Categories
мэдээ спорт

ОУХМ Д.ТөмөрхүлэгVII байр эзлэв

“Рио-2016” олимпийн наадмын хоёр дахь өдрийн байдлаал манай улсын баг тамирчид ширүүн өрсөлдөж байна. Тухайлбал жүдо бөхийн эрэгтэйчүүдийн ангиллын 66 кг-ын жинд ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо, “Женко” клубийн тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг өрсөлдөж “С” хэсгийг тэргүүлэн барилдахдаа Өмнөд Африкийн бөх Хамад Сулаймантай эхний тойрогт учраа таарч вазари үнэлгээгээр өрсөлдөгчөө буулган авав. Хоёр дахь барилдаандаа Алжирын тамирчин Хоуд Зоурданитой оноолт тааран барилдаж, ялж, улмаар Италийн бөх Фабио Басилетэй барилдаж, хоёр вазари үнэлгээ алдан, ялагдал хүлээсэн юм. Ингэснээр манай тамирчин дагах барилдаан хийхээр болж байна. Канад улсын тамирчин Бочард Антуантай барилдаж, вазари үнэлгээгээр ялагдаж, долоодугаар байранд орсноор тэмцээнээ өндөрлүүлэв. Энэ жингийн аваргаар Итали улсын тамирчин Фабио Басиле тодорч, алтан медалиар энгэрээ мялаасан бол БНСУ-ын тамирчин Ан Баул мөнгөн медалийн эзэн болсон. Хүрэл медалийг ОХУ-ын тамирчин Ришод Собиров, Япон улсын бөх Масахи Ибинума хүртээд байна.

Харин Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болсон. Энэ жинд манай улсаас оролцсон ОУХМ А.Цолмон эхний тойрогт АНУ-ын тамирчин Анжелика Делгадотой барилдан эхний ялалтаа авсан. Тэрээр өрсөлдөгчөө вазари үнэлгээгээр ялснаар анхны олимп дахь эхний ялалтаа авсан юм. Харин хоёр дахь тойрогтоо олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, нэг мөнгөн медальт Японы алдарт бөх Мисато Накамуратай оноолт таарч, ялагдсан.

Ингэснээр А.Цолмон тэмцээнээ өндөрлөсөн. Харин энэ жингийн аваргаар Косовогийн тамирчин Мажлинда Кэлмэнди тодорч, аваргын алтан медаль хүртсэн юм. Итали улсын бөх Гюфрида Одет мөнгөн медаль, Япон улсын тамирчин Мисато Накамура, ОХУ-ын тамирчин Наталья Кузютина нар хүрэл медалийн эзэн болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *