Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

АН-д шинэ салхи сэвэлзэх цаг болжээ

Ардчилсан нам авсанд ороогүй байлтай, арай дэндүү нам гүм байна аа. Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-нд АН-ын ҮЗХ хуралдана гэсэн мэдээлэл сайтаар хальт мулт үзэгдээд алга болов. ҮЗХ-ны гишүүдээс сураглавал “Албан ёсоор хурал болох мэдээлэл бидэнд ирээгүй ээ. Ер нь хэдийд болох чиг ч алга байна” гэцгээж байна. АН-аас нэр дэвшсэн гишүүдийн viber группт энэ талаар нэгнээсээ чиг сураг асууж, албан мэдээлэл үгүй учраас сүүлд нэгдэж цуглаад байгаа залуучууд зориуд ийм мэдээлэл гаргасан байж болох юм хэмээн тааварласан шигээ байж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд ар далаараа тавиулсан улсууд ялагдлын шокноосоо гарах цаг болчихмоор юм даа. Цаана чинь дараагийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдчихээд байхад.

Унасан бол дээлээ нэг гөвж, шороогоо унагаж хаячихаад урагш харан цаашдын зам мөрөө бодох цаг иржээ, АН-ын ах нар аа. Одоогоос арав гаруй жилийн өмнө улс төрийн чиглэлээр анх бичиж байхдаа нэгнээсээ тамгаа авч зугтсан АН-ын дарга нарын талаар АН-ын ах нар аа гэж хандаж байгаад “Тамгатай тамгагүй хутагтууд” гэж бичиж байсан маань санагдаж байна. Одоо дахиад л АН-ын ах нар аа гэж бичиж байгаа нь өнөөх л хэд энэ намдаа хэвээр, шинэ үеэ ч хүлээн зөвшөөрдөггүй, оруулдаг ч үгүй, буглаж бугшсан мэт салахгүй намаа ч өөд нар харуулалгүй байлгасаар ирснийх биз ээ. 2004, 2008 оны сонгуулиар ардчиллынхныг дэмжиж байсан сонгогч олны дэмжлэгийн давалгаа далай мэт нэгдэж 2012 оны сонгуулийн үр дүнд АН-ынхан хамтраад болов Засгийн эрхийг барих болсон билээ. Гэвч дөрөвхөн жилийн дараа дүгнүүлэхдээ ёстой далан таваар хусуулав. МАН-ынхан жаран таваараа ялсандаа харамсангуй суугаа нь үнэн юм. Үнэн хүчийг үзэж ялж гарч ирсэн гэх ямар ч таашаал байхгүй, бүгд бор халзан зүстэй болсондоо дургүйцэх нь хэр. Дээрээс нь бүгдээрээ шахам УИХ-д ороод ирсэн болохоор нөгөө яриад байсан Мэргэжлийн энэ тэр Засгийн газраа байгуулах талаар мөрөөдөх ч аргагүй болчихсон. МАН-ыг баярлахаас нь шаналах болтол нь ялагдсан өнөөх АН-ынхан маань хаана байна вэ. Ер нь АН гэж юу юм, хэн юм бэ. Хорь гаруй жилийн өмнө хоёр, гурван удаа жагсаал хийгээд ардчилагч гэсэн насан туршийн нэр зүүгээд АН-ыг байтугай Монголын ардчиллыг өмчилж авсан тэр хүмүүс шинэ үе, шинэ урсгалд орон зайгаа тавьж өгөхгүй байсаар байх уу.

АН-ын өнөөгийн байдлыг шинжвэл ерөнхийдөө хоёр хэсэгт хуваагджээ. Баабар, Да.Ганболд, Э.Бат-Үүл гээд шинэ үеийг хүлээн зөвшөөрч, шинэчлэл өөрчлөлтийг хийж намаа, ардчиллаа аврах хүсэлтэй нь байна. Нөгөө талд намын эрх мэдлийг ашиглаж, авч ирсэн зангаараа бүлэг фракцид хувааж талцуулж чаддаг юм бол булаагаад ав гэх зуумхай нөхөд ч байна. Тэдний хувьд өнгөрсөн дөрвөн жилд эрх мэдэлтэй, удирдах албан дээр байсан улсууд. Тиймээс аль болох эрх мэдлээс салахгүй байхын тулд фракцийн тэмцлээ үргэлжлүүлэх хүсэлтэй. Ядаж байхад гэгчээр, АН-аас УИХ-д сонгогдсон гарын хуруунд багтах гишүүд нь бүгд нэг нэг фракцийн төлөөлөл. Тиймээс “Шонхор”-оос С.Эрдэнийг, МҮДН-аас Д.Эрдэнэбатыг, “Алтан гадас”-аас Я.Санжмятавыг, МоАН-аас Л.Болдыг намын даргад дэвшүүлнэ гэж байхав. Ардчиллыг АН гэж хардаг, АН-тай холбож ойлгодог олон мянган хүн бий. Тэр олон хүний итгэл үнэмшил дээр өнөөдрийн АН өндийж боссон юм. Тиймээс АН муу явах нь Монголын ардчилал үнэгүйдэж, цэнэгүйдэхэд хүрээд байгаа учраас АН-ынхан та нар муу байж болохгүй байна. Ардчилал бол нам дагасан та нарын биш Монголын иргэдийн, монгол түмний өмч.

