймээс юуны өмнө ханшийг тогтворжуулах тал дээр Засгийн газар арга хэмжээ авах ёстой.