Categories
мэдээ цаг-үе

С.Алтангэрэл: Охин их бухимдаж, сэтгэл нь тогтворгүй байсан. Бид тайвшруулахын тулд бүхий л аргыг хэрэглэсэн

Өнгөрсөн долдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Хангай” хотхоны 12 давхар барилгаас 17 настай охин үсэрч амиа хорлохыг завдсан билээ. Түүнийг онцгой байдлын аврагчид аварсан. Гэвч охин бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмчилгээ хийлгүүлж байгаа аж. Ямартай ч охины амийг аварсанд ард иргэд талархаж, онцгой байдлын алба хаагчдад талархаж илэрхийлээд байгаа. Охиныг аварсан аврах ангийн бүрэлдэхүүнд ажилласан Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа аврах ангийн аврагч С.Алтангэрэлтэй ярилцлаа.

-Саяхан 16 настай охин 12 давхраас үсэрч, амиа хорлох оролдлого хийж олон нийтийг нэлээдгүй цочроосон. Танай аврах бүрэлдэхүүн дуудлага аваад хэр хурдан очсон бэ?

-Найман цаг дөнгөж өнгөрч байхад л болсон үйл явдал. Манайд дуудлага ирэх үед бид өөр анги дээр байсан. Дуудлагыг аваад бүрэлдэхүүнээрээ хоёр хуваагдаад нэг хэсэг нь дуудлага өгсөн газар руу, нөгөө хэсэг нь анги руугаа хийлдэг гудас авчрахаар явсан. Дуудлага өгснөөс 5-6 минутын дотор л хүрэх ёстой газартаа очсон. Биднийг очиход цагдаагийнхан ирчихсэн байсан.

-Та бүхнийг очиход нөхцөл байдал ямар байсан бэ?

-12 давхар байрны хамгийн дээд давхрын лифтний хэсэг дээр нэг охин гарчихсан байсан. Манайх хоёр эмч, хоёр жолооч, гурван аврагч, бүлгийн дарга гээд найман хүний бүрэлдэхүүнтэй эхний ээлж очсон. Гурван аврагч бүлгийн даргын хамт дөрвүүлээ орон сууц руу орж дээвэр дээр гарахад өнөөх охин “Наашаа нэг алхах л юм бол би үсэрлээ шүү” гэсэн.

-Охин өөр юу хэлж байсан бэ. Их өндөр дуугаар орилсон гэсэн?

-Бид аль болох тайвшруулахыг оролдож, харилцан ярилцсан.

-Юу гэж?

-“Буугаад ир”, “Үсэрч болохгүй”, “Чамд юу тохиолдов”, “Хамтдаа ярилцъя”, “Үсэрч болохгүй. Гэр бүлээ бодох хэрэгтэй” зэрэг маш олон зүйл хэлж, тайвшруулахыг хүссэн. Яагаад гэвэл охин маш их уурлаж, бухимдсан,сэтгэл хөдлөлтэй. Жаахан л хий алдвал үсэрнэ гээд дээврийн захаар нааш, цааш гүйгээд байсан.

-Уйлж байсан уу?

-Тийм ээ. Уйлж байсан.

-Хэдэн минут иймэрхүү байдалтай өнгөрсөн бэ?

-10-15 минут болсон.

-Ийм эрсдэлтэй үед олон минутыг зөвхөн ярилцахад зарцуулна гэдэг хэтэрхий эрсдэлтэй биш үү?

-Хамгийн гол нь хийлдэг гудас ирэхийг хүлээсэн. Их хурдан ирсэн. Энэ хооронд үсэрч болзошгүй учраас ямар нэгэн байдлаар цаг хожиж, охиныг сатааруулж тайвшууруулах л чухал байсан. Энэ үед байрны дор маш олон хүн цугласан. Охин тэдэн рүү орилж эхэлсэн.

-Цугласан хүмүүс аврах ажиллагаанд их саад учруулж байсан гэсэн. Яагаад тэр вэ?

-Бид тайвшруулж, боломж олдвол алхам алхмаар дөхөж түүнийг аврах оролдлого хийж байхад доор байсан зарим хүмүүс “Үсрээч тэгээд”, “Үсэрвэл үсрэхгүй юу” гэх мэт үгээр дайрч өнөө охиныг улам хурцалж, бухимдлыг нь төрүүлж, эгдүүцүүлж байсан.

-Аврах зориулалттай хийлдэг гудсыг хэр хугацаанд хийлдэг вэ?

-Гурван минутад л бүрэн хийлнэ. Манай ангийн хоёр дахь хэсэг гудас авчраад аль хэдийнэ хийлчихсэн байсан. Охин их бухимдалтай байсан учраас бид “Охин минь чи ийм хөөрхөн, жаахан охин байж үсэрч амь эрсдэж болохгүй” зэрэг үгийг хэлж, тамхи хүртэл өгсөн. Тайвшруулах ямар л арга байна хэрэглэж байгаа байхгүй юу. Охин жаахан тайвшраад хашгирсан хэвээр байсан. Тэгсэн гэнэт доош үсэрсэн. Ингэхдээ хийлдэг гудас руу үсэрчихсэн.