Тиймээс АН-ынхан та нар арчаатайхан шиг байж, бүлэглэл фракциар хуваагдаж, гэдсэндээ хөлөө жийлцэж суулгүй ардчиллын үнэ цэнийг өргөх үүрэг хүлээсэн гэдгээ ойлгомоор юм даа. Ардчиллын мөн чанарыг Ардчилсан нэртэй намдаа шингээж, үйл хэрэгтээ харуулмаар байна. МАН-ыг ерэн жилийн настай, хөгширч өтөлж байгаа гэж шүүмжилдэг мөртлөө АН-ын гишүүд нь ерээд онд л байснаасаа хойш салхи оруулсангүй. Одоо зайгаа тавьж өгөх нь өгөөд, шинэ үеэ гар тосон угтаж, шинэчлэл уламжлалыг хослуулж урагшлах цаг чинь болжээ. АН-ын ҮЗХ жилд хоёр удаа хуралдаж, жил бүр 1/3-ээр ротацийн сонгууль хийж шинэчлэгдэж байх ёстой ч сүүлийн долоон жил ийм шинэчлэлийн зий ч дуулдсангүй. Ерөөсөө л шинээр хүмүүс оруулж хуучнаа хөдөлгөвөл намын даргын зангидаж байгаа хүчний харьцаа уначих гээд байдаг учраас болгоомжлоод хийдэггүй. Үр дүн нь өвгөрч хөгширч байгаа АН сонгуульд ялагдаж, үржиж шинэчлэгдсэн МАН өөрсдийнхөө олноос ичмээр ялж байх юм. МАН-ын байгуулсан Засгийн газарт нь 50-иад оны нэг ч сайд байхгүй байна гэж байна. Хамгийн хөгшин нь гэхэд 1962 оны ЭМ-ийн сайд байв уу даа. Ерөнхий сайд нь гэхэд 1973 оны Ж.Эрдэнэбат. АН-ынхан сөрөг хүчний үед бүлгийн дарга хийж байсан Л.Гансүхээ фракцийн зодооноосоо болж шоронд илгээж байхад МАН-ын бүлгийн дарга нь идэр залуу, эрч хүчтэй Хууль зүйн сайд болоод явж байх жишээтэй. Ийм л ялгаа эрхгүй харагдаад байгаа юм. Гэтэл АН-д эрч хүчтэй, идэр залуу нь хэн юм бэ. Хамгийн залуу гэгддэг Х.Тэмүүжин нь 1971, Л.Гантөмөр нь 1973 оных шүү дээ. Тэгээд хамгийн галтай, хамгийн ширүүн тойрог руу нутаг зааж явуулаад унагачихаж байж жишээтэй. Тэд намдаа залуу гэж дандаа дарагдана. Гэтэл улс төрд залуу, туршлагагүй гэж хэзээ ч хэлэгдэж, харагдаж байгаагүй Ж.Мөнхбат гэхэд 1979 оных. Одоо тэгээд Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга болж кабинетийнхаа залуу гишүүн нь гэгдэж байна. Ийм нэг ялгаа байна аа.

ҮЗХ-гоо хуралдуулахгүй долоон жил хав дарсных өнөөдөр АН-д танигдсан залуу улстөрч хэн байгаа юм бэ. Гэтэл МАН 1987 оны залууг Хэнтий рүү явуулаад аймагтаа шаггүй ажил хийсэн гэгдэж байсан аймгийн дарга Ж.Оюунбаатарыг шороо үмхүүлж, 29 настай УИХ-ын гишүүнийг төрүүлж байна. Уг нь АН-ыг гэсэн сэтгэлтэй, ардчиллыг үнэт зүйлээ гэж үздэг олон залуус бий. Гэвч тэд ерээд оны залуус, өнөө цагийн зайгаа тавьж өгдөггүй хайрцагласан өвгөчүүдээс болж ардчиллаас эрхгүй зугтахад хүрч байна. Уг нь АН-д тордоод дэмжээд өгвөл Х.Тэмүүжин, Л.Гантөмөрөөс гадна чадалтай залуус мундахгүй. Өнгөрсөн сонгуулиар Чингэлтэйд нэр дэвшсэн О.Эрдэнэбулган гэхэд шинэ цагийн улстөрчийн үнэрийг ханхийлгэсэн гэсэн. Юм амлахгүй, хэн нэгнийг муулахгүй бодлого ярьж, тараах материал нь ч худал магтаал агуулаагүй сонгодог загвар болохоор байсан гэж олон хүн ярьж байв. Гэвч сонгогчдын түвшинд өрсөлдөгч Засаг даргын мөлхөө сүлжээ арай ойр буусан байх. Төв аймагт ч гэсэн өрсөлдөгч намынхаа дарга нарт өгөөш хаяж өгч байгаа шиг залуу бүсгүйчүүд явуулахын оронд Төрийн банкны ТУЗ-ийн дарга Ц.Тувааныг явуулсан бол өөр дүн гарах байсан гэх хүмүүс бий. Тэрбээр АН-ынхны сонгуульдаа барьж орсон Сайн малчин, Сайн хувьцаа, Сайн хашаа гээд гол бодлогуудын цаад автор гэгддэг. БГД-т УИХ-ын даргын тойрогт бие дааж нэр дэвшээд маш олон тооны санал авч чадсан гэх Хассуурийн Ганхуяг гэхэд АН-д явж байсан залуу. Салхи оруулдаггүй, залуусаа дэмждэггүй болохоор АН-аас гарахад хүрсэн ийм өч төчнөөн залуус бий. Гэхдээ л тэд далаад оныхон. Гэтэл АН-д ная, ерээд оныхон гэж байна уу. ҮЗХ-ны ротацийн сонгуулийг хав дарж, үмхийрүүлсний үр дүнд шинэ үе, шинэ давалгаа АН-д байхгүй болжээ. Намаа өөрчилж, намаа сайжруулж шинэчилж авахын оронд “Чаддаг юм бол мөргөөд ав л даа” гээд сууж байна. Зуумхай нэг хэсэг нь ингэж зууралдаж байхад, өөрчлөгдөх ёстой, зайгаа тавиад өгье гэх дэвшилтэт хэсэг нь байна. Гэхдээ тэд даанч цөөхөн юм. Баабарын хэлсэнчлэн АН-ын ялагдал шинэ шинэ бололцоо авчирч байгаа нь үнэн. Гэхдээ өнгөрснөө үгүйсгэхгүй, шинээ хүлээн зөвшөөрч залгамж чанараа хадгалан тэд намаа авч үлдэх ёстой. Шинэ залуу хүмүүс АН-ыг өөрчлөх шинэчлэх тухай ярьж байна. Энэ бол яригдах зүй ёсны асуудал. Өнгөрсөн жилүүдэд тэгэх гэж үзсэн залуус үйлээ үзэж байсныг бид мэднэ. Гэхдээ өөрчлөлт шинэчлэлт ярьж байгаа залуусын дотор руу өнгийгөөд үзэхэд өнөөх л хуучны хэдийнхээ гар хөл болж яваагүй, жинхэнэ энэ намын төлөө сэтгэлээр зүтгэж байх учиртай. Ардчилалд итгэдэг, дагаад АН-д саналаа өгдөг иргэд олон. АН-ынхан ялсан шиг ялна гэсэн хэмжээгүй их тэнэглэлээрээ пропорциональ агуулсан холимог тогтолцоогоо мажоритор болгоод ялагдсан шиг ялагдсаны цаана ардчилалд саналаа өгсөн ард түмний санал гээгдэж хоцорсон. Тэр саналаа хаа нэгтээгээс олж чадахгүй байгаа хүмүүс ирэх орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиж байгаа. 330 сум, дүүргийн 150-иад иргэдийн төлөөлөгчийг сонгох асуудал дээр тэд гээгдэж хоцорсон саналыг тэнцүүлэхийг оролдож таарна. Цаашлаад АН-ынхныг Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчээ тодруулахдаа алалддаг шигээ алалцаад байлгүй, эртхэн шиг зүг чигээ олсон байгаасай гэж хүсч байгаа юм. Дандаа л хоорондоо толхилцож, муу муухайгаа дуудалцдаг танай намын өрсөлдөгч хэдийнэ тодорчихоод байгаа шүү. Эцэст нь хэлэхэд Монголын ардчилал бол АН-ын өмч биш, ард түмний өмч. Ард түмний ардчилалд итгэдэг итгэл сэтгэл дээр ус цацаж, мөс болгож гулгаж тоглохоо болиорой. АН-д шинэ салхи сэвэлзэх цаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *