Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадам өчигдөр буюу наймдугаар сарын 7-нд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Даншиг наадмын хүчин бөхийн барилдаанд даншгийн арслан Р.Пүрэвдагва, заан Б.Гончигдамба, өсөх идэр начин Ц.Содномдорж, тэргүүтэй хүчит 256 бөхийн барилдаан сугалаагаар таарч барилдсан билээ. Даншгийн арслан Р.Пүрэвдагва хоёр дахь удгаа түрүүлж даншгийн аварга цол хүртсэн. Энэ үеэр шинээр даншгийн өсөх идэр начин цол хүртсэн Монгол Улсын заан Мөнхсайханы Өсөхбаяртай ярилцлаа.
–Юун түрүүнд даншиг наадамд урамтай сайхан барилдаж өсөх идэр начин цол хүртсэнд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Намрын эхэн сарын энэ өдөр даншиг наадмын чимэгтэй начин цол хүртсэндээ баяртай байна. Эрт үеэс уламжлагдаж ирсэн шашин, соёлын наадамд оролцлоо. Өнөөдөр миний хувьд хүнд барилдаанууд хийлээ.
-Өнгөрсөн жил даншиг наадамдбарилдаж тавын даваанд унаж байсан. Энэ удаад ямар бөхчүүдтэй сугалаагаар таарч барилдав?
-Өнгөрсөн жилийн даншиг наадамд тавын даваанд сугалаагаар Архангай аймгийн Булган сумын харьяат даншгийн арслан болсон Р.Пүрэвдагватай барилдаж, тахим өгсөн юм. Харин энэ жилийн даншиг наадмын гурвын даваанд сугалаагаар Завхан аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Л.Лха-Очиртой таарч, даваад, тавын даваанд сугалаагаар Өвөрхангайн Өлзийт сумын харьяат улсын начин Л.Батзоригоор тав давж даншгийн начин хэмээх цол хүртлээ.
-Энэ сар гарсаар халуун өдрүүд үргэлжилж байна. Наадмын өдрүүдэд зүлэг ногоон дэвжээн дээр барилдаж буй бөхчүүд нартай өдөр барилдахад хэцүү байх уу?
-Тэгэлгүй яахав. Үнэхээр хэцүү. Өрсөлдөгч бөхтэйгөө хүч, бяраа гарган ноцолдох үед хөлс гарч, ядрах байдал үүсдэг. Наадмын өдөр их халуун байх нь бас л хэцүү дээ. Улсын баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд халуун өдөр барилдахад их хэцүү. Учир нь дэвжээ нь хиймэл ногоо байдаг юм билээ. Наранд хиймэл зүлэг халж, их муухай үнэртдэг. Энэ бүгдийг цаашид баяр наадам зохион байгуулж буй салбар хороо анхааралдаа авах байх аа.
– Таны хувьд энэ жилийн наадмын онцлог юу байв?
-“Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадмыг зохион байгуулж байгаа бурхан шашны байгууллагууд болоод бусад газрууд өндөр түвшинд зохион байгуулж байгаа нь харагдаж байна. Мөн гадаадын жуулчид их ирсэн байна. Энэ бүх хүмүүст Монгол Улсын баяр наадам ямар болдог талаар маш сайн сурталчилж байгаа байх. Даншиг наадам сугалаагаар таарч барилддаг болохоор шударга барилдаан болдог. Ёстой л үнэн хүчээ үзэж, уран барилдаан гаргаж барилддаг онцлогтой. Миний хувьд энэ удаагийн даншиг наадамд гэр бүлээрээ ирж оролцож байна. Сайхан наадам боллоо.