-Хийлдэг гудас дээр буусан хэрнээ бэртэл авсан гэх юм. Тийм эрсдэл байж болох уу?

-Гудаснаас хальж унаагүй. Харин дээш ойсон. Аврах хийлдэг гудас хоёр давхраас бүрддэг. Эхнийх нь арай сул хийтэй. Харин доод давхар нь маш хатуу хийтэй. Тиймээс хэт өндрөөс унасан тохиолдолд хүний биеийн жингээс хамаарч эргээд тийрэлт өгч болно.

-Охин ямар бэртэл авсан юм бол?

-Гудас дээр буунгуут манай бусад аврагч болон эмч нар анхан шатны үзлэг хийж зохих арга хэмжээг авч эмнэлэгт хүргэсэн. Охины хөл хугарсан байна лээ. Хөлийг мод тавьж боон, нуруу нугас гэмтсэн байж болзошгүй хэмээн сэрэмжилж хатуу биет барьж боолт хийдэг. Энэ төрлийн тусламжийг үзүүлж дараагийн арга хэмжээг авч эмнэлэгт хүргэж өгсөн.

-Охин юунаас болж амиа хорлохыг оролдсон бэ. Та мэдсэн үү. Дээвэр дээр энэ талаар юм хэлсэн үү?

-Нарийн юм яриагүй. “Би ийм амьдралтай яаж амьд явах юм бэ”, “Надад амьдрах утга алга” гэж байсан. Ар гэрийнхэнтэйгээ л маргалдсан шиг байна лээ. Би өмнө нь хэд хэдэн иймэрхүү аврах ажиллагаанд явж үзсэн. Ихэнхдээ л ар гэрийн асуудлаас болж, ар гэрийнхэнтэй ам зөрснөөс болж ийм үйлдэл гаргадаг шиг санагддаг. Гэхдээ тэр хүнийг бид шалгаах эрхгүй. Хамгийн гол нь ярилцаж тайвшруулах, энэ хооронд бусад аврагчид дараагийн арга хэмжээг авах үүрэгтэй ажилладаг. Өндрөөс үсэрч амиа хорлохыг оролдож буй хүмүүсийн дийлэнх нь сэтгэл зүйн хувьд маш хэцүү байдаг. Хэр барагтай хэлж буй зүйлийг хүлээж авдаггүй.Харилцан ярьж тайвшруулах л чухал.

-Дээрх тохиолдолд охиныг согтууруулах зүйл хэрэглэсэн гэж яриад байгаа?

-Магадгүй. Гэхдээ бид үүнийг тогтоодог хүмүүс биш шүү дээ. Ямар ч байсан сэтгэл хөдлөл ихтэй байсан. Ер нь сүүлийн үед амиа хорлолт их залуужиж байгаа. Ихэнх нь өсвөр насны охид. Тэдний хувьд амьдрал нь ид цэцэглэх нас. Уурлаж, бухимдана гэдэг цаг хугацааны л асуудал. Гэтэл юун түрүүнд амиа хорлоно гэх болж. Мэдээж энэ хүрээлэн буй орчноос, үзэж буй кино, нийгэмшилтэй л холбоотой. Эцэг, эхчүүд ялангуяа өсвөр насны хүүхдүүдээ байнга хараа хяналттай байлгах ёстой. Таны охин, хүү хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж явааг та мэддэг байх хэрэгтэй. Дээрх тохиолдолд гэхэд л гэр бүлийнхэн нь ийм эрсдэлтэй үед тэнд байгаагүй. Тиймээс янз бүрийн ааш зантай хүмүүс охины сэтгэл зүйд их сөргөөр нөлөөлж байх жишээтэй.

-Амиа хорлох тохиолдол ихэнхдээ архи, согтууруулах ундаатай холбоотой гэж ярьдаг?

-Миний очиж байсан ихэнх дуудлагад архи, согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Нэг удаа Баянхошууны нутаг дэвсгэрт өндөр хүчдэлийн шон дээр согтуу хүн гарчихсан ойртохоор шил шидээд “Би үсэрлээ”, “Үхлээ” гээд болдоггүй. Тэгсэн удсан ч үгүй уусан архиндаа тасраад унтаад өгсөн. Дээшээ авирч гарахад шон түшээд унтчихсан, жаахан эвгүй хөдлөхөд л унах аюултай байсан. Зарим тохиолдолд хэт их хэмжээний архи хэрэглэхээр хүн хийж байгаа үйлдлээ хянах чадваргүй болдог. Энэ үедээ элдэв араншин гаргадаг. Гэхдээ иргэд ийм тохиолдолд ихэнхдээ цагдаагийн байгууллагад дуудлага өгдөг. Цагдаагаас харьяа дүүрэг, тэгээд манай онцгойд гээд цаг алддаг. Хоёр ч тохиолдолд цаг алдсанаас болж өндрөөс хүн унаж амиа алдсан байсан. Их харамсалтай.

-Та хичнээн жил аврагч хийж байна вэ?

-Би 12 жил ажиллаж байна. Дашрамд хэлэхэд өнгөрсөн хугацаанд хамтран ажиллаж олон хүний алтан амийг аварсан хамт олон, аврагч ангийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *